Н.Алтанхуяг зөвхөн намын даргаа өгөхөөр болжээ

1714

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудал сунжирсаар өвөлтэй золгох нь. Өмнө нь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах оролдлогыг удаа дараа  хийж байсан боловч амжилтгүй болж байв.  Харин энэ удаагийн улс төрийн тоглолт арай өөр найруулгаар явагдаад байгаа юм.

 Тодруулбал, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг АН-аас 10 гаруй гишүүд дэмжиж байгаа. Энэ нь түүний суудал улам ганхаж байгаагийг илэрхийлэл.  Тэр утгаараа өөр, найруулга, хор, улс төр явж байгаа нь мэдээж.  Ингээд МАН-ын 26 гишүүн дээр АН-ын 10 гишүүн нэмэгдэж байна.

 АН-аас одоогийн байдлаар Х.Баттулга, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Батцогт, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт нарын гишүүд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсгээ зураад байгаа.  Түүнчлэн АН-ын орон нутгийн намын хороо, Нийслэлийн намын хорооноос түүнийг Ерөнхий сайд болоод намын даргын суудлаас огцрохыг шаардсаар байна.  Учир нь түүнийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээг дур мэдэн хийсэн гэж буруутгаж байгаа.  

Энэ талаар нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл "Манай намын дарга Н.Алтанхуяг  Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалж үддэхийн тулд долоо сайдыг золиосонд гаргасан.  Одоо тэр нь явахгүй болохоор АН-ыг улс төрийн золиосонд гаргаж байна.  Орон нутагтаа ямар ч зохион байгуулалт байхгүй, нэг хүний хувийн өмч болчихсон  МАХН-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулалтад орж байгаа, эрх баригч намтай эн тэнцүү хэмжээнд авч үзэж ийм гэрээ байгуулсан.  Тиймээс ҮЗХ-г яаралтай хуралдуулж хариуцлагагүй намын даргад хариуцлага тооцохыг шаардаж байна.  Түүнийг намын даргаас нь огцруулах ёстой” хэмээн мэдэгдсэн.  Ийнхүү АН-ын намын хороод ҮЗХ-г яаралтай хуралдуулах шаардлага тавьж байгаа юм.

Энэ мэт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг сэлэм эргүүлсэн тоглолтууд дараалан гарч, түүнийг улам л буланд шахсаар байна.  Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх байв. Гэтэл байнгын хороодын хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Тэгвэл өнөөдөр АН бүлэг ээлжит хуралдаанаа хийх юм байна.  Хуралдааны дараа  Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл байгаа юм.

Өчигдөр Ерөнхий  сайд Н.Алтанхуяг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нартай уулзаж, асуудлыг нэг тийш болгосон сурагтай.  Тэр ч бүү хэл МАН-ын дарга М.Энхболдтой Их тэнгэрийн аманд уулзсан хэмээн эх сурвалж хэллээ.  Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргаасаа буухуу, Ерөнхий сайдын суудлаасаа буухуу гэдэг хоёрхон сонголтын өмнө ирчихээд байгаа аж.  Дээр хэлсэнчлэн Ерөнхий сайдыг МАН, АН-ынхан буланд шахсаар гарах гарцгүй болгосон гэсэн үг.  Тэгэхээр баттай эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг намын даргын ажлаа өгөхөөр болсон гэнэ.  Харин Ерөнхий сайдын суудлаасаа буух тун дургүй байгаагаа намын удирдлагууддаа илэрхийлсэн байна.  Тиймээс АН-ынхан түүнд хариуцлага тооцно гэх зарчмаараа түүнийг намын даргын суудлаас нь түлхэн унагахаар шийдсэн нь энэ бололтой.  

Д.Анар 

 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>