“ТАРХИН ДАХЬ БАЙРШИЛ ТОГТООГЧ” НОБЕЛИЙН ШАГНАЛ ХҮРТЭНЭ
СТОКГОЛЬМ. /ITAR-TASS/. Шведийн Стокгольм хотын Каролины хүрээлэнгийн дэргэдэх Нобелийн хорооноос физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг зарлажээ. Уг шагналын эзнээр Жон О`Киф, Норвегийн гэр бүл болох Май-Бритт, Эдвард Мозер нар тодорсон байна.
Энэ гурван эрдэмтэн "тархин дахь байршил тогтоох системийг хариуцдаг эсийг нээснийхээ төлөө” Нобелийн шагнал хүртжээ.
"Энэ жилийн Нобелийн шагнал авах эрдэмтэд орон зайд чиг баримжаагаа олох боломжийг олгодог тархины нэг төрлийн дотоод "байршил тогтоох” системийг нээсэн. Тархины мэдрэлийн эсүүд оюуны ямар нарийн үйл явц гүйцэтгэдэг болохыг тэдний судалгаа харууллаа” гэж Нобелийн хороо мэдээлжээ.
"Энэ шагналыг суурь судалгаанд олголоо. Цаашид тархины өвчнийг анагаахад уг судалгаа зайлшгүй хэрэг болно” гэж Нобелийн физиологи, анагаах ухааны салбар хариуцсан хорооны байнгын нарийн бичгийн дарга Йоран Ханссон тэмдэглэсэн байна.
Энэ жил уг шагналд 263 хүн нэр дэвшжээ. Шагналын эздэд диплом, алтан медаль гардуулна. Мөнгөн шагнал нь энэ жил 8 сая швед крон буюу 1,1 сая доллар байх ажээ.
Д.Жаргал