Эрүүгийн хууль ийм болжээ

193

 

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуулийг баталлаа. Хууль батлагдсанаар тус хуулийг энэ оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдөх юм.

Энэ хуулийг  "шоронжсон хууль” хэмээн зарим гишүүд болон олон нийт үзэж байсан ч энэ хууль нь өмнөхөөсөө дэвшилттэй зохицуулалтыг нэлээд тусгажээ.

Тодруулбал,

  • Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулах бодлогыг тусгайлан зохицуулсан
  • Гэмт хэрэгт оногдуулах хорих ялын бодлогыг уян хатан болгосон
  • Хорихоос өөр төрлийн ялыг шинээр нэмж оруулсан
  • Баривчлах ялыг халсан
  • "Ялтай байдал", "онц аюултай гэмт хэрэгтэн”, "давтан” гэх зэргээр хууль зүйн үр дагавар үүсгэж, гэмт хэрэг үйлдсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хүчингүй болгосон
  • Цаазаар авах ялыг халж, хорих ялын дээд хэмжээг багасгасан зэрэг олон дэвшилттэй зохицуулалт хийсэн байна.

Хорих ялын доод хэмжээ зургаан сар байна

Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа ОХУ, ХБНГУ-ын Эрүүгийн хууль, олон улсын эрдэмтдийн хамтран гаргасан "Эрүүгийн загвар хууль”-ийн зохицуулалтыг нэлээд судлаж үзсэн байна.

Ингэхдээ "Эрүүгийн хариуцлага” гэх нэр томьёог хасч, үүний оронд "ял, албадлагын арга хэмжээ” гэх эрүүгийн хариуцлагын хоёр бие даасан институцийг тус тусад нь тодорхойлсон байна. Мөн Эрүүгийн хуулиар урьд өмнө нь аливаа хууль бус үйлдлийг хохирлын хэмжээгээр нь тооцдог байсан бол шинэ батлагдсан хуулиар хохирлын хэмжээгээр бус нийгэмд аюултай байдлаар нь гэмт хэрэгт тооцохоор заажээ.

Түүнчлэн хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө гэмт хэрэг үйлдсэн бол тухайн хүнийг ялаас чөлөөлж, хуулийн этгээдэд ял оногдуулна гэж заасан байна. Эрүүгийн хуулиар хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нь шудрага ёсыг бэхжүүлэх, эрүүгийн хуулийн зорилтыг хангах, зохион байгуулалттай гэмт хэргийг саармагжуулах, тэдгээртэй тэмцэхэд томоохон ач холбогдолтой гэж үзжээ.

 

 Эрүүгийн хуулийг хэлэлцэхдээ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хорих ял оногдуулах, "шоронжуулах” явдлыг багасгана гэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ дагуу хорих ялын доод хугацааг зургаан сар болгожээ. Мөн тэнсэх албадлагын арга хэмжээг ял оногдуулахгүйгээр хэрэглэхээр тусгасантай байна. Ингэхдээ зарим төрлийн онцгой үед /2 хүртэл насны ганц бие эцэг, эх, насанд хүрээгүй хүн гэх мэт/ ял оногдуулж, оногдуулсан ялыг гүйцэтгэхийг хойшлуулах тухай зохицуулалтыг нэмж, энэ тохиолдолд өсвөр насны хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэдэг байхаар тусгасан аж.

 

Авлигын эсрэг гэмт хэргийг чангатгажээ

Мөн авлигын зүйл заалтуудыг чангатгасан байна. Ингэхдээ албан тушаалтан "албан тушаалын байдлаа” эсвэл "эрх нөлөөгөө” хэтрүүлэн ашигласнаас хамааран тус тусад нь зүйлчилдэг байсныг болиулж, нэгтгэж эрх хасах ялын хэмжээг нэмэгдүүлжээ. Мөн авлига өгөх гэмт хэрэг үйлдсэн хуулийн этгээдэд заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг нэмсэн байна.

Түүнчлэн төрийн өмчийн төсвийн бус хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэгт оногдуулах хариуцлагыг чангатгаж, татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийг цоо шинээр томьёолжээ.

 

Дараах тусгай ангиудад өөрчлөлт оруулжээ

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах, хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах, хүчиндэх, бэлгийн дарамт учруулах, хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох, хүний орон байранд хууль бусаар нэвтрэн орох, зөвшөөрөлгүй гэрэл зураг авах, дуу, дүрс бичлэг хийх, хувь хүний нууцад халдах, ялгаварлан гадуурхах, хүний цус, эд, эрхтнийг хууль бусаар авах,  бусдын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчин, дархлал хомсдлын вирус халдаах, залилах, татвар төлөхөөс зугтаах, зайлсхийх, Үнэт цаасны зах зээлийн дотоод мэдээллийг хууль бусаар ашиглаж, алилжаанд оролцох, Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглах, байгалийн тэнцэл алдагдуулах, албаны эрх нөлөөг урвуулан ашиглах/ -д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг илүү ойлгомжтой болгох, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор зохих өөрчлөлтийг оруулсан байна.

 

 

Б.Анир

http://www.zaluu.com/read/126d074hc

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.