Утаатай онц байдал зарласан долоо хоног

432

Утаатай онц байдал зарласан долоо хоног

 

Улиран одож буй 2017 оны сүүлийн долоо хоног нийгэм болоод улс төрийн амьдрал халуухан өнгөрсөн гэж болно. Энэ өдрүүдэд ес эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод утааны асуудлаар бухимдлаа илэрхийлсэн иргэд төр засгаа нилээдгүй шүүмжлэлтэй хандаад байсан юм. Тйимээс "Онц байдал" зарлах талаар Ерөнхийлөгч санал гаргалаа. 

 

Ямартаа ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан  онц байдал зарлах саналыг УИХ-ын даргад илгээсэн билээ.  Улмаар УИХ-ын даргын зөвлөл яаралтай хуралдаж УИХ болон Байнгын хороо, Дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх шаардлагатай тохиолдолд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж,  санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

 

Мөн үүнтэй хүлбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хүн амын хэт өсөлтөөс хамаарч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, орчны болон агаарын бохирдол, замын хөдөлгөөний түгжрэл нэмэгдэж байгаагаас шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 01 дүгээр сарын 01 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоогоод байсан юм. Хотын дарга энэ хугацааг 2020 он хүртэл сунгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсныг зарчмын хувьд дэмжээд байна.

 

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг шинэчлэв

Тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2, ажилтан хоёр хувь байхаар тогтов.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, их, дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.12-т заасан иргэний сарын шимтгэл 24 мянга, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл өсгөн бойжуулж байгаа эх, эцэг, хугацаат цэргийн албан хаагч, ял эдэлж байгаа ялтны шимтгэлийг 4800 төгрөгөөр тогтоолоо.

Шимтгэлийн хэмжээг шинэчилснээр тогтмол орлогогүй, өөрөө шимтгэлээ төлдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, ажилгүй иргэний сард төлөх хэмжээ буурч байна. Мөн эрүүл мэндийн даатгалд даатгуулах иргэдийн тоо өсч, даатгалын сангийн чадавхи нэмэгдэн, даатгуулагч иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдэнэ гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үзжээ.

 

ЕБ-ийн сургуулийн сурагчид ирэх нэгдүгээр сард бүтэн амарна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч байгаатай холбоотойгоор шаардлагатай бол сурагчдын хоёрдугаар улирлын амралтын хугацааг сунгах чиглэл өгсөн юм. Энэ хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1-ний хугацаанд амраахаар тогтсон юм

 

Учир нь "Амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчний өвчлөл 21 аймагт 5.6 хувьтай байна. Сургуулийн ирц 75, цэцэрлэгийн ирц 95 хувьтай байна. Нийслэл хотод 849 хүүхдийн орон дээр 1,500 гаруй хүүхэд байна. Энэ нь ачаалал 80 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Өнгөрсөн 7 хоногийн судалгаанаас энэ 7 хоногийн судалгааг харахад томуу, томуу төст өвчний өвчлөл 1.3 хувиар нэмэгдсэн учраас бид цаг алдахгүйн тулд сурагчдын амралтыг наашлуулах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж байна"  хэмээн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа танилцуулсан юм.

Харин Аймаг, сум, тосгон, багийн Ерөнхий Боловсролын сургуулийн /ЕБС/  бага, дунд, ахлах ангийн сурагчдыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл амраах тухай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн тушаал гаргасан юм.

 

Тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан хүмүүст 5 хоногийн цалинтай чөлөө олгоно

Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Засгийн газрын хуралдаанаас даалгасан юм.

Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай  /01-03 дугаар сард/ үед тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан, ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт тав хүртэл хоногийн цалинтай чөлөө олгохыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг болгож, хувийн хэвшлийн байгууллагад зөвлөмж болгов.

 

Мөн хүүхдийн эмчилгээ, үйлчилгээнд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Энэ мөнгийг хүүхдийн амьсгалын болон утлагын аппарат, эм тариа, эмнэлгийн хэрэгсэл авах, эмч, ажиллагсдын илүү цагийн хөлс олгох, анагаах ухааны чиглэлээр сурч байгаа төгсөх дамжааны оюутан, резидент эмч, ахмад эмч нарыг ажиллуулахад зарцуулах юм.

Цаашид нийслэлийн 300 ортой төрөх эмнэлгийг ашиглалтад оруулж, "Хүрээ” амаржих газрыг шилжүүлэн суурин дээр нь 300 ортой хүүхдийн эмнэлэг байгуулах талаар судалж, шийдвэрлэхийг үүрэг болгов. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 9.2 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос гурав, сүүлийн гурван жилийн дунджаас нэг хувиар илүү гэсэн үг юм. Өвчлөгсдийн 55 орчим хувийг дөрөв хүртэл насны хүүхэд эзэлж байгаа аж.

 

Дипломатуудад цол олгов

Монгол Улсад  орчин цагийн дипломат алба үүсэж хөгжсөний 106 жилийн ойг тус тохиолдуулан Гадаад харилцааны салбарт олон жил ажилласан дипломатуудад цол олголоо.

 

Тодруулбал, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Даваадорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очирт "Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол олгов..

 

Дипломат цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв. Шагнал гардуулах ёслолд Монгол Улсад байгаа Б.Даваадорж, Т.Жанабазар нар өөрийн биеэр хүрэлцэн ирж цолоо гардан авсан юм.


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.