Солонгосчуудыг татах шинэ амлалт буюу ажлын 4 өдөр

34

Солонгосчуудыг татах шинэ амлалт буюу ажлын 4 өдөр

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн кампанит ажил тавдугаар сарын 12-ны Мягмар гаригаас албан ёсоор эхэлсэн. Сурталчилгааны ажил эхэлж, хаа сайгүй хөл хөдөлгөөн ихэсч байгаа энэ үетэй зэрэгцээд ажлын өдрийг багасгах тухай зоримог санал гарах болов. Өөрөөр хэлбэл, либерал Ардчилсан нам болон консерватив Ардын хүчний намын аль аль нь ажил амьдралын тэнцвэртэй байдлыг эрэлхийлж буй сонгогчдыг татахын тулд сонгуулийн сурталчилгааны хөтөлбөртөө ажлын долоо хоногийг богиносгох амлалтуудыг багтаажээ.

Энэхүү амлалт иргэдэд таалагдаж байгаа ч дэлхийн хамгийн урт ажлын цагтай улсуудын нэг гэгддэг Өмнөд Солонгост ийм шинэчлэл байх боломжтой юу гэсэн асуулт гарч иржээ.

Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мён цалинг хасахгүйгээр долоо хоногт 40 цаг ажилладаг байсныг 36 болгон бууруулах санал гаргаад байна. Ардчилсан намын хувьд 2030 он гэхэд өмнөд солонгосчуудын жилийн дундаж ажлын цагийг Эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн байгууллагын орнуудын дундаж болох 1742 цагаас буулгахаар зорьж байна. Эцсийн дүндээ ажлын өдрийг дөрөв болгох зорилготой. Өмнөд солонгосчууд 2023 оны байдлаар жилд 1874 цаг ажиллаж байна.

Ли Жэ Мён дөрөвдүгээр сарын 30-нд цахим хуудсандаа "Бид бодлогоо зоригтойгоор өөрчлөх ёстой. Үүний тулд бизнес эрхлэгчдийн идэвхтэй оролцоо чухал. Богино ажлын цагтай болж буй компаниудад тодорхой дэмжлэг үзүүлдэг болох ёстой" гэжээ.

Харин Ардын хүчний намын шийдэл огт өөр. Тодруулбал, тэд ажлын цагийг богиносгох бус илүү уян хатан хуваарийг санал болгож байна.

Ажилчид Даваагаас Пүрэв гаригт ердийн найман цагаар бус бага зэрэг нэмэлттэй ажиллана. Ингэснээр Баасан гаригт хагас өдөр амрах боломж үүсэх аж. Өөрөөр хэлбэл, ажлын таван өдөр бус 4.5 өдөртэй болно гэсэн үг.

Хэдийгээр нам нь ийм шийдэл ярьж байгаа ч нэр дэвшигч Ким Мүн Сүгийн хувьд арай өөр байр суурь баримталж байна. Тэрбээр "Ажлын цагийн асуудлыг хуулиар үүрэгдэх бус тухайн бизнест нь хариуцуулж үлдээх хэрэгтэй" гэж үздэг.

Харин бизнес эрхлэгчид ажлын цаг богиносох тал дээр янз бүрийн байр суурь баримталж байна. Бүтээмжийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхгүйгээр ажлын цагийг багасгавал хөдөлмөрийн зардал нэмэгдэж, эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдалтай хэдийнэ тэмцэж буй компаниудад хохирол учруулж магадгүй юм. Өмнөд Солонгосын хөдөлмөрийн бүтээмж бага хэвээр байгааг бизнес эрхлэгчид анхааруулж буй. Тиймээс хуулийн дагуу ажлын цагийг багасгах гэхээсээ илүү бүтээмжийг нэмэгдүүлэх уян хатан ажлын зохицуулалтад илүү анхаарал хандуулах хэрэгтэй болж байна.

