ОФФШОР ба ХАРИУЦЛАГА

876
 
 ОФФШОР ба ХАРИУЦЛАГА

Т.БАТСАЙХАН

Манай улс оффшортой тэмцээд бүхэл бүтэн дөрвөн жилийг ардаа орхижээ.  Энэ хугацаанд Оффшорын тухай хууль хүртэл баталлаа. Гэсэн ч оффшор данстаны тоо нэмэгдэж, хүрээгээ тэлсээр байна. Оффшор буюу "эргээс гадна” гэсэн утгатай энэ үг эхэндээ гэмт хэрэг мэтээр ойлгогдож байсан бол одоо байдаг л зүйл болтлоо мөлийлөө.  Анх 2013 онд УИХ-ын гишүүн асан С.Баярцогтын оффшор данс олон  улсад задарч дуулиан болж байв. Сөрөг хүчний  шахалтаар түүнийг УИХ-ын дэд даргын суудлаас унагаж байсан.


Тухайн үедээ сөрөг хүчин болон төрийн бус байгууллагууд мэдэгдэл хийж, оффшорын асуудлыг манайхан их л сүр дуулиантай хүлээж авсан даа. Гэхдээ тэр дуулиан дэд даргын суудлыг "булаасан”-аас цаашилсангүй. Нэг тэрбумын хөрөнгийг УИХ-ын жирийн нэг гишүүн хаанаас яаж олсон гэдгийг хэн ч сонирхоогүй. Хэвлэл мэдээллийнхэн Оюутолгойн гэрээтэй холбоотой байх гэж хардсан ч эрх баригчид болон хууль тогтоогчид тоож шиншлээгүй. Тун  удалгүй оффшорчин улстөрчийн тоо ч нэмэгдэж эхлэв. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консор­циумын илрүүлсэн "Панамын материалууд” дотроос манай "нэртэй” улстөрчийн охидын нэр гарч ирлээ.

Ерөнхий сайд асан С.Баярын  Бадамхандын хувьд Багамын аралд байрлалтай "Гоулд Уеллен Инк” компанийн нэр дээр дөрвөн ч данс байгаа бол С.Баярын Нандины нэр дээр хоёр данс байгааг олон улсад зарласан. Яг өөрийнх нь нэр дээр гараагүй учраас С.Баяр энэ асуудлыг няцаасан байдаг. Тэрээр "Надад оффшор данс байхгүй, улстөрч хүнд оффшор данс байх ёсгүй” гэх мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн мэдэгдэл хийсэн. Гэхдээ түүнийг эсэргүүцэгчид Лондон хотод хүртэл жагсаал  зохион байгуулж байв. Энэ тэмцэл Элчин сайдаас огцрох өргөдлөө өгөхөд нь хүргэсэн байж болох ч үр дүнд хүрээгүй. Оффшор данстай С.Баярцогтод, С.Баярт ч Монголын төр хариуцлага хүлээлгэж чадаагүй байна.


Үүний араас УИХ-ын гишүүн Сү.Батболдын төрсөн ах С.Бат-Очир, Сангийн сайд асан Я.Очирсүх, УИХ-ын гишүүн, "Болд төмөр ерөө гол” компанийн захирал Б.Дэлгэрсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга асан Х.Бум-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай, НИТХ-ын дарга асан Ц.Сандуйн дүү Ц.Сэргэлэн нарын нууц данс илрэв. Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 20-нд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консерциумаас зарласан мэдээллээр манай улсаас нэгэн үе УИХ-ын гишүүн Лу.Болд, УИХ-ын гишүүн асан М.Зоригт, нарын толгойлж байсан "Бодь” групп, УИХ-ын гишүүн асан "Молекул” Б.Батбаярын хүү Б.Батхишиг, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хүү Баттүшиг нарын нэр ил болов. Ингэснээр оффшор бүсэд данстай Монголын 49 иргэн байсан бол нэмж 16 оффшор данстан бүртгэгдлээ.

Мөн 17 тэрбум төгрөг татваргүй бүсэд эргэлдэж байсан бол сүүлд хийсэн судалгаагаар тэнд 31 их наяд байх магадлалтай гэжээ. Ийнхүү Монголын оффшорчид нэмэгдэж тэнд байгаа мөнгө хэдэн арваар үржсээр байна. Харин хариуцлагын асуудал бүрхэг хэвээр байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Оффшорын хуулийг баталсан ч олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхзүйн орчин бүрдээгүй байна гэдгийг манай хуулийн байгууллагынхан хэлж байсан. Үүний дараа Шинэчлэлийн Засгийн газраас оффшор бүсэд байрших улс орнуудын жагсаалтыг баталсан. Ингэснээр оффшорын хууль ямар улс, нутаг дэвсгэр, аль бүсийг хамаарах вэ гэдэг нь тодорхой болсон юм. Гэтэл энэ жагсаалтад оффшор бүсэд хамаарах нийт 42 орноос 13-ыг хасч баталжээ. Тодруулбал, оффшор бүсэд хамаарах I, II зэргийн улсууд болох Швейцарь, Хонгконг, Люксембург, Лебанон, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней жагсаалтад ороогүй гэсэн үг юм.

Хамгийн анхаарал татаж байгаа нь Панамын баримт бичгийн улмаас дэлхийн олон улсад мөрдөн шалгах ажиллагаа явуулж, манай улсад ч үүний улмаас АТГ, ЦЕГ-т 23 иргэнийг мөрдөн шалгаж байхад Панам улсыг жагсаалтаас хассан нь хачирхалтай юм. Мөн өнгөрсөн зургадугаар сард Ерөнхийлөгч оффшорчдод 49 хоногийн хугацаа өгч, энэ хугацаанд мөнгөн хөрөнгөө эргүүлэн татвал өршөөл үзүүлэх тухай сануулга гаргасан. Гэвч энэ хугацаанд нэг ч хүн мөнгөн хөрөнгөө татаагүй.

Ийнхүү оффшорчдод хариуцлага тооцно гэдэг манай улсад үлгэр болж хувирах магадлалтай байна. Оффшорын эсрэг хууль гарна, тэр нь цоорхойтой, оффшор бүсийн байршлыг батална, гол байршлыг хасна. Би оффшортой гээд хариуцлагаа хүлээгээд хөрөнгөө татчих эх оронч нэгэн ч алга. Сүүлдээ бүр  оффшор бүс ашигтай,  бизнесийнхэнд бол байж болох асуудал гэсэн цуурай хаа нэгтэйгээс сонсогдож эхлэв.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин



Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>