Тусгаар тогтнолын талбайд шинэ оноо угтана

651

Тусгаар тогтнолын талбайд шинэ оноо угтана

 

Дорнод аймгийнхэн он солигдох мөчид гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Тусгаар тогтнолын талбайд шинэ оноо хамтдаа угтахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхэн 2017 оны 12 дугаар сарын 31-ний үдэш нэгдсэн шинэ жилийн баярыг иргэдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, зохион байгуулах үүрэг авсан байна.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдаж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа бөгөөд анх удаагаа олныг хамарсан шинэ жилийн баярыг гадаа талбайд зохион байгуулах учир бэлтгэл ажилд онцгой анхаарч ажиллаж буй аж. 

Тохижилт, үйлчилгээ, аюулгүй байдал хариуцсан дэд ажлын хэсэг талбайн гэрэлтүүлэг, төв сүлд мод, чимэглэл, тайз зэргийг засаж, иргэдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах юм байна. Талбайн төв хэсэгт 10 метр өндөр сүлд мод, тойруулан 4 метрийн өндөртэй найман жижиг гацуур засаж, урд хэсэгт нь мөсөөр тайз босгох юм.

Мөн иргэдийг дааруулахгүйн тулд халуун хоол, ундны үйлчилгээ гаргаж, дулаацуулах түүдэг галыг жишгийн дагуу хийж, талбайн дотор талаар тойруулан байрлуулахаар төлөвлөжээ.

Он солигдох мөчид талбайд албан ёсны томоохон ёслолын буудлага хийх юм байна. Харин иргэдийг аюулгүй ажиллагааны зааварчилгаагүй, чанар, стандартын шаардлага хангаагүй салют, бенгалын гал, динамит зэргийг худалдан авч, хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. 

Урлаг соёл, мэдээлэл хариуцсан дэд ажлын хэсэг баярын үзвэр үйлчилгээг олон нийтэд хүртээлтэй, шинэлэг, хүн бүрийн оролцоог хангасан хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Гэр бүл, найз нөхдийн шинэ жилийн баярын дурсамжтай, хөгжилтэй агшны гэрэл зураг, мэндчилгээг урьдчилан авч, бэлтгэн талбайн дэлгэцээр гаргах, сүлд мод, өвлийн өвгөнтэй зураг татуулах, хөгжөөнт тэмцээн, нийтийн дуу, бүжиг, урлагийн үзүүлбэрүүдээс гадна 2017 онд аз, од нь гийсэн цорын ганц азтанг тодруулах ажээ. 

Төсвийн мөнгийг Үндэсний их баяр наадмаас бусад баяр тэмдэглэхэд зарцуулахыг хориглосон байдаг учир нэгдсэн шинэ жилийн баярыг аль болох бага зардлаар байгууллагуудын хандив, дэмжлэгээр зохион байгуулах юм байна.

Б.Отгонбавуу

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>