"Энэ жил хүнсний улаанбуудай, төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах ургац хурааж авлаа"

260

 

Ургац хураалтын дүнгийн талаар ХХААХҮЯ-ны Газар тарилангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

-Ургац хураалтын дүн гарсан байна. Төлөвлөсөн хэмжээнд  ургацаа хураан авч чадсан уу?

-2016 оны ургац хураалтын дүн ерөнхийдөө гарч байна. Улсын хэмжээнд нийтдээ 475,8 мянган га талбайд үр тариа,  үүнээс 460.7 мянган тонн буудай, 153.7  мянган тонн төмс,  93.5 мянган тонн хүнсний ногоо хурааж авлаа. Ингэснээр хүнсний улаанбуудай, төмсний дотоодын нийт хэрэгцээг 100 хувь хангах ургацыг хурааж авсан гэсэн үг юм. Өмнө нь хүнсний ногооны хэрэгцээний 40-50 орчим хувийг хангаж ирсэн. Энэ жилийн хувьд 54 хувийг хангахуйц хэмжээний хүнсний ногоог хурааж авлаа. Ирэх хаврын тариалалтад аж ахуй нэгжүүд үр тариагаа тодорхой хэмжээнд нөөцөлж авч үлддэг.

Энэ жилийн хувьд аж ахуйн нэгж, иргэд 45.5 мянган тонн үр нөөцөлсөн, ОБЕГ 1,300 гаруй тонн үрийн буудай,  Тариалан эрхлэлтийг дэмжих сан 2,000 гаруй тонн үрийн буудаг нөөцлөхөөр бэлтгэл ажлаа хангаад явж байна. Аж ахуйн нэгж, иргэд 388.9 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсэн нь өндөр үзүүлэлт юм.  Энэ нь ирэх хавар тариалалт өмнөх жилүүдээс илүү их байх гэсэн тооцоо судалгаа гарч байгаа юм.

-Ес, аравдугаар сард хур тунадас их орсон нь ургац хураалтын дүнд сөргөөр нөлөөлсөн үү?

-Энэ намрын ургац хураалт цаг агаарын хүнд нөхцөлд явагдлаа. Есдүгээр сарын сүүлийн арав хоног хур тунадастай, 10 дугаар  сард газар тариалангийн төвийн бүс нутагуудаар хур тунадас, нойтон цастай байсан нь тодорхой хэмжээний хаягдал үүсгэх, ургац хураалтын ажлыг хугацааг хойшлуулах зэрэг асуудал үүссэн. Гэхдээ ургацаа  алдахуйц хэмжээнд хүрээгүй. Ургац хураалтын  урьдчилсан балансаар 480 орчим мянган тонн хүнсний улаан буудай хурааж авна гэсэн тооцоо гарсан байснаас 460 мянгыг хураан авлаа. 

-Хүнсний улаанбуудайн борлуулалтын ажил хийгдэж дууссан уу?

-Борлуулалтын ажил дуусч байна. Хүнсний улаанбуудайг Тариалан эрхлэлтийг дэмжих сан 65 мянган тонн, гурил үйлдвэрлэгчид  220 мянган тонн, спиртний үйлдвэрт 10 мянган тонн, тэжээл үйлдвэрлэлд 14.2 мянган тонн борлуулалт хийгдээд байна.

Манай улсын жилийн хэмжээ 320 мянган тонн гэж тооцвол 30-40 мянган тонн буудай илүү гарч байгаа. Үүнийг аж ахуйн нэгжүүд өөрсдийн савны багтаамж боломжоо ашиглан нөөцөлж  байгаа. Энэ нь жилийн турш борлуулалт үргэлжилнэ гэсэн үг.

 

Эх сурвалж: ХХААХҮЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.