Энэ асуудлаар Өмнөд Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Солонгосын аж ахуйн нэгжүүдийн холбоо, Солонгосын аж үйлдвэрийн холбоо, Солонгосын олон улсын худалдааны холбоо, Солонгосын Дундад зах зээлийн аж ахуйн нэгжүүдийн холбоо гэх таван байгууллагын удирдлагууд өнгөрсөн долоо хоногт Ли Жэ Мёнтой уулзжээ. Ажлын өдрийг цөөлөх нь аж ахуйн нэгжийн өрсөлдөх чадварыг алдагдуулж, том, жижиг бизнесүүдийн хоорондын ялгааг гүнзгийрүүлж болзошгүй гэсэн болгоомжлол тэдэнд байна.

Ли Жэ Мён хариуд нь "Ажлын долоо хоногтой холбоотой асуудлыг нэг талдаа хэрэгжүүлэхгүй. Харин салбар хоорондын ялгааг харгалзан яриа хэлэлцээ, бэлтгэл ажил болон тодорхой үе шаттайгаар хийнэ" гэжээ.

Мөн тэрбээр энэ мэдэгдэлдээ огцорсон ерөнхийлөгч Юн Сук Ёлыг хавчуулаад авсан байна. Тэрбээр "Энэ өөрчлөлт дайны байдал зарласан шиг гэнэт болохгүй. Бид олон нийтийн дунд хангалттай хэмжээнд яриа хэлэлцүүлэг хийх болно" гэжээ.

Энэ мэтчилэн тайвшруулж байгаа ч гэлээ бизнесийн салбарынхны болгоомжлол хэвээр. Ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид болон туслан гүйцэтгэгч компаниуд хамгийн их хохирол амсах болов уу гэсэн болгоомжлол байна.

Дунд хэмжээний үйлдвэрлэлийн компанид ажилладаг нэгэн хүн ярихдаа "Одоогийн 52 цагийн схем биднийг угаасаа шахамдуулдаг. Гэтэл ажлын цагийг улам хорогдуулчихаар эцсийн хугацаандаа амжиж юмаа хийхэд улам хэцүү болно" гэв.

Солонгосын ЖДҮ-ийн холбооны мэдээлснээр ЖДҮ эрхлэгчдийн 39.6 хувь нь ажиллах хүчний хомсдолыг тулгамдсан асуудал гэж үзжээ. Мөн 32.3 хувь нь урьдчилан таамаглах боломжгүй захиалгын улмаас уян хатан хуваарь гаргахад хүндрэлтэй байдаг, 20 хувь нь нэмэлт ажлаас болж хөдөлмөрийн зардал нэмэгдсэн гэжээ.

Харин үйлдвэрчний эвлэлүүд Ардчилсан намын саналыг нааштай хүлээн авч байна. Тэд ажлын өдрийг 4.5 болгох бодлогыг дэмжиж байна. Хуульчлан журамлаагүй ч ажлын богино цагийг хэрэгжүүлээд эхэлсэн томоохон компаниуд байгааг тэд онцолжээ. Тодруулбал, "SK Telecom", "POSCO" зэрэг компани тодорхой шалгууртайгаар ажилчиддаа хоёр долоо хоног тутамд нэг удаа Баасан гаригт амрах боломжийг олгодог. Мөн "Samsung Electronics" компани сард нэг Баасан гаригт амрах боломжийг олгодог.

Зарим мужийн засаг захиргаа ч үүнтэй төстэй бодлогыг хэрэгжүүлсэн. Жишээлбэл, Ганвон мужийн Жонсон хотод өнгөрсөн жилээс эхлэн хоёр долоо хоног тутам 4.5 өдөр ажилладаг систем нэвтрүүлсэн байна.

Өмнө нь ажлын зургаан өдрөөс таван өдөрт шилжихэд дөрвөн жил шаардагдаж байжээ. Тиймээс энэ удаад ч бодит хууль эрх зүйн шилжилтэд 4-5 жил шаардагдах аж. Одоогоор зөвхөн туршилтын хөтөлбөрүүд л хэрэгжих боломжтой юм байна.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>