"АЛТ-2" хөтөлбөр тойрсон эргэлзээ

1016

"АЛТ-2" хөтөлбөр тойрсон эргэлзээ

 

Дэлхий байгалийн баялагаа ерөнхийдөө ашиглаад дуусаж байна. Тодруулбал, байгалийн баялаг 30 гаруйхан улсад үлдсэн гэдгийг судлаачид аль хэдийн хэлсэн. Тиймээс байгалийн баялагийг хяналтандаа авахын төлөөх дайн дэлхийн хаа сайгүй гарч эхэллээ. Газрын ховор элемент дэлхийн хэмжээнд үндсэндээ дуусч байгаа бөгөөд алтны нөөц арван жилийн дараа дуусах төлөв ажиглагдаж байгааг мөн судлаачид хэлж байна. Алтны олборлолтод ӨАБНУ, дараа нь АНУ, Австрали тэргүүлэх байр эзэлж ирсэн. Одоо Хятад хамгийн их алт олборлож байгаа бөгөөд жилийн олборлолт нь 320 тн /2009 онд дэлхийд олборлосон нийт алтны 13 хувь/-д хүрсэн байна. 2011 оны байдлаар нийт олборлосон алт дэлхийн хэмжээнд 171300 тн, жилд 2700 тн гаруй гэж дэлхийн алтны зөвлөлөөс тооцоолжээ. Дэлхийд алтыг дараах салбаруудад ихэвчлэн хэрэглэдэг. Гоёл чимэглэлд 52 хувь, Төв банкны нөөцөнд 18 хувь, Хөрөнгө оруулалтад 16 хувь, үйлдвэрийн хэрэгцээнд 12 хувь, бусад хэрэгцээнд 2 хувийг нь хэрэглэдэг байна. Гоёл чимэглэлийг Азийн орнууд болон Ойрхи Дорнод, арабууд ихэвлэн хэрэглэдэг аж.

 

Манай улсын хувьд алтны нөөцөөрөө дэлхийд дээгүүр ордог ч алтны шороон ордоо ерөнхийдөө ашиглаад дуусчихсан. Одоогоор Монгол орны нийт алтны нөөцөөс шороон ордын 30, үндсэн ордын 80 орчим тонн алтны нөөц үлдээд байгаа гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн 2016 онд 18.51 тн алт үйлдвэрлэж, 1244 тэрбум төгрөгийн орлого олжээ. Харин 2011 онд 4.3 тн алт үйлдвэрлэж, 223 тэрбумын орлого олсон байна. Энэ нь 2006 онд алтны худалдааны 68 хувийн татварын бодлого хэрэгжсэнтэй холбоотой бөгөөд олборлолтоос гарч байгаа алтыг бүрэн хэмжээнд цуглуулах боломж алдагдсан юм. Ингэснээр алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шудрага бус далд үйл ажиллагаа гарах болсон. Хууль эрх зүйн зохицуулалт байхгүйгээс нэг дор хамгийн ихдээ 20 кг алт Монголын хилээр гарах гэж байсан гэдгийг эх сурвалж хэлсэн. Түүгээр барахгүй "Бороо-Гоулд”, "Алтан-Дорнод” зэрэг гаднын компаниуд алтны шороон ордыг үнэгүй зөөгөөд дууссан. "Бороо-Гоулд” Монголын газар шорооноос 50 тонн алтыг зүгээр л авчихсан. Тэднээс Монгол Улс нэг ч мөнгө аваагүй гэхэд болно. Тэр бүү хэл тэдэнд мөнгө нэмж өгсөн. Тухайн үед Монгол Улсын хуулиар бүтээгдэхүүн экспортолдог компаниудад бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхзд зарсан НӨАТ-ыг нь буцааж өгөх хуулийн заалт байсан юм. Нэг ёсондоо алтаа олборлохдоо хэрэглэж байсан бензинийхээ мөнгийг аваад л явчихсан гэсэн үг. Үнэхээр харамсалтай. Байгалийн баялагаа ашиглаж орлого олдог монголчуудад "нэг муу ааруулын хэлтэрхий" л үлддэг гэхэд болно.

