Тод манлай уяач Д.Даваахүү: "Ороо нь гараагүй азарга тамир муутай байдаг”
-Ороо нь гараагүй азарга бие нь чангараад байдаг. Харин ороо нь гарахаараа бие нь суларч тавирдаг. Ороо нь гарсан азарга андашгүй л дээ. Тайван амгалан болж, бие нь тавирдаг. Ороог нь гаргахгүй бол хамгийн наад зах нь амарч чадахгүй тогтворгүй болдог. Үүнээсээ болоод бяр тогтоохгүй. Ер нь ямар ч адуунд бяр суулгаж байж л уядаг шүү дээ.
-Уяаны дундуур гүү гишгүүлвэл нөлөөлөх үү?
-Нөлөөлгүй яахав. Тиймээс л ороог нь урьтаж гүйцэд гарга гээд байгаа юм шүү дээ.
-Жаргалсайханы Даатгал хээр азарга 2006 онд түрүүлэхдээ өглөө нь гүү гишгэсэн гэдэг юм билээ?
-Уяаны үеэр гүү гишгээд амжилттай наадсан миний мэдэх нэг азарга бол Дундговь аймгийн Говь-Угтаал сумын Шаравжамцын хүрэн азарга л байна. Уралдахынхаа урьд өдөр гүү гишгэж байгаад 1970 оны баяр наадамд түрүүлсэн байдаг. Ороо нь дутуу гараад бие нь тавирахгүй болохоор гүү гишгүүлсэн байх л даа. Ер нь бол уяаны дундуур гүү гишгүүлэх яаж ч бодсон сайн биш.
-Байдсан гүү гишгүүлэх дэмий гэдэг?
-Их хортой л доо. Байдсан гүү олон дахин гишгүүлдэг. Бүдүүн гүүг дөрөв тав, дээд тал нь арав гишгэлээ гэхэд байдсан гүүг 20 гишгэнэ шүү дээ. Ингээд бодохоор азаргандаа сайнгүй байгаа биз. Тиймээс уяж байгаа азарганд аль болох бүдүүн гүү хураалга гэдэг юм шүү дээ.
-----------------------------------------------------------------------------------------
-Азарга, гүүний зохилдолгоо гэж юуг хэлдэг юм бэ?
-Наадах чинь хэцүү дээ. Нэн тэргүүнд удам угшлыг нь харах хэрэгтэй. Дараа нь хэлбэр галбирыг нь харна. Жишээлбэл, оцгордуухан нуруутай, уртхан биетэй азарганд бөгтөрдүү маягтай гүү тавих зэргээр хэлбэрийг нь зөрүүлдэг. Мөн арьс султай азарганд чангахан арьстай гүү хураалгах гэх мэтчилэн эсрэгцүүлдэг. Эртний сударт энэ мэтчилэн хэв галбирынх нь тохироог зөв тааруулснаар сайн унага гарна хэмээсэн байдаг.Монголчууд хол удмын адууг хооронд нь эвцэлдүүлж цус холдуулахаас гадна адууны хэв галбир, уян хатан чанар, биеийн их багийг харгалзан хээлтэгч, хээлтүүлэгч хоёрын тохироог тааруулдаг байсан нь өнөөдөр ч гэсэн мөрдөгдөж байна. Зөв шинжиж үржилд оруулсан азарга, гүү хоёрын дундаас гарах үр нь эцэг эхийн аль нэгний сайн чанарыг илүү давамгай авсан буюу эсвэл аль алины сайн чанарыг дуурайсан байх магадлал ихтэй. Гэхдээ үүнд удам угшил их чухал. Удамгүй гүүг сайн азарганд хураалгавал сайн төл гарах нь бараг үгүй. Харин сайн гүүг жирийн азарганд хураалгахад сайн унага төрөх нь бий. Үүнээс үзвэл үр төлдөө эхийн чанар давамгай удамшдаг нь харагдаж байгаа биз. Мөн сайн төл авахад азарга, гүүний нас их чухал. Жишээлбэл, соёолон азарга, хязаалан байдсан гүү хоёрын дундаас гарсан төл хэв галбир сайтай ч өөд газарт сайн, уруу газарт тааруу байдаг. Харин хөгшин азарга, хөгшин гүүний төл өөд газар муу, уруу газар сайн байдаг. Тиймээс хөгшин азарганд залуу гүү, залуу азарганд хөгшин гүү гэх мэтээр зөрүүлвэл гарсан төл нь дээр ярьсан шиг газрын өөг голохооргүй адуу байдаг. Ер нь гүү 7-15, азарга 9-15 насандаа бяр тэнхээ нь тэнцэж ид жагсдаг учраас сайн төл өгдөг.Олон жилийн туршид ажиглаж байхад удамтай азарга гүүний төл аль ч талаараа илүү байдаг юм билээ. Тэгэхээр залуучууд сайн адуутай болъё хэмээж байгаа бол аль болох удам угшилтай сайтай үрээ, байдас цуглуулах хэрэгтэй.
