Супербоул олимпийн наадмаас ч үнэтэй
Төрөл бүрийн судалгаа хийдгээрээ алдартай "Forbes” сэтгүүлийн газар спортын ертөнцийн брэнд болсон томоохон тэмцээнүүдийг тодруулжээ. Сонирхолтой нь энэхүү жагсаалтыг дөрвөн жилд нэг удаа болдог хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимп бус жил тутам зохиогддог NFL-ийн шувтаргын тоглолт Супербоул өнгөлжээ. Ингээд шилдэг аравт нэрлэгдсэн спортын арга хэмжээнүүдийг танилцуулъя.
1.СУПЕРБОУЛ (470 сая доллар)
Үндэсний хөлбөмбөгийн лигийн 2011 оны аваргын төлөө өрсөлдсөн "Нью-Йорк Жайнтс”-"Нью Инглэнд Пэтриотс”-ийн тулаанаас олсон цэвэр ашиг нь 470 сая хүрчээ. Үүний 72 саяыг тасалбарын худалдаанаас, 15 саяыг ивээн тэтгэгчдээс, үлдсэн 385 саяыг телевизийн дамжуулах эрх болон бусад зүйлсээс олжээ. "Жайнтс”-ын ялсан энэхүү тоглолтыг нийтдээ 111 сая хүн цэнхэр дэлгэцээрээ сонирхож, завсарлагаар нь болсон Мадоннагийн шоуг 114 сая хүн үзсэн тооцоо гарсан байна.
2.ЗУНЫ ОЛИМПИЙН НААДАМ (348 сая доллар)
Олимпийн наадмыг зохион байгуулагчдын олох ашиг жилээс жилд нэмэгддэг уламжлалыг британичууд тасалсангүй. Тухайлбал олимпийн наадмыг шууд дамжуулах эрхийг авсан NBC 2 тэрбум, Европын телевизүүд 703 сая, япончууд 412 саяыг ОУОХ болон Зохион байгуулах хороонд төлжээ. "Лондон 2012”-ыг АНУ-д 219 сая хүн зурагтаар үзсэн нь тус улсын хувьд дээд амжилт юм.
3.ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ (147 сая доллар)
Өмнөд Африкт болсон "World Cup 2010”-ыг цэнхэр дэлгэцээр нийт 3.2 тэрбум хүн үзсэн нь дөрвөн жилийн өмнөх "Герман 2006”-тай харьцуулахад найман хувиар өссөн үзүүлэлт ажээ. Тэр дундаа Испани-Голландын аваргын төлөөх тоглолтыг 909 сая хүн шууд үзжээ. Сонирхуулахад FIFA-гийн орлого дөрвөн жилд 4 тэрбум "ногоон”-оос буудаггүй бөгөөд үүний ихэнхийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүрдүүлдэг юм.
4.MLB-гийн ДЭЛХИЙН ЛИГ (130 сая доллар)
"Fox” теле сувгийн 2011 онд "Сент Луис Кардиналс”-"Техас Рейнжерс” багуудын долоон тоглолт үргэлжилсэн тулааны дундуур цацагдсан зар сурталчилгаанаас олсон ашиг нь 130 сая ам.доллар хүрчээ. Өөрөөр хэлбэл цувралын нэг тоглолтоос л 38.4 саяын ашиг олж байсан бөгөөд энэ нь 2010 оныхтой харьцуулбал даруй 200 мянгаар илүү гэсэн үг юм.
5.NCAA-гийн "ШИЛДЭГ ДӨРВИЙН ФИНАЛ” (127 сая доллар)
Оюутны спортын үндэсний холбооны сагсан бөмбөгийн тэмцээнийг шууд дамжуулах эрхийг 2024 хүртэл хугацаагаар, 10.8 тэрбум долларын өртгөөр хяналтандаа авсан CBS телекомпани зөв зохистой маркетингийнхаа хүчинд зардлаа богинохон хугацаанд нөхөж магадгүй нь. Гурван жилийн өмнөх "Кентукки”-"Канзас”-ын шигшээ тоглолтын үеэрх 30 секундын сурталчилгааны үнэ 1.5 саяд хүрсэн нь NBA-гийн финалаас даруй гурав дахин үнэтэй бөлгөө.
6.ӨВЛИЙН ОЛИМП (123 сая доллар)
"Ванкувер 2010” өвлийн олимпийн наадмыг зохион байгуулсан канадчууд багагүй зардал гаргасан ч 688 сая ам.долларын ашиг олжээ. Турины олимпийн үеэр зохион байгуулагчид 26 ивээн тэтгэгч компанитай гэрээ байгуулж байсан бол Агч модны орныхон үүнийг 57 болгон нэмэгдүүлсэн юм.
7.КЕНТАККИЙН ДЕРБИ (116 сая доллар)
АНУ-д болдог энэхүү морин уралдааны хамгийн том үйл явдлыг өнөө жил 165.307 үзэгч тойруулгад, 14.8 сая хүн зурагтаараа үзсэн нь бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт орох үзүүлэлт. Харин энэ жилийн орлого 116 сая "ногоон” болсон нь рекорд амжилт гэнэ. Дашрамд сонирхуулахад NBC телевиз Кентаккийн дерби уралдааныг шууд дамжуулах эрхийг таван жилийн хугацаатай, 25 сая доллараар худалдаж авсан аж.
8.UEFA-гийн АВАРГУУДЫН ЛИГ (113 сая доллар)
Аваргуудын лигээс олох орлого өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 19 саяар буурсан тооцоо байгаа ч энэ нь ам.долларыг евротой харьцуулах ханшийн зөрүүнээс болсон хэрэг.
9.ДАЙТОН-500 (95 сая доллар)
NASCAR-ын "Дайтон 500” уралдааны ялагч 1.6 сая, хамгийн сүүлд орсон нисэгч л гэхэд 270 мянган "ногоон”-ы шагнал хүртдэг уламжлалтай. Энэ хэрээр сонирхогчдын тоо хэдэн саяар л тоологдоно. Харамсалтай нь 2012 оны анхны гараанд томоохон осол гарсан, мөн ихэнх уралдаанууд бороотойд болсон зэргээс шалтгаалан орлого нь буурчихаад байгаа.
10.MLB-гийн "БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” (78 сая доллар)
Бейсболын ертөнцийн шилдгүүдийн тулааныг энэ жил дэлхийн 220 орны 54 сувгаар 15 хэл дээр шууд дамжуулжээ. Тэрчлэн тэмцээний албан ёсны сайтад ганцхан өдрийн дотор 124.5 сая хандалт бүртгэгдэж, 1.5 сая хүн коммент үлдээжээ.
mass.mn