Трамп бизнесээ орхихоо мэдэгдлээ
Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп Ерөнхийлөгчийн ажил үүрэгтээ илүү анхаарлаа хандуулахын үүднээс бизнесээ орхино хэмээн мэдэгджээ.
Ингэснээр мөн ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэхээс сэргийлж байгаа аж. Энэ талаарх дэлгэрэнгүйг арванхоёрдугаар сарын дундуур хийхээр төлөвлөсөн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэж болно хэмээн зарласан байна. Өмнө нь тэрээр өөрийн бизнесийн эзэнт гүрэн болон Ерөнхийлөгчийн алба хоёрын хооронд ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх эсэх талаарх таамгуудыг няцааж байсан юм.
Тэрээр өөрийн твиттер хуудаснаа бизнесээсээ холдож байгаа тухайгаа зарлажээ. "Америк улсыг дахин агуу болгохын төлөө би өөрийн бизнесээ орхиж, улсаа удирдах ажилдаа төвлөрөх болсон талаар хүүхдүүдийнхээ хамт арванхоёрдугаар сарын 15-нд Нью Йорк хотноо хийх хэвлэлийн бага хурал дээрээ ярилцах болно.
Хуулийн дагуу би заавал ингэх албагүй ч, Ерөнхийлөгчийн хувьд бизнестэйгээ ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй байх нь чухал юм. Намайг бизнесээсээ бүхэлдээ холдсон гэсэн хууль эрх зүйн баримтууд бэлтгэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн ажил үүрэг бол хамгийн чухал ажил юм" гэж бичжээ.
Т.Хэрлэн