Сургуулийн алга дарам газрыг төрийн байгууллага булаасан уу

743

Сургуулийн алга дарам газрыг төрийн байгууллага булаасан уу

 

Улсын хэмжээнд ганцхан байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай сургуулийн газар дээр зөвшөөрөлгүй барилга барихаар

 

завдсан гэх мэдээлэл ирэв. Мэдээллийн дагуу бид 100 айлд байрлах тус сургуулийг зорилоо. Машин зөрөх зайгүй нарийн гудамжаар хүрч очих сургуулийн хашаанд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 186 дугаар цэцэрлэг гээд гурван байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

 

Биднийг очих үеэр барилгын компанийн ажилтнууд сургуулийн үүдэнд ямар нэг зүйл хүлээж байгаа бололтой сууцгааж байлаа. Сургуулийн үүдээр ормогц хана даган тэмтэрч яваа дунд ангийнхантай таарав. Тэднээс захирлынх нь өрөөг лавлаад, үүссэн асуудлыг тодруулахаар 116 дугаар сургуулийн захирал Э.Энхзултай уулзсан юм.

 

Тэрбээр "Манай сургууль болон 29, 186 дугаар цэцэрлэг гээд гурван байгууллагын эдэлбэр газрын гэрчилгээ 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг. Манай сургууль дотуур байргүй. Тиймээс бид сургуулийнхаа зүүн талд 320 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр, спорт заал, хөдөлмөр дадлагын газар байгуулах зорилго тавьсан. Гэтэл энэ газар дээр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байр барих гээд өнөөдөр (мягмар гараг) барилгын компанийн хүмүүс нь ирчихээд байна.

 

Өнгөрсөн жилийн өвөл 900 ам метр талбай авсан гээд хөрсний шинжилгээ хийхээр ирэхэд нь бид энэ талаар мэдсэн. Үүнээс хойш энэ асуудлыг эсэргүүцэж, холбогдох албаны хүмүүст албан бичиг явуулсан. Гэсэн ч өнөөдрийг хүртэл дорвитой шийдвэр гараагүй байна. Хамгийн гол нь олон хүүхдийн сурч боловсрох эрх хөндөгдөж байгаа учир зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.

 

116 дугаар сургууль дотуур байргүй учраас хичээлийн зүүн талын жигүүрийг дотуур байр болгожээ. Харин хүүхдүүд баруун талдаа хичээллэдэг аж. Тус сургуульд харааны бэрхшээлтэй 103 хүүхэд суралцдагаас 50 хувь нь хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн байна. Нийт сурагчдын 36 хувь нь тэг буюу огт хараагүй хүүхдүүд. Харамсалтай нь, сургуулийн зориулалтаар ашиглах ёстой танхимыг 60 хүүхдийн хүчин чадалтай дотуур байр болгосон учир анги танхим хүрэлцдэггүй. Нэмээд 15 хүүхэд дотуур байранд амьдрах шаардлагатай байгаа аж. Үүгээр зогсохгүй эрэгтэй хүүхдийн тоглоомын өрөөг тасаг болгож, нэмж хүүхдүүд бүртгэж авсан байна.

 

Цаашид ч хөдөө орон нутгаас хүүхдүүд шилжин ирвэл дотуур байр хаанаа ч хүрэлцэхгүй байдалд тулжээ. Бусад сургуулийн адил өдөр өнжүүлэх нээх хүсэлтийг эцэг эхчүүдийн зүгээс тавьсан ч өрөө тасалгаа хүрэлцэхгүйн улмаас зарим хүүхдүүд автобус дамжин, хүний хөлд үрэгдэх шахам байж явж байгааг тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл ярилаа. Энэ талаар "Авьяаслаг монголчууд” шоунд оролцсон А.Сайханцэцэг охин ч ярьж байсныг уншигч та санаж буй биз ээ.

