|
Видео

Шинэ мэдээ

Б.Хурцад “бөлдөгдүүлээгүй” гишүүд хаалттай чуулганаас гарч ирж, нээлттэй сонсголд үгээ хэлэв

 

 Б.Хурцад “бөлдөгдүүлээгүй” гишүүд хаалттай чуулганаас гарч ирж, нээлттэй сонсголд үгээ хэлэв


УИХ-ын чуулганаар өчигдөр Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох эсэхийг хэлэлцэв. Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын гаргасан горимын саналыг дэмжин хуралдааныг хаалттай явуулав. Ингээд чуулганд оролцсон гишүүдийн 90 орчим хувь нь Батын Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн байна.

УИХ-аас ийм шийдвэр гарсан даруйд иргэд цахим ертөнцөд эрхэм гишүүдийг ихээхэн шүүмжилж байсныг дашрамд хэлэх нь зүйтэй болов уу.

Харин УИХ-ын чуулган ийн хаалттай хуралдаж байхад гадаа нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нар нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Нээлттэй сонсголд олон хүн иржээ. Түүнээс гадна хаалттай чуулганаас "дайжсан” хэдэн гишүүн уг нээлттэй сонсголд орж ирж байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хаалттай чуулган дээр "…Та нар хаалттай хэлэлцэж, нэг хүнийг өөгшүүлж байна. Би энэ хуралдаанд оролцохгүй. Та нар хэзээ нээгэн цагт энэ томилгооноосоо ичнэ шүү” гэж хэлчихээд нээлттэй сонсголын танхимд орж ирсэн. Мөн УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нээлттэй сонсгол руу оров. Тэрээр "…Ингэж болохгүй ээ. Зөвхөн нэг хүнд зориулж УИХ тэр чигээрээ үйлчилж, дуу хоолойгоо ард түмнээсээ нууж байгааг би эсэргүүцэж байгаа юм. Томилогдох гэж байгаа субьект томилох гэж байгаагаа дайраад явдаг соёл дэлхийд байхгүй. Тиймээс би нэр дэвшигч Б.Хурцыг УИХ-д хүндэтгэлтэй хандаж, уучлал гуйхыг шаардаж байна. УИХ-д хэн ч сонгогдсон байж болно. Гэхдээ энэ нь ард түмний төлөөлөл болсон парламент. Үндсэн хуулиараа төрийн эрхийг барих дээд байгууллага. Энэ нь Б.Хурцтай холбоотой асуудлыг аль намын хэн гэдэг гишүүн гаргаж ирсэн бэ гэдэг нь хамаагүй. Цаашдаа томилогдох гэж байгаа нөхдүүд Б.Хурц шиг араншин гаргадаг жишиг тогтвол Монгол Улсад төрт ёс, эмх цэгц, дэг журам, Үндсэн хууль гэж байхгүй болно. Ер нь цаашдаа тусгай албаны хүн Элчин сайдаар  явж болох уу үгүй юу гэдгийг бодлогын хувьд ярих ёстой. Төрийн гурван өндөрлөг, УИХ, Засгийн газрын гишүүдээс илүү мэдээлэлтэй хүнээ хийлийн дээс алхуулаад явуулж болох уу. Бас тусгай албаны хүн бизнес эрхэлдэг байж болох уу. Энэ бол Олон улсын протоколоор байж болохгүй зүйл. Уул уурхайтай холбоотой, Эрдэнэттэй холбоотой олон асуудалд энэ хүн нэр холбогдож байдаг. Үүнийг шүүх тогтоогоогүй учраас ташаа мэдээлэл байж болно. Гэхдээ олон нийтэд, ард түмний дунд ийм мэдээлэл тодорхой байхад үүнийг нээлттэй сонсголоор хэлэлцэхийн оронд чуулганыг шууд давхцуулж байна. Энэ нь цаашдаа Монгол Улсын олон томилгоо, бидний сонгож авсан ардчилсан Үндсэн хуулийн тогтолцооны эсрэг зүйл болж байна” гэв.

Бас УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг "…Би чуулганы хуралдаанд оролцоогүй. Харин энэ нээлттэй сонсголд орж ирж та бүхний үгийг сонслоо. Өргөдлийн байнгын хороо өргөдлүүдийг хүлээн авч байна. Аль болох богино хугацаанд танилцаж шийднэ” гэв.

Түүнчлэн УИХ-ын гишүүн А.Сүхбат "…Б.Хурц ТЕГ-ын дарга хүн юм уу, улстөрч юм уу, эсвэл рецедив юм уу гэдэг нь ойлгогдохгүй байна. УИХ хаалттай горимд шилжүүлчихлээ. Би үгээ хэлчихээд гараад ирлээ. Б.Хурцын асуудлаар хурцхан юм болж байна шүү. Хоёр байнгын хороогоор нээлттэй сонсгол хийе гэсэн чинь хийсэнгүй. Хэрвээ ингэж хаалттай хийгээд алхаа тогшчихдог юм бол үүн дээр асуудал үүснэ” гэсэн.

Б.Хурцад "бөлдөгдүүлээгүй” Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг, А.Сүхбат нар  хаалттай чуулганаас гарч ирж, нээлттэй сонсголд үгээ хэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

П.МАНДАХ



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.