Европын Холбоо, Япон улс дэлхийн хамгийн том эдийн засгийн бүс байгуулна
Европын Холбоо Япон улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах үндсэн нөхцөлөө харилцан тохирлоо. Ингэснээр талууд дэлхийн хамгийн том эдийн засгийн бүсийг бий болгох боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл энэ бүсэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 орчим хувийг бүрдүүлж буй 600 сая хүн багтах юм. Мөн энэхүү хэлэлцээр нь Европын Холбооны түүхэн дэх хамгийн том хоёр талт худалдааны хэлэлцээр болно гэдгийг онцолж байна.
Хэлэлцээрийг үзэглэснээр талууд худалдааны бараа, бүтээгдэхүүнийг тарифаас чөлөөлөх аж. Япон улсын хувьд 127 сая хүн амтай, Европын долоо дахь том экспортлогч улс бөгөөд Европын Холбооноос Японд гаргаж буй экспортын дийлэнхийг хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүн эзэлдэг байна. Хэлэлцээр байгуулснаар Европын Холбоо Японд нийлүүлэх махны экспортоо нэмэгдүүлэх боломжтой юм.
Үүнээс гадна Европын хөдөө аж ахуйн өндөр чанарын 200 гаруй бараа, бүтээгдэхүүн дэлхийд гуравдугаарт ордог эдийн засагтай улсын зах зээлд нэвтрэх боломжтой болно. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээ, цахим худалдаа, харилцаа холбоо, тээврийн салбарт талуудын хамтын ажиллагаа өргөжнө гэж ажиглагчид үзэж байна. Ийнхүү чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах нь протекционист бодлого хэрэгжүүлэхийг зорьж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт томоохон сорилт болно гэж ажиглагчид харж байна. Энэхүү хэлэлцээр нь эдийн засгийн үр ашгаас гадна "стратегийн чухал ач холбогдолтой" гэдгийг Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
Б.Ариунболд