Б.Бямбасайхан: Олон улсад ямар ч байгууллагатай хамтран ажиллах бололцоотой болсон

771

Б.Бямбасайхан: Олон улсад ямар ч байгууллагатай хамтран ажиллах бололцоотой болсон

 

"Эрдэнэс Монгол” ХХК-ийн 10 жилийн ойд зориулсан эрхэм зочдын энэ удаагийн зочноор , Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан уригдлаа. 

"Эрдэнэс Монгол”-ын удирдлагын баг шинэчлэгдэхэд иргэдийн зүгээс олон эерэг өөрчлөлт шинэчлэл  хүлээдэгТа юунаас ажлаа эхэлж байв?

2015 оны хоёрдугаар сард  Засгийн газрын шийдвэр гарч би "Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдсон.   Ажилдаа ороод хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудал  байлаа. Манай улсад  хэрэгжиж байгаа хамгийн том  төсөл шүү дээ.  Тийм учраас "Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажилласан 19 сарын хугацаанд гол төвлөрсөн салбар маань Оюутолгойн бүтээн байгуулалт байсан.

  Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эргэн эхлүүлэх төлөвлөгөөгөө тавдугаар сард багтаж  баталсан.  Санхүүжилтээ яаж олох вэ, бүтээн байгуулалтыг хэдэн жилийн хугацаанд хийх вэ, энэ хугацаанд хоёр  тал татвараа яаж  төлөх, Монголд хэчнээн долларын хөрөнгө оруулалт орох,  дотоодын компаниудад  хэр их бизнес ирэх гээд гол гол зүйлүүдээ хуулийн хүрээнд тохирсон. Анх удаа 2009 онд Монгол улс хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан. Ингээд л 2010 оноос олон тэрбум долларын бүтээн байгуулалт эхэлсэн дээ. Манай эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлж байлаа. Энэ ажил стандартын зөрүүнээс болж гацсан байсан. Энэ зөрүүг арилгаж ойлголцож чадсанаар гүний уурхайгаа одоо барьж байна. 

Ер нь Оюутолгойн эдийн засаг дахь нөлөө том шүү дээ.  Оюутолгойн төсөл дээр 1000 гаруй компани, 6000 гаруй ажилтан шууд ажиллаж байгаа. Оюутолгойн төсөл эхний шатандаа 45 мянган хүнийг тэжээж байсан гэсэн эдийн засгийн судалгаа байдаг. Одоо энэ тоо мэдээж нэмэгдсэн байгаа. Дотоодын аж ахуйн нэгжүүд, хүмүүсийг худалдан авалт ажил үйлчилгээнд түлхүү оролцуулдаг болсон. Монголын талын 34 хувьд ногдох төслөөс авах өгөөж харьцангуй нэмэгдсэн. Одоогоор 6.5 тэрбум ам.долларыг манай эдийн засагт шууд зарцуулсан байна. Дээр нь нэг онцлууштай нь Оюутолгой маш олон стандартыг оруулж ирсэн. Хуулийн, санхүүгийн гээд тэр олон улсын стандартуудыг  монгол компаниудад нутагшууллаа. Тэр бол үнэхээр сайн хэрэг. Эргээд монголын компаниуд өрсөлдөх чадвартай, өөр бүтээн байгуулалтын ажилд оролцох чадавхитай болж байгаа юм. Одоо бол Оюутолгой жижиг хэвээр байгаа. Гүний уурхайн барилгын ажил дуусаад 2021 оноос олборлолт хийгээд ирэхээр дэлхийн хэмжээний уурхай болно.

 "Эрдэнэс Монгол бол Монголын өрсөлдөх чадварын суурь юм” гэж та хэлсэн байдаг.  Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой удирдлагыг бий болгох талаар  юу хийж амжсан бол

"Эрдэнэс Монгол” компанийг монголчууд төдийлөн сайн мэддэггүй. Энэ компани чинь Засгийн газрын өмнөөс хувьцаа эзэмшээд, хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрэгжүүлдэг, Монголын томоохон орд газрын лиценз,  их хэмжээний  хөрөнгийг захирч, удирдлагыг нь хийж байгаа компани юм.

