ШИНЭ ЦАГИЙН ЖИГМЭДҮҮД

648
 ШИНЭ ЦАГИЙН ЖИГМЭДҮҮД
Өнө эртний түүхт Монгол бөхийн  алдаа, оноо, гайхамшигийг харуулсан "Гарьд магнай” МУСК-г манайхан андахгүй. Кинонд өөрөөсөө доогуур цолтой, хүч чадал муутай залуу бөхчүүдэд эр бяраа гайхуулж, ёс жудаггүй зан гаргадаг авир зан муутай, овилгогүй Жигмэд гэх бөхийн дүр гардгийг уншигчид санаж буй биз ээ. Монгол бөхөд түүн шиг хүн бүү төрөөсэй гэсэндээ киног бүтээсэн нь лавтай. Ерөөс жудаггүй зан гаргадаг бөхчүүдийг Жигмэдээр төлөөлүүлсэн нь энэ.

Тэгвэл орчин цагт залуу бөхөд аархаж, өндөрт өргөж шидэх, цаашлаад хүндээр бэртээх, дахин барилдаж чадахгүй болтол нь зүрх зоригийг нь мохоох, гэмтээх  дуртай Жигмэдийн явуургүй занг гаргах бөхчүүдийн тоо өдрөөс өдөрт олширч байна. Бүр улсын дээд цолонд хүрч, олны хайр хүндлэлийг хүлээсэн бөх хүртэл энэ занг гаргаж, бөх сонирхогчдоо гонсойлгож байна.

Тодруулбал өнгөрсөн амралтын өдрүүдэд  баяр наадмын барилдаанаас хойш болоогүй томоохон барилдаан Монгол бөхийн өргөөнд болж өнгөрлөө. МУ-ын шинэхэн аварга Ч.Санжаадамба, шижигнэсэн  залуу арслангууд П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Б.Пүрэвсайхан, харцага Ц.Содномдорж, Т.Баасанхүү олимпийн аварга, улсын харцага Н.Түвшинбаяр хүртэл барилдаж бөх сонирхогчдоо баярлуулсан.  Ёстой л нөгөө уран мэхийг уралдуулан хийж барилдаж,  бөх сонирхогчдын таамгийг будилуулсан барилдаан болж өндөрлөсөн. Улс тунхагласны ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, П.Бүрэнтөгс арслан үзүүрлэсэн.

Харин уг барилдаанд түрүүлсэн Санжаа аваргын нэгийн давааны барилдаан бөх сонирхогчдын дунд нэлээд маргаан дэгдээж орхилоо. Ааг бяр нь амтагдсан аварга өөртэй нь учраа таарсан залуу бөхийг өндөрт өргөж, толгойгоор нь газарт шидэж,  ёстой л дээр дурдсан киноны дүр Жигмэд гэлтэй харагдсанд дургүйцсэн үзэгчид "Шинэ цагийн Жигмэд” хэмээн нэрлээд амжив. Түүний мэхийг Монгол бөхөд "тумбарайтах” гэж хэлдэг аж.  Гэвч бөхчүүд жудаг заан уг мэхийг төдийлөн хийгээд байдаггүй. Харин Ч.Санжаадамба аварга залуу  бөхөд уг мэхийг хийж, олны шүүмжлэлд өртлөө.

Энэ өдрийн барилдааны маргаан үүгээр дуусаагүй юм. Хоёр арслангийн барилдаан бөх сонирхогчдыг суудлаас нь өндөлзүүлж байсан ч барилдааны төгсгөлд тахим өгч, авалцахдаа  үл ойлголцож, энэ нь цаашлаад үзэгчдийг нутаг усаараа талцахад хүргэж,  цахим ертөнцөд томоохон хэрүүлийн алим шидэж орхисон. Нэг нэгнээ  элдэв үгээр доромжлоход хүргэх хүртэл бөхийн дэвжээн дээр асуудал үүсгэсэн П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва арслан мөн залуу бөхөд явуургүй мэх хийсэн Ч.Санжаадамба аварга нар бөх сонирхогчдоосоо уучлал гуйх нь зүйтэй биз ээ.

Саяхан бөхийн холбооны удирдлагууд бөхчүүдийн биеэ авч явах байдал, дэвжээн дээр зохисгүй авирлах байдлыг нь журамлахаар шийдвэрлэсэн. Тэгвэл  өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон барилдааны үеэр  зарим бөхчүүдийн гаргасан үйлдэлд хэрхэн хариуцлага тооцохыг  бөх сонирхогч, үзэгчид харж сууна. Энд хэдэн бөхчүүдийг нэр заан мууг үзэх гэсэндээ биш арвин их түүхт Монгол бөхөө цэвэр ариун байлгах гэсэн Монголчуудын хүсэл явж байна. Монгол бөхчүүдийн ёс жудагсэвтэж байгаа талаар  амтай болгон ярьж хэлэх болсон нь  харамсалтай биш гэж үү. Үүнийг л бөхийн дээд байгууллага засаж, залруулах хэрэгтэй байгаа юм. 


Б.Сансар
olloo.mn

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>