|
Видео

Шинэ мэдээ

Ж.Батзандан: Манай улсын нэг иргэн, өлгийтэй хүүхэд 6800 ам.долларын өрөнд орж байна

Намынхаа эсрэг явж, Ерөнхий сайдыг огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан гишүүн Ж.Батзанданд намын удирдлагууд нь хариуцлага тооцохоор болсон гэх мэдээлэл байна.

Өнгөрсөн долоо хоногт болсон АН-ын бүлгийн хурал дээр "Ерөнхий сайдыг огцруулах МАН-ын өргөх бичигт санал нэгдэж гарын үсгээ зурсан Ж.Батзанданг АН-аас хөөх тухай яриа байна. Үнэн үү?” гэхэд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "Энэ асуудлыг бүлэг мэдэхгүй. АН-ынхан удирдах байгууллага мэдэх асуудал” гэж хариулж байсан.

Харин одоогоор Ж.Батзанданг бөгөөд хөөхгүй, хатуухан арга хэмжээ авч магадгүй болоод байгаа гэнэ. Гишүүн Ж.Батзандангийн хувьд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах шаардлагатай, нэн даруй огцруулах ёстой гэдгээ илэрхийлж, "Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулийг удаа дараа уландаа гишгэж байгаа юм. Мөн Монгол Улсын эдийн засгийг элгээр нь хэвтүүллээ. Хоёрхон жилийн дотор Монгол Улсын эдийн засаг үндсэндээ гурав дахин уналаа. Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсан. Монгол Улсын өрийн хэмжээ ДНБ-ээсээ хоёр дахин их боллоо. Манай улсын нэг иргэн, өлгийтэй хүүхэд 6800 ам.долларын өрөнд орж байна. Өөр нэг шалтгаан нь ҮЗХ намынхаа гишүүдтэй зөвшилцөхгүйгээр бусад намуудтай, намын удирдлагуудтай янз бүрийн гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж байгаа явдал. Намын гишүүд удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч нэг удаа ч гэсэн бидний шаардлагыг хүлээж авсангүй. Эдгээр нь Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох хангалттай үндэслэл гэж харж байгаа. Огцруулъя гэсэн гишүүдийн саналыг би хувьдаа бүрэн дэмжиж байна” гэдгээ хэлээд байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.