Агаар “амтлах” тариф
Босго, тотгоны заагаар хөх униар суунаглан, тооноор үүл нүүж, уул дүнхийх нь үзэгдэж, гэрийн хаяагаар хацар холцруутам сэвэлзүүр салхи хөөрөгдөх тансаг, тавлиун орчин, оршихуйг санагалзах зуураа цонхоор харав.
Сүндэрлэх барилгууд сааралтах униартай сүлэлдэх агаад автозам дээр эрээлжих машинууд хар утаа “нэрэн” эгнэжээ. Хараа залгаа алхах хүмүүс халаасандаа гараа хийн, газар шагайн, хурдлах төдийгүй орчин, тойрноо ажрах сөхөөгүй урагш бүдэчнэ. Монголд хасах градустай, хүйтэн өдрүүд арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэх бөгөөд жихүүн өвөл таван сар хэртэй үргэлжилдэг. Тэгэхээр 365 хоногийн тал нь шахуу дээрх янзаар өрнөнө, өнгөрнө.
Хэрсэн түгжрэл, саарал утаан дунд жилийн олонх өдрийг, амьдралынхаа ихэнх хугацааг элээж байгаа нийслэлийн иргэд уй, униар хоёроосоо хором холдохын тулд шаггүй өртөг төлдөг.
Агаар арилжих хэлбэрүүд
Цэвэр агаар үнэд хүрнэ гэдэг хэдхэн жилийн өмнө хэний ч санаанд ороогүй нь лавтай. Тиймдээ ч нэрт яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргал агсан “Ямар цэнгэг юм бэ Монголын ариун агаар” хэмээн шүлгийн мөрөндөө тэрлэж байсан биз. Харин одоо цаг улирч, Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь агаараар бус угаараа амьсгалж байна. Улмаар цэвэр агаар үнэд хүрж, хамгийн эрэлттэй таваарт тооцогдох болов.
Иргэд цэвэр агаарыг дөрвөн хэлбэрээр худалдан авч байгааг “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ынхан судалж, тогтоожээ. Тэд агаарын арилжааны хэлбэрийг,
- Амралтын өдөр хотын ойролцоо агаарт гарах
- Хөдөө эсвэл агаарын бохирдол багатай зуслангийн бүсэд байшин, барилга түрээслэх
- Тавиул хүүхэд буюу хүүхдээ хөдөө байдаг аав, ээж, хамаатан, садангийндаа үлдээх
- Агаарын бохирдол ихтэй, хүйтний улиралд гаднын дулаан орныг зорих гэж дөрвөн янзаар тодорхойлсон байна.
Эд цөм өртөгтэй. Мөн зах зээл нь хөгжиж, эрэлт нь жил ирэх тусам нэмэгдэж буй.
Хувилбар 1: Утаанаас дайжих монголчууд
Монголын уйтай, урт өвөл эхэлмэгц дулаан орныг зорих хүмүүс цөөнгүй байна. Иргэдийн энэ хэрэгцээнд нийцүүлээд гаднын улсад нэг сараас дээш хугацаанд амьдрах тавлаг сууц, тохилог орчин базаадаг аяллын компаниуд ч элбэгшжээ. Тэдгээр компаниуд “Чи л мөнгөгүй байгаагаас зун хаа сайгүй болж байгаа”, “Халуун оронд өвөлжье” зэрэг уриа лоозон гаргаад, хүмүүст хэсэгтээ дулаан орон, цэвэр агаарт амьдрах боломж, нөхцөл санал болгож буй. Эрүүл агаараар амьсгалах хүсэлтэй иргэдийн олонх нь Тайланд, Сингапур, Вьетнамыг зорьдог аж. Эдгээр улсад нэг сар амьдрах байрны түрээсийн үнэ 2.5 саяас эхэлдэг бөгөөд 10 хүртэлх сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Иргэд ихэвчлэн 1-3 сар гаднын улсад амьдардаг аж. Түүнчлэн хичээл, сургууль амрах үеэр гадагшаа явах хүний урсгал эрс нэмэгддэг талаар нэр бүхий аяллын компанийн ажилтан мэдээлсэн юм.
2023 онд 2.6 сая зорчигч Монгол Улсын хилээр нэвтэрснээс 75.7 хувь нь монголчууд, 24.3 хувь нь гадаадын иргэд байсныг Үндэсний статистикийн хороо танилцуулсан. Гадаадад зорчсон монгол иргэдийн тоо давхардсан тоогоор хоёр сая хүрснээс дийлэнх нь буюу 67.6 хувь нь аялал жуулчлалын зорилгоор зорчсон нь өмнөх оныхоос 3.2 дахин өссөн үзүүлэлт болж байна. Эдгээр иргэдийн талаас илүү хувь нь өвлийн улиралд гаднын улс руу аялсан байна. Ялангуяа, аялах зорилгоор гадагшаа явсан 18-аас доош насны иргэдийн дийлэнх нь өвлийн улиралд өөр улсыг зорьжээ.
