Нэр дэвшигчид хуулийн этгээд 15 сая, иргэн 3 сая төгрөгийн хандив өгөх боломжтой

808

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх эрхмүүд маргааш нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар өрсөлдөхөөр болоод буй. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан асвсныхаа дараа сонгуулийн зардлын дансаа нээх боломжтой болох юм. Тэгвэл данс нээлгэх болоод сонгуулийн хандивын талаарх 24 баримтыг хүргэж байна.


 

Нэр дэвшигчид хуулийн этгээд 15 сая, иргэн 3 сая төгрөгийн хандив өгөх боломжтой

 


 

Баримт 1. Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авснаасаа хойш хандивын дансаа нээх эрх нь үүсдэг.Хандивын данс нээхэд татварын газар, СЕХ, аудитын байгууллагууд хандивын данс нээсэн тухай мэдээллээ хүргүүлэх учиртай.

 

Баримт 2. Хандивын дансны тухайд хуулийн этгээд 15 сая, иргэн 3 сая төгрөгийн хандив өгөх хуулийн зохицуулалттай.

 

Баримт 3. Хандиваас гадна тухайн нэр дэвшигчийн дансанд намын санхүүжилт, нэр дэвшигч сонгуульд зарцуулах мөнгө мөн дансанд байршуулах учиртай байдаг аж.

 

Баримт 4. Энэ үйл ажиллагаанд СЕХ, аудитын байгууллагууд хяналтаа тавина. 

 

Баримт 5. Хууль бусаар болон тодорхой шалгуур хангаагүй хандив тухайн дансанд орж ирэх эсэхийг нэр дэвшигчид өөрсдөө хянах үүрэгтэй.

 

Баримт 6. Хэрэв ийм хандив орж ирвэл тухайн дансанд нь буцааж шилжүүлэх арга хэмжээг авах ёстой байдаг байна.

 

Баримт 7. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 14.9 тэрбум төгрөгөөр зохион байгуулна.

 

Баримт 8. Сонгуульд нам нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг нам 6.8 тэрбум, нэр дэвшигч 3.9 тэрбум төгрөг гэж тогтоож өгсөн.

 

Баримт 9. Сонгуулийн зардлын дээд хэмжээг хэтрүүлсэн намыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэр дэвшигчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас арван тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно.

 

Сонгуулийн зардлын данс


 

Баримт 10. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш тав хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулан банкинд данс нээлгэж, Сонгуулийн ерөнхий хороо болон Үндэсний аудитын газарт бичгээр мэдэгдэж, нийтэд зарлана.

 

Баримт 11. Нэр дэвшигчийн дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулна.

 

Баримт 12. Нэр дэвшигч дээрх данснаас өөр данс нээлгэхийг хориглоно.

 

Баримт 13. Зардлын санд төвлөрсөн хөрөнгийг сонгуулийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлан таниулах, нэр дэвшигчийг сурталчлах, сонгуулийн уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан, нэр дэвшигчийн шадар туслагч, ухуулагчийн бичиг хэрэг, шуудан, холбоо, унааны болон албан томилолт, хөлс, мөнгөн урамшуулал зэрэг зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

 

Баримт 14. Сонгуулийн зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулсан тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.

 

Баримт 15. Сонгуулийн данснаас гадуур өгсөн, хууль зөрчиж нээлгэсэн дансанд төвлөрүүлсэн хөрөнгийг хурааж, улсын орлого болгоно.

 

Сонгуулийн хандив


 

Баримт 16. Хандивын хэмжээг зардлын санд төвлөрүүлсэн хөрөнгийн нийлбэрээр тооцно.

 

Баримт 17. Мөнгөн хандивыг зөвхөн сонгуулийн зардлын сангаар дамжуулж өгнө.

 

Баримт 18. Мөнгөн бус хэлбэрээр өгсөн хандивыг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, хандивын дүнд оруулан тооцно.

 

Баримт 19. Хуулийн этгээдээс хандив өгөх тухай шийдвэрийг гүйцэтгэх захирал, эсхүл төлөөлөн удирдах зөвлөл гаргана.

 

Баримт 20. Нэр дэвшигч нь сонгуулийн хандивын хэмжээ, хэлбэрийг сонгуулийн зардлын тайланд тусгана.

 

Баримт 21. Нэр дэвшигч гадаад улс буюу гадаадын байгууллага /хамтарсан байгууллагын гадаадын оролцогч/, олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, сонгууль товлон зарласан өдөр арван найман нас хүрээгүй Монгол Улсын иргэн, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй хуулийн этгээд, Yйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн бус байгууллага, байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглоно.

 

Баримт 22. Сонгууль зохион байгуулах хугацаанд гадаад, дотоодын тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах, худалдан борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

 

Баримт 23. Сонгуулийн жил зөвхөн сонгуулийн үйл ажиллагаанд зориулж хандив өгч болохбөгөөд энэ тохиолдолд хандивыг намд давхардуулан өгөхийг хориглоно.

 

Баримт 24. Сонгуулийн хандивын хэмжээнээс илүү гарсан, хуульд заасан этгээдээс авсан хандивыг хурааж, улсын орлого болгоно.

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>