ХОНГИЛД НУУГДСАН ЭРДЭНЭСҮҮД ГЭРЭЛ НЭХЭЖ БАЙНА

708

ХОНГИЛД НУУГДСАН ЭРДЭНЭСҮҮД ГЭРЭЛ НЭХЭЖ БАЙНА

 

Өдрийн сурвалжлага

Манай улсад гадаад ертөнцөд "Дэлхийн археологийн музей” гэгддэг. Гэтэл дэлхийн хэмжээнд үнэ цэнэтэй археологийн үнэт олдворуудаа бид олны өмнө гайхуулах бус байрны хонгилд хадгалж байна. Хүн төрөлхтний түүхийг үе, дарааллаар нь бичих Монголын археологийн үүцийг яагаац хонгилд хадгалдаг, хадгалах орчин нь ямар байдаг, археологийн музей байгуулахаар газар, зураг төсөл нь бэлэн болсон ч сураг алдарсан шалтгааныг тодруулахаар ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнг зорив.

Археологийн хүрээлэн сууриа тавьж эхэлсэн 1920-иод оноос эхтэй олдворууд эдүгээ Түүх, археологийн хүрээлэнгийн археологийн лабораторид хадгалагдаж байна. Археологийн лаборатори нь "Академи-32” байрны хонгилын давхарт байрладаг. Анх археологийн олдворууд чингэлэгт хадгалагдаж байсныг бодвол 2006 онд тус байрны хонгилын давхарт шилжсэн нь орчин нөхцөл нь арай сайжирсан хэрэг болсон ч өнөөгийн нөхцөлд дэлхийн аль ч улсын стандартад нийцэхгүй. Үүнийг ч Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд хэлж байна.

"Академи-32” байрны хонгилын давхарт байрлаж буй археологийн лаборатори дөрвөн сан хөмрөгөөс бүрдэж байна. Палеозоологи, палеоанторпологи буюу эртний хүн, мал, амьтны ясны олдворын, чулуун зэвсгийн, хотын дурсгалын, булшны эд хэрэглүүрийн олдворын сан хөмрөгтэй. Дурсгалын сан хөмрөг тус бүрийг хадгалж байгаа өрөө нь дунджаар 40 орчим ам метр талбайтай. Зарим өрөө нь үүнээс ч бага.

ЭРТНИЙ ХҮН, АМЫНЫ ЯСНЫ ОЛДВОР ГАДААДЫХНЫ ХОРХОЙГ ХҮРГЭДЭГ

Палеозоологи, палеоанторпологийн олдворуудыг цаасан хайрцагт нямбайлан хийж тааз хүртэл өндөрт өржээ. Өрөөний зай талбай тун бага харагдана. 1950-иад оноос эхлээд өнөөг хүртэл илэрсэн олдворууд болохыг Сан хөмрөг хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Г.Галдан ярилаа. Палеозоологи, палеоанторпологийн олдвор зөвхөн энэ өрөөгөөр хязгаарлагдахгүй. Зай талбай нь хүрэлцэхгүйгээс Ботаникийн хүрээлэнд чингэлэгт хадгалж байгаа гэнэ. Эртний хүн, амьтны ясны олдворыг мэргэжлийн их, дээд сургуулийнхан судалгаа хийн цуглуулдаг ч Түүх, археологийн хүрээлэн дэх сан хөмрөг хамгийн том нь. Тиймдээ ч хосгүй үнэт олдвор олон бий. Тухайлбал, Хэнтий аймгийн Салхитаас илэрсэн хүний гавлын ясны оройн хэсэг энэ сан хөмрөгийн хамгийн үнэ цэнэтэй нь төдийгүй дэлхий дахинаа одоог хүртэл судалж дуусаагүй олдвор аж. Хүний нүүрний хөмсөгний хэсгээс шууд толгойн оройн хэсэг үргэлжлэх, хэн ч харахад сармагчингийнхтай төстэй олдвор Монголоос төдийгүй Төв Азиас илэрсэн хамгийн эртний хүнйй олдвор болох нь тогтоогджээ.

…археологийн олдвор илэрсэн газраасаа хамаараад өөр, өөр орчин, температурыг шаарддаг. Харамсалтай нь Монголын археологийн олдворууд бүгд ижил орчин нөхцөлд хадгалагдаж байна…

Ийм үнэт олдворуудтай палео-зоологи, палео-анторпологийн сан хөмрөгийн өрөөнд ямар нэгэн нар салхи тусгаарласан, орчны температурыг зохицуулсан тохижуулалт үгүй. Сантехник, галын аюулгүй байдал нь алдагдсан энгийн л нэг хонгилын хэсэг. Мэргэжилтэн Г.Галдангийн ярьснаар археологийн олдвор илэрсэн газраасаа хамаараад өөр, өөр орчин, температурыг шаарддаг. Хадны оршуулгаас олдсон олдвор гэхэд илүү хуурай, цэвдэгтэй булшных нь сэрүүн нөхцөлд байх ёстой. Харамсалтай нь Монголын археологийн олдворууд бүгд ижил орчин нөхцөлд хадгалагдаж байна. Тэгвэл чингэлэгт хадгалагдаж байгаа олдворуудын хувьд энэ талаар ярих ч юм биш. Эртний хүн, амьтны ясны сан хөмрөгийн олдворууд гадаадын судлаачдын хорхойг хөдөлгөдөг гэнэ. Гэвч ийм орчинд гадаадын судлаачдыг оруулж ажиллуулахад ичмээр байдаг тухай ажилтнууд хэлнэ лээ.