 

Өнөөдөр дэлхийд хөнгөн цагааныг Хятад, Америк, Япон, Герман, Энэтхэг гээд таван орон голдуу хэрэглэдэг байх жишээтэй. Зэсийг Хятад, Америк, Япон, Солонгос хэрэглэж байна. Үүний 30 гаруй хувийг Хятад дангаараа хэрэглэдэг. Хятадууд манайхаас зэсийг зөөж, нөөцөлсөөр л байна. Манайхан хамгийн доод үнээр нь өгөөд л баялагаа барж сууна шүү дээ. Дэлхийд байгалийн баялаг дуусч байхад ядаж л зэсийнхээ баяжмалыг хямд үнээр 1800 ам.доллараар гаргаад суумааргүй байна. Уг нь зэсээ цэвэршүүлбэл 6 мянган ам.доллараар гаргана. Утас хийгээд гаргавал 10 мянгад хүргэнэ. Бүр компьютер болгоод гаргахад 20 мянган ам.доллар болно. Зөвхөн энэ жишээнээс харахад байгалийн баялгаа хямд гаргасаар байна. Зүгээр л үрж дуусаж байна шүү дээ. Яг л үүнтэй адилхан дүр зураг алт дээр байна.

 

Засгийн газраас боловсруулсан "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой гзж үзэж байгаа. Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж байгаа юм. Хэрвээ энэ төлөвлөгөө хэрэгжвэл сайн л хэрэг. Гэвч бүрэн хэрэгжих нь эргэлзээтэй бөгөөд гаргаж байгаа тоо баримт нь ерөнхийд нь тоймолсон мөрөөдлийн TOO гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Дөрвөн жилийн дараа алтны нөөц нэмэгдэнэ гэдэг бол ташаа ойлголт гэнэ. Гэхдээ алтаа ашиглаж хүнд байдлаас гарах гэсэн Засгийн газрыг буруутгах гэсэн юм биш. Алтаа ашиглах нь зөв. Гэхдээ Монголын газар шорооноос гарсан унци алт бүрийг улс орондоо үлдээмээр байна.

 

"Оюутолгой”-н алтыг Монголбанкаар дамжуулдаггүй. Тус компани ирэх жил 100-140 мянган унци баяжмал дахь алтыг үйлдвэрлэхээр төлөвлөсөн байх юм. Уг нь баялгийн үр ашиг нь Монгол Улсдаа үлдэж, ядарсан ард түмэндээ наалдах хэрэгтэй шүү дээ. Монголбанкинд алт тушаасан компаниудын мэдээлэл нууц байдаг. Монгол Улсад 1500 гаруй компани үйл ажиллагаа явуулж байхад 2016 онд Монголбанкинд 18 тн алт тушаасны 13 тн нь нинжа нарын гар дээрээс ирсэн байх юм. Иргэний нэр дээр тонн гаруй алт тушаасан тохиолдол ч байсан гэх. Яагаад хувь хүн ийм их алт тушаав гээд хөөгөөд үзэхээр Монголбанк нь "зүгээр орхичих. Оролдоод эхэлвэл наадуул чинь алтаа тушаахаа болчихно” гэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, Монголбанкинд алт тушааж л байвал хамаагүй хүлээн авч, нууцлах байр сууринаас ханддаг гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Гэтэл том компаниудын мэдээлэл нууц. Хилээр хууль бусаар гарч байгаа алтны хэмжээ нууц хэвээр байсаар байна. Энэ мэдээллийг нь ил гаргаж ирзх хууль эрх зүйн орчин бүрдээгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм. "Алт-2” хөтөлбөрийн хүрээнд "тусгай хамгаалалттай газар нутаг руугаа орж тэндээ алтаа ух” гэсэн утга агуулгатай зүйл байна. Энэ нь Монгол Улсын бүх хуулийг зөрчсөн хэрэг. Нэг ёсондоо эрх барьж байгаа хэдэн нөхдүүд Монголыг хувааж идээд дууслаа. Монгол Улсад МАН болон АН-ын хэдэн хүмүүс ард түмний авах ёстой байгалийн баялагийн хувийг халааслаад сууж байгаа нь үнэн. Төрийн эрх барих хугацаандаа яаж ихийг идэх вэ гэж бодож суугаа хүмүүст Монголын алтыг хэдэн жилийн дотор үнэ цэнэгүйгээр гадагшаа зөөх бол юу ч биш. Тиймээс энэ байдлыг халж, бүх зүйлээ өөрсдөө дотооддоо хийдэг л болмоор байна. Гадагшаа нэг гр алт ч хууль бусаар гаргахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй бол аравхан жилийн нөөцтэй алтаа гадагшаа үнэгүй өгчихөөд харамсаад сууж байх үе ирэх вий дээ. Алт хулгайлсан хүний үйлс бүтдэггүй гэдэг.


У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>