Хууль бусаар “Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр газар ухаж эхэллээ

1276

Хууль бусаар “Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр газар ухаж эхэллээ -Ерөнхий төлөвлөгөөний газраас тус газарт бохирын хоолой тавих зөвшөөрөл олгоогүй гэв-

Усны тухай хуульд рашааны эрүүл ахуйн бүс дээр барилга байгууламж, газар шорооны ажил хийхийг хориглосон байдаг.

Тэгвэл "Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дотор эксковатороор газар шорооны ажил хийж эхэлжээ.

Энэ талаар мэдээлэл авч тус газарт очиход рашааны ундаргын баруун хойд талд буюу эрүүл ахуйн бүс дотор хөрсийг нь сэндийчин газар ухаж байлаа.

Тэнд ажиллаж буй хүмүүсээс тодруулахад, Ус сувгийн удирдах газрын захиалгаар бохирын хоолой тавьж байна гэв.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт анхнаасаа барилга барихаар төлөвлөгдөөгүйгээсээ болж бохирын шугам хальж ийнхүү шугам тавих болсон гэж хэлэв.

Ажилчдын ярьж буйгаар уг бохирын шугам суурилуулах ажил Удирдлагын академи хүртэл үргэлжилнэ гэсэн юм.

Энэ талаар "Оргил” рашаан сувиллын хуулийн зөвлөх Л.Баянмонголоос тодруулахад "Рашааны эрүүл ахуйн бүс дотор бохирын хоолой тавина гэж юу гэсэн үг вэ. Хэрэв тус хоолой гэнэт задрах, дэлбэрвэл юу болох вэ. Энд бариулж яасан ч болохгүй” гэлээ.

Хот дотор бохирын хоолой тавих зөвшөөрлийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өгдөг.

Тэгвэл Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяагаас тодруулахад "Манайхаас бохирын хоолой тавих зөвшөөрөл олгоогүй” гэв.

Бид цувралаар "Оргил” рашааны эрүүл ахуйн бүс дээр хууль бусаар газрын зөвшөөрөл олгосон эздийг нэрлэсэн.

Энэхүү бохирын хоолой тавих ажил үнэхээр Ус сувгийн удирдах газрын захиалгат ажил уу, эсвэл хууль бусаар газрын зөвшөөрөл авсан компаниудын барилгын ажлын эхлэл үү.

Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

http://news.gogo.mn/r/147834

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>