800000 ЖИЛИЙН ТЭРТЭЭХ ЧУЛУУН ЗЭВСГИЙН ДУРСГАЛУУД

Монгол орны хамгийн олон цэгээс маш олон тоогоор илэрдэг дурсгал бол чулуун зэвсгийн дурсгал. Археологийн хүрээлэн дэх чулуун зэвсгийн үеийн дурсгалын сан хөмрөгт 300000 гаруй олдвор байна. 800000 жилийн тэртээгээс 7000 жил хүртэлх үеийн түүхийг харуулсан үнэт олдворууд. Хадгалах байр савны хүрэлцээгүйгээс аль аймаг, нутгаас олдсоноор нь ангилаад сагсанд хийгээд өрчихсөн байна. Хүн, мал амьтны ясны олдворыг бодвол хадгалах орчныг нарийн шаардахгүй ч музейд дэлгэвэл аль ч улсын судлаач сонирхохоор түүхэн он цашгийг харуулсан үнэт дурсгалууд байна. Учир нь чулууны лаборатори Монголд ганц. Дагнаж судалгаа хийдэг байгууллага нь энэ хүрээлэнгийнхэн. Хадгалах, хамгаалах орчин нөхцөл нь хумигдаад ирэхээр судалгаа ч хумигдах эрсдэлтэй гэж хүрээлэнгийнхэн хэлж байна.

Түүнээс гадна нүүдэлчдийн булш оршуулгаас илрүүлсэн эд өлгийн зүйлс, гар урлалын дурсгалууд хүрээлэнд бий. Булшны эдлэл хэрэглэлийн олдворын сан хөмрөгт 7000 орчим дурсгал хадгалагддаг ажээ.

Археологийн лабораторид Монгол Улсын хосгүй үнэт дурсгал зургаан лурсгал хадгалагддаг. Хүннүгийн үеийн дурсгалаас илэрсэн ясан хэл хуур, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн мөнгөн хөөмөл чимэглэл Грек Ромын бурхдын дүрсийг дүрсэлсэн, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн ширдэг, дээр дурдсан Төв Азид амьдарч байсан хамгийн эртний хүний гавлын яс зэрэг юм байна.

Түүнчлэн олон мянган жилийн тэртээ хүн төрөлхтний хэрэглэж байсан шавар ваар савны дурсгалууд байна. Мөн одоогоос 2500 жилийн өмнө Баян-Өлгий аймагт амьдарч байсан пазырыкийн булш оршуулгын дурсгалаас илэрсэн бунхны олдворууд ч байна. Энэ нь 2006 онд Дэлхийн археологийн шилдэг 10 нээлтийн нэг болж байжээ.

Б.Гүнчинсүрэн: ОЛДВОР ЖИЛЭЭС, ЖИЛД НЭМЭГДЭЖ БАГТААХ ГАЗАРГҮЙ БОЛЖ БАЙНА

Энгийн нэгэн бараа, бүтээгдэхүүн бус археологийн дэлхийн хэмжээний үнэт олдворуудыг ийм орчинд хадгална гэдэг байж боломгүй асуудал. Төр засгаас археологийн салбарт оруулсан төсөв хөрөнгө, хувь нэмэр гэж юу ч байдаггүй аж. Харин археологичид гадныхантай хамтран төсөл хэрэгжүүлж, тэднээс гуйлга гуйх нь холгүй нөөц боломждоо тааруулан тохижуулсаар, олдворуудыг хамгаалсаар өдөр хоногийн өнгөрөөж байна.

Хэрэв археологийн музейг байгуулчихвал зардлаа дорхноо нөхөөд зогсохгүй Монгол Улсад эдийн засгийн томоохон хүч болох салбар гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

"Жилээс жилд олдвор нэмэгдэж байна. Археологийн судалгааг хэд, хэдэн газар хийдэг. Гол цөм нь манайх. Түүх археологийн хүрээлэн нэгдээд энэ жилийн хувьд гэхэд 33 хээрийн судалгааны ажлын зөвшөөрөл аваад байна. Хээрийн судалгаа бүрээс олдвор илэрнэ. Тэр бүхэн хүрээлэнд ирэхээр бидэнд багтаах газар байхгүй болж байна” хэмээн Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор профессор Б.Гүнчинсүрэн ярилаа.

Үнэндээ хонгилд нуугдсан энэхүү эрдэнэсүүд гэрэл нэхэж байна. Археологичид судлаачид үүргээ гүйцэтгэж улс эх орныхоо нэрийг дэлхийд гаргах үнэт олдворуудыг одоо ч эрэн хайсаар байна. Тэдний хөдөлмөрийг үнэлж, цаашлаад дэлхийн археологийн музей болсон үнэт олдворуудаа өнө удаан жилээр үнэ цэнийг нь алдахгүйгээр хадгалах, хамгаалах, түүнийгээ эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага зайлшгүй байна. Энэ талаар археологийн салбарынхан олон жилийн турш төр засагт хандаж ирсний хариуд 2009 онд музей байгуулах асуудал төр засгийн анхааралд өртөж Богд уулын орчимд музейн цогцолбор барихаар болж, цаашлаад зураг төслийг нь боловсруулан, тендерийг нь хүртэл зарлаад амжжээ. Бараг л музей сүндэрлэхийн алдад сураг алдарч эдүгээ энэ салбарт санаа тавьж байгаа нь археологичдоос өөр хүнгүй болчихсон байна. Хэрэв археологийн музейг байгуулчихвал зардлаа дорхноо нөхөөд зогсохгүй Монгол Улсад эдийн засгийн томоохон хүч болох салбар гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Зууны мэдээ
Б.Энхзаяа

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>