Б.Бүлтэн нарт холбогдох хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа

1609
Эмэгтэйчүүдийн өвчлөлд хамгийн сайн гэгддэг Б.Бүлтэн болон холбогдох эмч нарын буруугаас хүний амь эрсэдсэн хэмээн хэрэгт татаад байгаа билээ. Өчигдөр шүүх хурал болсон. "Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, н.Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 14.00 цагт эхэлсэн ч хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа. Учир нь шинжээчийн дүгнэлтийг хэрэгт холбогдсон эмч тус бүр дээр дахин гаргах шаардлагатай гэж үзжээ.

 

      Шүүхийн шинжилгээний үндэсний төвийнхөн "Эдгээр эмч Баянзүрх дүүргийн иргэн Ц-д кесарево хагалгаа хийхдээ эхсийг гүйцэд гаргаагүйгээс эмэгтэйн саванд эхэс үлдэж, гурван удаа мэс засалд орсон боловч эмэгтэй амиа алдсан. Энэ нь эмч нар ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, хохирогч эмэгтэйн саванд юм үлдээснээс болсон” гэсэн дүгнэлт гаргаж байжээ.

 

     Тэднийг Эрүүгийн хуулийн 106.2-т зүйлчилсэн "Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, харъяа прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн билээ. Эрүүгийн хуулийн 106.2-т "Энэ хэргийн улмаас өвчтөн нас барсан буюу түүний бие махбодид хүнд гэмтэл учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>