Өвчтэй нь үхэж, мөнгөтэй нь явсаар байг уу?

240

Өвчтэй нь үхэж, мөнгөтэй нь явсаар байг уу?

 

Харийг зорих монголчуудын цуваа сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдэж, боловсролтой, эрүүл чийрэг, ид хийж бүтээх насны залуус гадагшаа гарч болох бүх л арга замаар явсаар байна. Тэр тусмаа БНСУ-ыг зорих монголчууд сүүлийн гурван жилд хэд дахин нэмэгдэж, тэнд харлагсдын тоо дэлхийд хамгийн дээгүүрт бичигдэх болсон. Статистик дурдвал, Монгол Улсын 125 мянган иргэн гаднын оронд ажиллаж, амьдардаг. Үүнээс 25 мянга нь БНСУ-д байгаа гэх албан ёсны мэдээлэл бий.

Үүнийг дагаад гаднын орнууд руу гарах виз бизнес болон хөгжиж, монгол залуусаа гадагш нь гаргах зорилготой олон арван аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, Элчин сайдын яамдын ажилтан, албан хаагчдын гар хөл бологсод хөлжиж байгааг эх сурвалжууд дурдаж байна. Үүнийг БНСУ-ын жишээгээр танилцуулъя. Өдгөө манайд БНСУ-ын ЭСЯ-ны төлөөлөн гүйцэтгэх байгууллага буюу мэдүүлэг хүлээн авах найман байгууллага идэвхтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага ачааллаа дийлэхгүй байгаагийн улмаас өдөрт 50-60 ширхэг дугаар тараах байдлаар БНСУ-ыг зорихыг хүсэгчдийг визэнд оруулах ажлыг гүйцэтгэдэг аж. Энэ нь БНСУ-д яаралтай мэс засалд орох, эмчилгээ хийлгэх хүнд өвчтөн, сургуульд суралцах, сургалт, семинарт оролцох гэх мэт зайлшгүй шаардлагатай иргэдэд ихээхэн хүндрэл болдог аж.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН АЖИЛТНУУД ВИЗ ХҮСЭГЧДЭД ХҮНД СУРТАЛ ГАРГАСААР БАЙНА

БНСУ-ыг зорих виз хүсэгчдэд ямар асуудал тулгарч байгаа талаар зарим иргэний яриаг хүргэе.

Иргэн Г.Наранбаатар

"Миний дүү хэдэн жилийн өмнө умайн хүзүүний хорт хавдраар өвдөж, баруун өндгөвчөө умайн хамт тайруулсан. Гэтэл хавдрын үлдэгдэл эсүүд зүүн өндгөвчиндөө үсэрхийлж шулуун гэдэс чацархайндаа тархсан. Ингээд БНСУ-ыг зорьж, хавдартай өндгөвчөө авахуулах, химийн болон туяа эмчилгээ хийлгүүлэхээр Улсын клиникийн нэгдүгээр эмнэлэг, ХСҮТ-ийн тодорхойлолт болон ГХЯ-наас гадаадад эмчлүүлэхийг дэмжсэн HOT бичиг авсан. Улмаар яаралтай виз мэдүүлсэн боловч төлөөлөн гүйцэтгэх байгууллага буюу виз мэдүүлгийн төвийн ажилтан хайхрамжгүй хандаж яаралтай, хүнд өвчтэйг нь бүртгэж аваагүйн улмаас энгийнээр ЭСЯ-нд бүртгэгдэж найман товчооны 500 гаруй хүний материал дор орж цаг алдуулаад байна. Түүнчлэн БНСУ-д очих эмнэлэгтээ урьдчилгаа төлбөр тушаасан байтал виз олгоогүйн улмаас дүү маань амиа алдах дээрээ тулчихаад байна” гэв.

Мөн иргэн М.Алтантуяа "Би хувьдаа компанитай улсад жилдээ татварт 10 гаруй сая төгрөг төлдөг. Компанийн болоод хувийн хэд хэдэн дансны нийлбэрээр 50 гаруй сая төгрөгийн үлдэгдэлтэйгээр БНСУ-д бизнесийн уулзалт семинарт явахаар виз мэдүүлсэн боловч виз мэдүүлгийн төв болоод ЭСЯ-нд хоёр cap гаруй хугацаанд шалгагдаад эцэст нь зорчих зорилгоо хангах төлбөрийн чадваргүй шалтгаанаар виз татгалзсан. Угтаа бол 7-10 хоног ажил хэргийн уулзалтад явахад 40-50 сая төгрөг орохгүй шүү дээ. Энэ бол цаана нь цэвэр бизнесийн ашиг сонирхол явж байгаа хэрэг” гэлээ.

Түүнчлэн өөр нэгэн иргэн Д.Саранзаяа "Визний материал төлөөлөн гүйцэтгэх байгууллагууд буюу товчоонууд маш их хувийн амбийцаар иргэдэд ханддаг. Ардчилсан нийгэмд аль ч улсын элчинд виз хүсэхэд зорчигч өөрөө материалаа бүрдүүлээд өөрийнхөө мэдэх тухайн консулын шаардсан хэлээр боловсруулаад өгөх эрхтэй байдаг. Гэтэл хүний эрхийг ноцтойгоор зөрчиж заавал солонгос хэлээр өгөх, заавал өөрийнхөө байгууллагаар орчуулга үйлчилгээ хийлгэхийг шаардах, өөрийн болон орчуулгын товчоогоор орчуулуулаад ирсэн материалыг хүлээн авахгүй байх зэргээр виз мэдүүлэгчдэд хүндрэл учруулдаг. ЭСЯ-нд энэ талаар мэдэгдэхэд тэгэх ёсгүй гэдэг хариу өгдөг. Энэ бол наана нь ажиллаж байгаа хүмүүсийн ашиг сонирхлоос үүдэлтэй хүндрэл” гэсэн юм.