Намайг ажил авах үед их улстөржсөн эгзэгтэй үе байсан. Тухайн үед улстөржөөд ажил урагшлахгүй, тиймээс бизнесийнх нь зарчмаар ажлаа явуулах хэрэгтэй гэдгийг ЗГ ойлгож, эрхзүйн орчныг нь бүрдүүлэх асуудлыг анхаарч эхэлсэн юм. "Эрдэнэс Монгол” компанийг бизнесийн зарчмаар үйл ажиллагаагаа явуулдаг болох тэр боломжийг нээхийн тулд  "Хүний хөгжлийн сангийн хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр засаглалын талаасаа арай илүү ойлгомжтой болсон. Ер нь энэ компани маш олон хоорондоо  зөрчилтэй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад их төвөгтэй байсан л даа.  Бас нэг том зовлон нь  "Хүний хөгжлийн сангийн хууль”-иар  "Эрдэнэс Монгол”-ын дансанд байгаа мөнгийг Засгийн газраас дуртай үедээ татаад авчих тухай заалт байсан. Энэ нь компанийн тогтвортой үйл ажиллагаа явуулах боломжийг хаадаг. Үүнийг өөрчилсөн. Ингэснээр том үр дүн нь юу вэ гэхээр олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж нээгдсэн юм. Одоо Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй компанийн балансыг цэвэрлэх, удирдлагын чадавхийг сайжруулах төслүүд хэрэгжиж байгаа. Би анх ажил авахдаа "зургаан жилийн дотор энэ компанийг  олон улсын  хөрөнгө оруулалтын удирдлага хийдэг  "Темасек” зэрэг дэлхийн хэмжээний компани болох түвшинд хүрэх  боломж байна. Гол нь сэтгэхүйгээсээ эхэлж өөрчлөх хэрэгтэй” гэж хэлж байлаа.  Бидэнд олон улсын санхүүгийн аудит гэж байгаагүй.  Ажил авсныхаа дараа том дөрвийн нэгээр аудит хийлгэж эхлүүлсэн. "Эрдэнэс Монгол” компани байгалийн нөөцийг үр ашигтай сайн засаглалаар удирдах, гадны зах зээл дээрээс хөрөнгө оруулалт босгох гол үүрэгтэй компани. Тэгэхээр энэ үүргийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд санхүүгийн аудит хийлгэсэн байх ёстой байлаа.  Хаана ч очсон санхүүгийн шинжээчид тэр аудитын тайланг хараад "Эрдэнэс Монгол” компанийн тухай бүрэн ойлголттой болох юм.  Энэ хүрээнд охин компаниуд дээр ч олон өөрчлөлт  хийсэн.  Жишээлбэл, Багануур ХК  гэхэд л  гуч дөчин жил  бүртгэлийг нэг аргаар хийдэг байсан бол тэр аргыг нь олон улсын  стандартаар өөрчилсөн.  Аливаа компанийн засаглал сайн байхын тулд юуны өмнө үйл ажиллагаа нь хуулийнхаа дагуу ойлгомжтой байх, санхүүгийн сахилга бат, хүний нөөцийн бодлогоо амжилттай хэрэгжүүлээд явах шаардлагатай байдаг. Одоо "Эрдэнэс Монгол” компани хийсэн өөрчлөлт, олсон амжилтуудаа ахиулах боломжтой.

"Эрдэнэс Монгол” компанид Монголын томоохон орд газрын лиценз, олборлолт,  менежмент хийх эрх бүгд бий.  Энэ их хөрөнгийг зөв менежментээр удирдах нь олон улсын тавцанд хүрэх гол шат суурь болох нь,  тийм үү

"Эрдэнэс Монгол” бол их "баян” компани.  Гэхдээ энэ компанийг дан ганц уул уурхайн салбарт биш дэд бүтэц рүү оруулах зорилгоор байгуулсан. Тэгэхээр дараагийн  буюу  дэд бүтцийн салбар луу орох чадавхитай компани болох тэр суурийг бүрдүүлэхийн тулд үе үеийн удирдлагууд ажиллаж байгаа. "Эрдэнэс Монгол” компанид ОУ-ын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн компани болох зорилт бий. Үүнд хүрэхийн тулд бизнесийн манлайлал үнэхээр чухал.  Бас олон нийтээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Энгийнээр хэлбэл иргэдийн өмчийг удирдаж байгаагийн хувьд энэ компанийн үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой шүү дээ. Энэ нь өөрөө сайн засаглалын гол суурь юм. 


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>