|
Видео

Шинэ мэдээ

15-02-2018, 07:55

ХОТЫН ДАРГА ХОТЫН УТААНД ХАМААГҮЙ ЮУ

ХОТЫН ДАРГА ХОТЫН УТААНД ХАМААГҮЙ ЮУ

 

Улаанбаатарын утаа гамшиг боллоо. Улстөрчид тэр чигээрээ утаагаар "амьсгалж” байна. Утаа ярихгүй улстөрч үлдээгүй гэхэд болно. Маазраад хэлэхэд, Д.Гантулга, Л.Мурат гэдэг хоёр гишүүнээс бусад улстөрчид утаанд анхаарал хандуулж байгаа юм.

Еронхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Засгийн газрын бүх гишүүн утаа ярьж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд үг хэлэхдээ "...Утааг арилгаж чадахгүй бол УИХ-ыг тараах санал гаргана” гэж мэдэгдлээ. Дараахан нь "Эрэл” ХХК-ийн Байшин үйлдвэрлэх комбинаттай танилцлаа. Тэндээс гаргалгаа бодож байх шиг байгаа юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр хорооллоор явж танилцав. Бас эрдэмтдийн бүтээсэн технологитой танилцсан. Ингээд Монгол Улсын Засгийн газар утаатай тэмцэх цогц арга хэмжээ авахаар боллоо гэж мэдэгдэв. Эх сурвалжийн хэлэх нь, гурван ч яам утааг арилгах хөтөлбөр боловсруулж байгаа гэсэн. Бас сөрөг хүчин АН-ынхан "... Утааны асуудал шийдэж чадахгүй байгаа УИХ тарах ёстой” гэж үзэж байгаагаа УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт өгсөн албан шаардлагадаа дурдсан байгаа юм.

Энэ мэтчилэн Монголын улстөрчид "улстөржөөд” ч болов утааг ярьж байна. Харин Улаанбаатар хотын одоогийн дарга Су.Батболдод утаа хамаагүй бололтой. Мань эр "Улаанбаатарын мөнгөн үдэш” зохион байгуулж, газар чөлөөлөлт, цэрэг татлага, дахин төлөвлөлт, НОСК ярьсан шиг сууж байна. Түүний амнаас Улаанбаатарын утаа байтугай "у” үсэг ч унахгүй байгаа юм.

Яг үнэндээ, өнөөдрийн гамшиг болоод байгаа утаа бол нийслэлийн хот төлөвлөлт, газар олголт, бүтээн байгуулалт нь зохион байгуулалтгүй, ар өврийн хаалгаар "тараагдсан”-аас л үүссэн байгаа юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын үе үеийн дарга нарын муугаас, хариуцлагагүйгээс болсон эд. Тэгэхээр утаа бол Улаанбаатарын л асуудал гэдэг нь тодорхой юм.

Уг нь Монгол Улс 1.5 сая км хавтгай дөрвөлжин газар нутагтай. Харин нийслэлийнх ердөө 4704 км хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Багануур, Налайх, Баганхангай дүүргүүд ороод шүү. Хэрэв орохгүй бол хариугүй тоо гарна.

Газар нутгийн хэмжээ яриад унасан нь учиртай. Юу гэвэл ийм том газартай Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь хэдхэн ам метр газартай дөрвөн уулын дунд шавчихсан. Үүнийхээ дүнд бий болгосон утаагаа аргалж чадалгүй гамшиг гээд сууж байгаад харамсмаар байгаа юм.

Тамын тогооны үлгэр гээч шиг улс оронд утаанаас өөр асуудалгүй юм шиг Ерөнхийлөгчөөсөө эхлээд нийслэлд амьдардаг бүх хүн утаа ярьж, тэр нь ямар ч дүнгүй байгаа нь бас л эмгэнэлтэй хэрэг.

Харин эрх мэдэл, ажил үүргийн чиг үүрэг нь шууд зориулагдах ёстой Хотын дарга Су.Батболд утааны талаар ам ангайлгүй, сулдаа ганхаж яваа нь хачирхалтай харагдаад байгаа юм. "... Өмнох тавагтай хоолоо л ид” гэдэг шиг Су.Батболд ажлаа сайн хийж, асуудлаа тавиад явбал нийтээрээ утаа ярьж, цаг алдаж суухгүй л байсан биз ээ.

Дахиад хэлэхэд, Монгол Улсад утаанаас өөр шийдэх асуудал өч төчнөөн бий билээ.

Зууны мэдээ
Б.Очир

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.