|
Видео

Шинэ мэдээ

С вируст гепатит гэж юу вэ?

Дэлхий дахинд

Элэгний С вирус нь цочмог эсвэл архаг элэгний үрэвслийг үүсгэдэг. Үрэвсэл нь хэдэн долоо хоног үргэлжлэх хөнгөн хэлбэрээс насан туршид үргэлжлэх хүнд хэлбэрээр явагдаж болно. Дэлхий дахинд элэгний С вирусын халдвартай 130-170 сая хүн амьдардаг бөгөөд жил бүр 3-4 сая хүн халдвар авч, 350-500 мянган хүн уг вирустай хамааралтай өвчнөөр нас бардаг талаар ДЭМБ мэдээлжээ.

Газарзүйн хувьд авч үзвэл С вируст гепатит нь дэлхий нийтэд өргөн тархсан халдвар бөгөөд Төв болон Зүүн өмнөд Ази, Хойд Африкийн бүс нутгуудад (тухайлбал Египет, Хятад, Пакистан) тархалт өндөр байдаг. Элэгний С вирусын генийн 7 дэд хэв шинж дэлхийн улс орнуудад харилцан адилгүй тархсан байна.

download (1)Дамжих зам

С вирустэй цус, цусан бүтээгдэхүүнээр ихэвчлэн самшуу (парентерал) замаар халдварлана. Бэлгийн замаар болон эхээс урагт дамжин халддаг боловч парентерал замаар халдварлахтай харьцуулахад маш цөөн.

Өртөмхий байдал

• Цус, цусан бүтээгдэхүүн олон дахин сэлбүүлдэг,

• Мансууруулах бодис, хар тамхи хэрэглэдэг,

• Удаан хугацааны туршид гемодиализ хийлгэдэг,

• ХДХВ-ийн халдвартай хүнтэй хамт амьдардаг хүмүүс болон

• Эрүүл мэндийн ажилтнууд өртөмхий байна.

Эмнэлзүйн шинж тэмдэг

С вируст гепатитын нууц үеийн хугацаа нь хоёр долоо хоногоос зургаан сар байна. Анх халдвар авсан хүмүүсийн ойролцоогоор 80 гаруй хувьд нь ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэггүй.

Илрэх эмнэлзүйн шинж тэмдэгт хоолонд дургүй болох, хэвлийгээр бага зэрэг эвгүй оргих, дотор муухайрах, бөөлжих, шээс өтгөрөх, өтгөний өнгө цайвар болж улмаар арьс, салст шарлах шинж тэмдэг багтана.

Илрүүлэг ба оношилгоо

Цочмог С вируст гепатит нь ихэвчлэн эмнэлзүйн шинж тэмдэггүй явагддаг учир архагшсан үедээ оношлогдоно.

Оношлох үе шат

• Серологийн шинжилгээгээр элэгний С вирусын эсрэг бие (anti-HCV) илрүүлнэ. Хэрэв тухайн вирусын эсрэг бие 6 сараас дээш хугацаанд цусанд тодорхойлогдсоор байвал архаг гэж үзнэ.

• Хэрэв элэгний С вирусын эсрэг бие илэрсэн бол архаг С вируст гепатитын халдварыг баталгаажуулах зорилгоор С вирусын РНХ илрүүлэх шинжилгээ хийнэ.

• Элэгний С вирусын архаг халдвартай хэмээн оношлогдсон хүмүүст элэгний гэмтлийн (фиброз, элэгний хатуурал) зэргийг тогтоох үнэлгээ хийх ёстой.

• Нэмэлтээр, элэгний С вирусын генийн хэв шинжийг тодорхойлох зорилгоор лабораторийн шинжилгээ хийнэ.

• Илэрсэн генийн хэв шинж ба элэгний гэмтлийн зэргийг эмчилгээний шийдвэр гаргахад ашигладаг.

Өвчний явц

Халдвар авсан хүмүүсийн 60-70 хувьд нь элэгний өвчин үүсэх бөгөөд 5-20 хувь нь элэгний хатууралд шилжиж, 1-5 хувь нь элэгний хатуурал эсвэл элэгний хавдрын улмаас нас бардаг байна.

Урьдчилан сэргийлэлт

Элэгний С вирусын эсрэг вакцин одоогоор байхгүй.

• Шаардлагагүй эм тариа, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүн, мансууруулах бодис хэрэглэхгүй байх,

• Тохиолдлын бэлгийн харьцаанд орохгүй байх,

• Шивээс болон арьс салстыг гэмтээх зэргээс зайлсхийх хэрэгтэй.

Элэгний С вирусын халдвар авсан хүмүүс

• Уг халдварын талаарх эмчилгээ үйлчилгээ, асаргаа сувилгааны талаар зөвлөгөө авч, мэдлэгтэй болох,

• Хам халдвар авч, элгийг гэмтээхээс урьдчилан сэргийлж элэгний А болон В вируст гепатитын эсрэг вакцин хийлгэх,

• Шаардлагатай бол вирусын эсрэг эмчилгээ болон зохих эмнэлгийн тусламж үйлчилгээг аль болох эрт авах,

• Элэгний өвчнийг эрт оношилсон бол тогтмол хяналтад байх шаардлагатай.

Эмчилгээ

Элэгний С вирусын халдварын үеийн стандарт эмчилгээ болох интерферон, рибавириныг хослуулан хэрэглэнэ.

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.