Мөн иргэн Хонгороо "Би 27 настай. Бөөрний архаг дутагдпын дөрөвдүгээр шатанд орж, үхэл амьдралын зааг дээр ирсэн байсан. БНСУ-ын эмнэлгээс цаг товлож, урилга аваад төлбөрийн урьдчилгаагаа хүртэл төлсөн. Бүх материалаа бэлтгээд визний төлөөлөн гүйцэтгэх байгууллагад өгөхөд заавал өөрөөс нь мэдүүлэг авна, яаралтайгаар явахгүй гэх мэтээр маш ихээр чирэгдүүлсэн. Хяналтын эмчээр нь БНСУ-ын хүлээн авах эмнэлгээр нь удаа дараалан яриулж байж арайхийж материалаа дамжуулан хүлээлгэж өгтөл ажлын 3-4 долоо хоногоор хүлээх нөхцөлтэйгөөр бүртгэсэн. Хүний амь нас яригдаж байгаа ийм хүнд тохиолдолд хүртэл виз төлөөлөн гүйцэтгэх байгууллага асар хайхрамжгүй ханддаг" гэв.

Түүнчлэн иргэн С.Баяр "Зорилго тодорхойгүй аяллын визээр зорчиж олон тооны хүмүүс харлаж байгаа бөгөөд эдгээрийн нөлөө нь үнэн бодитоороо шударгаар хугацаандаа яваад ирэх хүмүүст сөргөөр нөлөөлсөөр байна. Аяллын визийг ЭСЯ өөрөө ихээр олгосон хариуцлагаа нийт монголчуудад нялзааж, зайлшгүй ажил хэрэг, эмчилгээнд явах хүмүүсийг чирэгдүүлж байна” гэлээ. Энэ мэтчилэн олон иргэний зовлонг тоочоод баршгүй нь.

ВИЗ ЗУУЧЛАГЧИД БУЮУ НАЙМААЧИД

Гаднын орнуудыг зоригсдын хамгийн том даваа бол виз даруулах. Үүнийг арай амар хялбар, цаг хугацаа алдахгүйгээр гаргаж өгөх зорилготой хэмээн өөрсдийгөө нэрлэдэг виз зуучлалын байгууллагууд бүхнийг мөнгөний нүдээр хардаг байна. Виз зуучлалын байгууллагын тоо олширч. олз ашиг ихтэй байгаагийн шалтгаан нь Элчин сайдын яамдад ажилладаг ажилтнууд, виз мэдүүлэх хэлтсийнхэн гэх мэт албан тушаалтнууд хүнд суртал ихтэй, виз мэдүүлэгчдээс rap хардаг гэх мэт байдал. Дээр нь Элчин сайдын яаманд зохиомлоор ачаалал үүсгэх тусам иргэд зуучлагч байгууллагыг сонгоно гэдгийг тэд мэддэг. Энэ ч үүднээс Элчин сайдын яамны ажилтнууд ах дүү, найз нөхөд, танилтайгаа хамтран зуучлалын компани байгуулах нь түгээмэл. Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Бат "Сүүлийн үед ЭСЯ ачаалал ихтэй байна гэх нэрийдлээр төлөөлөн гүйцэтгэх газар бүр урьдчилж дугаар тараах болсон. Гэхдээ тухайн дугааруудаа ихэвчлэн таньдаг мэддэг хүмүүстээ өгснөөр энгийн иргэд төлөөлөн гүйцэтгэх газруудын үүдийг 2-3 хоногоор сахиж байна. Үнэндээ ЭСЯ-ны төлөөлөн гүйцэтгэх газрууд нь бүгд бизнесийн байгууллага болж хувирсан. Иргэдэд бүрэн мэдээлэл огт өгдөггүй. Дээр нь заавал өөрсдийнх нь заасан орчуулгын товчоогоор материалаа орчуулуулах, үйлчлүүлэх ёстой болдог. Тэгээгүй тохиолдолд орчуулга хангалтгүй гэж үздэг. Мөн төлөх ёстой дүнгээс ахиу мөнгө өгсөнд нь илүү үйлчилж, виз гарах магадлал нь ч тэр хэрээр өсөж байгааг бид олон удаа харж байна” гэсэн юм.

Өөрөөр хэлбэл, ЭСЯ-ны төлөөлөн гүйцэтгэх байгууллага буюу мэдүүлэг хүлээн авах байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулж, хариуцлагажуулахгүй бол илүү мөнгө төлөөгүй, хэн нэгний гарыг цайлгаагүйнхээ төлөө үхэлтэй цаг, минутаар тэмцэж буй өвчтөнүүд, бизнесээ өргөтгөхийн тулд арайхийн олсон төсөл хөтөлбөртэй нь холбоотой албаны уулзалтууд, сургуульд сурах боломжуудаа иргэд, залуус алдсаар байгааг дээрх ярианууд гэрчилж буя юм. 


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.