 

 

Тэрчлэн сургуулийн спорт заал хуучирч муудсанаас стандартын шаардлага хангадаггүй учир сурагчид биеийн тамир, спортоор хичээллэж чадахгүй байгааг захирал хэллээ. Энэ мэт зовлон олон байгааг удирдлагууд учирлаж байна. Уг нь сургуулийг дотуур байртай холбосон барилга барих хамгийн тохиромжтой газар нь энэ. Тиймээс л дотуур байр барихаар зорьсон алга дарам газрыг нь төрийн байгууллага авчихсан булаацалдаж суугаад тэд ундууцаж байна.

Гурван байгууллагын нийт 24490 ам метр бүхий газрын талбайн зөвшөөрөл 29 дүгээр сургуулийн нэр дээр байдаг аж. Тус сургуулийн захирал Б.Батсайхан "Анх манай хүүхдүүдийг хамгаалах чиг үүрэг бүхий нийгмийн халамжийн төв байгуулна гэж хэлээд биднээс зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулсан. Харин өнөөдөр анх ярьж байснаасаа зөрж, зориулалтыг нь тэс өөрчилж, Сүхбаатар дүүргийн

 

Нийгмийн даатгалын хэлтэс байгуулахаар болчихлоо. Манайх руу машин орох гарц муу. Хэрэв энэ байшинг баривал автомашин болон иргэдийн урсгалаас эхлээд олон хүндрэл гарна. Цаашлаад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ орчинд байдаг учир тэдний аюулгүй байдал ч яригдана. Мөн манай газраас 900 ам метр газрыг өөр байгууллагад шилжүүлсэн гэж байна. Гэтэл энэ талаар бидэнд огт мэдээлээгүй, төдийгүй кадастрын зургаас ч хасаагүй байна. Одоо манай гэрчилгээ, газар эзэмших гэрээ анхныхаараа байгаа. Хэрэв үнэхээр хассан бол ядахдаа шинэ гэрчилгээ гарах ёстой шүү дээ” гэлээ.

116 дугаар сургуулийн зүүн талын хэсгийн 900 ам метр талбайд барилга барихаар "Кий пропертиз энд констракшн” ХХК 2015 оны долдугаар сарын 20-нд тендерт шалгарчээ. Тус компанийг барилга барихаар ирэхэд нь сургуулийн зүгээс холбогдох газруудад хандсан учир түр хүлээх хүсэлт тавьсан аж. Гэсэн ч ямар нэг хариу ирээгүй учир тус компанийн хүмүүс мягмар гарагт захиалгын дагуу барих барилгын газраа хашаалахаар ирсэн нь энэ юм байна. 116 дугаар сургууль дээр ирсэн барилгын компанийн төлөөллийн гурван хүнээс энэ талаар тодруулахад "Бид ярилцлага өгөх эрхгүй. Захиалагч тал болох Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалынхнаас асуух нь зүйтэй. Бид зөвхөн гүйцэтгэгч тал учраас ажлаа хийхээр ирээд байна” гэсэн тайлбар өгсөн юм.

 

Сүхбаатар дүүргийн Нийг-мийн даатгалын хэлтсийн хуучин байр НҮБ-ын урд талд байсан. Харин тус газрын барилгыг буулгаж, Сүхбаатар дүүргийн ЗДТГ АНУ-ын Эл-чин сайдын яамны урд талын шинэ байранд орчихож. Гэтэл нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээлснээр Нийгмийн даатгалын хэлтэс байрлах байргүй болсон учраас ийнхүү сургуулийн газраас "хумслан” барин, Нийгмийн даатгалын хэлтсийн байрыг 1.3 тэрбум төгрөгийн өртгөөр барих гэж байгаа тухай ярилаа.

 

Харин хуучин барилгын газрыг ямар зориулалтаар ашиглах талаар албаны хүнээс тодруулсан ч тодорхой мэдээлэл өгөөгүй юм. Тиймээс бид удахгүй тус газрыг ямар зориулалтаар ашиглах гэж сургуулийн газраас авахаар болсон талаар эргэж тодруулан мэдээлэх болно.



[ЗГМ]

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>