|
Видео

Шинэ мэдээ

Өчигдөр, 14:04
Өчигдөр, 13:52

Хяналтын камер, урамшилт эргүүл ажиллуулснаар гэмт хэрэг буурчээ

Хяналтын камер, урамшилт эргүүл ажиллуулснаар гэмт хэрэг буурчээ

 

Нийслэлийн хэмжээнд 2017 оны оны эхний хоёр сард 2987 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.2 хувиар буурч, бүртгэгдсэн гэмт хэргийн илрүүлэлт 4.6 хувиар өссөн байна. Энэхүү эерэг үр дүн нь Улаанбаатар хотын цагдаагийн газраас нийслэлийнхээ иргэдийн амар тайван байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тодорхой үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсэнтэй холбоотой.

Тус цагдаагийн газраас гэмт хэрэг олноор үйлдэгддэг эмзэг цэгүүдэд хяналтын болон зөөврийн камер суурилуулах, Гэмт хэргийн хяналтын цогц системийг бий болгох, "Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулсан байна. Гэмт хэргийн цахим зураглалын системийг ашиглан гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн цагийг 24 цагийн дотор газрын зурагт тэмдэглэн эмзэг цэгүүдийг тодорхойлж, тухайн цэгт хөдөлгөөнт болон явган эргүүл ажиллуулж, зөөврийн хяналтын камер байршуулан ажиллажээ.

Тухайлбал, хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 51 цагт 80 гаруй камерыг суурилуулж, дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс хяналт тавьж байна. Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд суурилуулсан камерын хяналтаар халаасны хулгай, автомашины эд анги хулгайлсан бусдыг залилан мэхэлсэн хэргийг илрүүлжээ. Мөн иргэн Д нь хувийн такси хөлслөн тус хорооны нутаг дэвсгэр МУБИС-ийн хажууд хүргүүлэхдээ гар утсаа мартаж буусныг таксины жолооч О авсан хэргийг камерын хяналтын тусламжтайгаар илрүүлсэн байна.

Түүнчлэн нийслэлийн төв магистрал зам буюу "СХД-5 шар-БЗД-Офицер” чиглэлд суурилуулсан хяналтын камеруудыг эвдрэл гэмтлийг засаж, бүрэн ашиглалтад оруулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа юм.

Нийслэлийн нутаг дэвсгэр, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, нийгмийн хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн орчинд оршин суух идэвхтэй иргэд буюу хэв журмын урамшилт эргүүлүүд ажиллаж, иргэд цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд сайн дураар оролцож байгаа нь гэмт хэргийн гаралт буурсан нэгэн шалтгаан болж байна.

Мөн нийслэлийн хэмжээнд өрнөсөн "Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр, таслан зогсоох, шуурхай илрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын эргүүлийн тоо, чиглэлийг нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчтой зохион байгуулсан нь гэмт хэрэг буурахад нөлөөлжээ гэж ЦЕГ-ын Хэвлэл, Мэдээллийн Төвөөс мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.