Гадны иргэд манай улсын хууль тогтоомжийг зөрчих явдал тасрахгүй байна. Ялангуяа монгол охидоор зугаагаа гаргаж, биеэ үнэлэлтийг зохион байгуулах хандлагатай болов. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан өнгөрсөн долоо хоногт ийм үйлдэлтэй вьетнам иргэдийг илрүүлжээ.
Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо буюу Модны 2-т байрлах "Free” гэх нэртэй зочид буудал, караоке, алжаал тайлах үйлчилгээний газраас өнгөрсөн пүрэв гаригт цагдаагийнхан вьетнам иргэдийг саатуулсан байна.
Тэд охидын биеийг үнэлүүлэхийг зохион байгуулсан байж болзошгүй үйлдэлтэй байсан бөгөөд хохирогч охид ч байжээ. Уг хэрэгт холбогдуулан дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн байна. Тэд вьетнам авто засварын ажилчид байсан гэнэ.
Тус үйлчилгээний газарт өчигдөр 13:00 цагийн үед очиход үйлчлүүлэгчид эл хуль юм. Алжаал тайлах төв нь оройн 19:00 гэхэд хаалгаа барьдаг болохоор ямар нэгэн зөрчил гардаггүй гэж ажилчид нь хэлж байна. Харин бусад хүмүүс тэнд вьетнам иргэд байнга үйлчлүүлдэг, вьетнамуудын үүр болсон гэж хэлж болохоор гэцгээж байв.
Тус газрын эзэн бололтой бүсгүй өнгөрсөн долоо хоногт болсон явдлыг эрс эсэргүүцэж, ямар ч хэрэг зөрчил гаргадаггүй байгууллага хэмээн өөрсдийгөө өмөөрөнгүй угтлаа.
Тэрээр "Манай алжаал тайлах төвөөр зөвхөн эмэгтэйчүүд үйлчлүүлдэг, зочид буудалд хөдөөний голдуу хүмүүс буудалладаг. Манайхаар вьетнам иргэд үйлчлүүлдэггүй.
Монголд вьетнамууд хэдэн зуугаараа байна. Тэд манайд хэрэг зөрчил гаргасан гэдгийг чи яаж мэдэж байгаа юм” хэмээн уурссаар хоцорсон юм. Харин тус газрын ажилтан болсон явдлыг баталж "Вьетнам иргэд архи уугаад цагдаагийнхан ирсэн юм билээ” гэж байв.
Хэргийн мөрдөн байцаалт өчигдрөөс эхэлж байгааг цагдаагийнхан хэлэв. Хуулийн дагуу вьетнам иргэдийг саатуулах боломжгүй учраас гадуур байцааж байгаа бололтой. Өөр эх сурвалжийн мэдээлснээр тэдгээр вьетнам иргэд монгол охидын биеийг үнэлүүлснээс гадна хилээр гаргадаг байсан гэнэ.
Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт хоёр охиныг хил давуулсан бөгөөд цагдаагийнханд саатуулагдахдаа ч ийм зорилготой байсан гэдгийг хэлсэн юм. Харин цагдаагийнхан энэ мэдээллийг няцааж байв.
Үүнээс гадна вьетнам иргэдтэй холбоотой хэд хэдэн хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэнэ. Баянгол дүүрэгт л гэхэд биеэ үнэлдэг сүлжээг бий болгочихсон 5-6 вьетнам засварын газрынхныг шалгажээ. Охид 40-60 мянга, заримдаа 30-40 мянгаар биеэ үнэлдэг байна.
Цагдаагийнхан саяхан хичээлийн шинэ жил эхэлж нийслэл хөл хөдөлгөөнтэй болоод ирэх үеэр саун болон зочид буудалд оюутан охидын биеийг үнэлүүлж байсан бүлэг хүмүүсийг саатуулсан юм. Сүүлийн үед энэ төрлийн хэргийн гаралт нэмэгдэж байгаа нь эцэг эхийн хараа хяналтгүй байдал, саун массажны газар болон зочид буудлууд олноор бий болсонтой холбоотой гэдгийг цагдаагийнхан хэлж байна.
Б.Энхзаяа
Эх сурвалж: Зууны мэдээ