САР БҮРИЙН НЭГ ӨДРИЙГ БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ӨДӨР БОЛГОНО
Нийслэлийн 377 жилийн ойн баярыг угтан Хотын Ерөнхий менежер удирдамж гарган Улаанбаатар хотын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт,цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлсэн билээ. Энэ ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалга, голын ай сав дагуу болон зуслангийн бүсэд үүссэн 19295.13 тонн хог хаягдлыг 7483 байгууллагын 21893 хүн оролцон цэвэрлэжээ.
Ажлын нэгдсэн дүнг танилцуулах хурлын үеэр Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр "Нийслэлийн хэмжээнд сар бүрийн нэг өдрийг бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр болгоно. Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах ажлыг тогтмол зохион байгуулж, ажил хариуцсан байгууллага, ажилтнуудтай сард нэг удаа уулзан асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэдэг болно. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллан, аж ахуйн нэгжүүдийг орчныхоо 50 м газрыг тогтмол цэвэрлэдэг тогтолцоонд шилжүүлнэ. Цаашид хог хаягдлыг багасгахад хувь нэмэр оруулдаг иргэдийн бүлгийг үргэлжлүүлэн ажиллуулж, шаардагдах төсөв хөрөнгийг НИТХ-аар батлуулахад анхаарч ажиллах болно. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд, иргэдийн бүлэг хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Б.Орхон
olloo.mn