---------------------------------------------------------------------------------------
-Нэг азарга, түүний үр төлөөр дамжуулан азарга тавих нь элбэг. Энэ нь сөрөг талтай юу?
-Гаднаас сайн гүү авчирч хураалгаад байвал заавал азаргаа солих гээд яахав дээ. Холдуулж байгаа нь энэ гээд муу юм авчраад нийлүүлчихвэл эсрэгээрээ адууныхаа чанарыг муутгачих талтай.
Батхүүгийн хул бол барихад хазах гэнэ шүү дээ.
------------------------------------------------------------------------------------------
Өвлийн цагт буюу 1-3 сард дээд гурван насны морьдыг хүчийг нь харгалзаж, 7-15 удаа зөөлөн унаж хөлөргөхийн сацуу уяж хонон гэдсийг нь солино. Энэ нь цангаар эмчилгээ хийж байгаа юм. Уядаг азаргануудад соёолонгоос дээш насны бүдүүн 5-8 гүү хураалгаж, гүүнүүд нь дөрвөн сарын эхээр жигд унагалж тавдугаар сарын 1 гэхэд азарганы ороо гарсан байхаар зохицуулах нь чухал. Азаргыг 26-28 хоног уяж сойх нь тохиромжтой бөгөөд дээд гурван насны морьдыг уяж байх хугацаандаа нэг удаа уяж хонуулах нь сайн, тухайн адууны байдлаас дахин уяж хонож болно. Сүргийн тэргүүн эцэг мал гэдгээрээ азарганы уяа сойлго илүү нарийн, хамгаалалт, арчилгаа ихтэй. Чухам тиймээс уяачид уяаны алдаа мадаг гаргах нь элбэг. Дээхнэ үед аль ч насны морийг эдэлгээ уналгааг нь зөв тохируулж уядаг байсан бол орчин цагт хагас суурин маллагаа буюу тэжээл арчилгаанаас олон зүйл шалтгаалах болжээ. Тиймээс өнөө цагт азарганы уяа сойлгын тухайд тэжээл арчилгаа маллагаа, уяа сойлго болон ороог хэрхэн гаргах зэрэгт илүүтэй анхаарах нь зүйтэй юм
-Хурдан азаргыг засаагаар нь хэрхэн шинжих вэ?
-Хурдан азарганы засаа шовх үзүүртэй байдаг. Жишээлбэл, Хэнмэдэхийн цавьдар азарга яг тийм засаатай адуу. Тэднийд хурд тарилаа шүү дээ. Ер нь ажиглаад байхад шовхдуу засаатай азарга голдуу эр, түнтгэр засаатай азарга голдуу эм төл өгдөг.
----------------------------------------------------------------------------------------
-Наран хонгор азарганы бүтэн жилийн уяа сойлго, улсын наадмын өмнөх шөнө ямар ногоотой газар хэдэн цаг хоол идүүлсэн бэ?
-Сайхан ногоотой газар гурван цагийн хоол өгөө биз дээ. Тухайн адууны онцлогоос хамааран хоолыг тааруулах ч дунджаар гурван цагийн хоол таарчихаад байдаг юм. Хоёр цагийн хоол дээд насанд арай багадах гээд байдаг.