Хувилбар 2: Уул бараадах олон
Амралтын өдөр хотын ойролцоо салхилах нь хамгийн богино хугацаа, хамгийн бага өртөг шаардах агаарлалт юм. Хоногоор бус өдөртөө яваад, өдөртөө ирэхэд дунджаар 50-100 мянган төгрөг зарцуулдаг байна. Үүнд шатахууны зардал болон өдрийн хоолны тооцоо багтах аж. Харин агаартай, амралтын газар хонох бол асуудал өөр. Нийслэлийн ойролцоох амралтын газруудын хоногийн төлбөр хамгийн багадаа 200 мянган төгрөг бөгөөд үүнд хоолны зардал орохгүй юм. Хүнсээ базаагаад, шатахуунаа зэхээд гарахад хоногт 200-400 мянган төгрөг зарцуулдаг байна. Энэ талаар иргэн О бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Хүүхдүүдээ агаарт гаргаад, амралтын газар хоноход хамгийн багадаа 250-350 мянган төгрөг зарцуулдаг. Очоод буудаллах байр сав авна. Хоол ундаа бэлдэнэ. Долоо хоног болгон энэ хэмжээний мөнгийг цэвэр агаар худалдаж авахад зарцуулах хэцүү. Сард нэг удаа бол иймэрхүү байдлаар агаарладаг. Заримдаа Богд ууланд очоод өдөртөө ирдэг. Гэхдээ хүүхдүүдтэй болохоор өдрийн турш гадаа байх хэцүү. Заавал гэр, сууц авч таардаг. Нэгэнт хоногийн төлбөр төлж байгаа учир хоноод, нэг өдөр ч болов цэвэр агаарт байх нь зүй санагддаг” гэв.
Хувилбар 3: Байшин түрээслэх
“Цэвэрт агаарт” гэх тодотголтой зуслангийн байшингийн зар нийгмийн сүлжээнд цөөнгүй харагддаг. Хотын утаанаас холдох хүсэлтэй иргэд олширч, эрэлт элбэгших тусам зах зээлийн зарчмаар нийлүүлэлт нь нэмэгдээд буй нь энэ. Үнэ хөлс нь ч шаггүй өндөр. Хотын утаанаас зайтай, жижгэвтэр хувийн байшингийн сарын түрээсийн үнэ 1 сая төгрөгөөс эхэлж байна. Тохь тухтай хаусны үнэ 3-4 саяас эхэлж байна. Хаусын төлбөрөөс гадна шатахуун, түлш, хоол, хүнсний өртөг нэмэгдэхээр иргэд өвлийг агаарт өнгөрөөхдөө багагүй өртөг зарцуулдаг аж.
Түүнчлэн эх, нярайг эрүүл агаарт сувилдаг амралтын газрууд манайд цөөнгүй бий. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг сувиллууд хүүхэдтэй ээжийг гэрээс нь өөрсдийн унаагаар авдаг бөгөөд сувилалдаа аваачаад уламжлалт болон физик эмчилгээ хийдэг аж. Цэвэр агаарт, өдрийн хоолтой, хүүхдийн хийгээд ээжийн асаргаа сувилгаатай энэ төрлийн амралтуудын үнэ хоногоосоо хамаараад харилцан адилгүй үнэтэй. Нэг хүн долоо хоног эрүүл агаарт сувилуулахад хамгийн багадаа 1 сая төгрөг болохоор байна.
Ирэх долоо хоногоос сурагчдын өвлийн амралт эхэлнэ. Хүүхдүүдээ амармагц эцэг, эхчүүд цэвэр агаарын эрэлд гардаг. Өмнө өгүүлсэнчлэн өөрсдийн боломж, нөхцөлд тааруулаад агаар барааддаг. Хөдөө аав, ээж, ах, дүү нь амьдардаг хүмүүсийн хувьд хүүхдүүдээ тийш явуулах нь элбэг. Амралтаар нь зуслан, лагерь, аймаг, сум бараадуулах нь ханиаднаас хагацааж, агаар амтлуулах хамгийн дөт арга ч байж мэдэх юм. Гэхдээ мэдээж өртөг шаардана. Хөдөө хүргэх газрын хол ойроос хамаарч шатахуун, түлш зарцуулахаас гадна очих айлдаа бэлэг, сэлт бэлтгэх шаардлагатай талаар “Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ-ынхан онцолсон байна.
Эдгээр болон бусад хэлбэрээр иргэд цэвэр агаар худалдан авч, зарим нь арилжиж байна. Нийслэлийн утаа шингэрэх хүртэл агаар амтлах хүсэл арилахгүй тул энэ төрлийн арилжаа ашигтай байх нь лавтай.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл