Б.Цоожчулуунцэцэг: ЦӨЛӨГДСӨН ЭХНЭРҮҮД...

961

Б.Цоожчулуунцэцэг: ЦӨЛӨГДСӨН ЭХНЭРҮҮД...

 

Урнаа тун их яарч байлаа. Энэ орой түүний хувьд тун чухал өдөр гэдгийг мэдэрч, бас сүүлийн хэдэн сар олон хүнтэй уулзаагүй учраас сандарч, тэвдэж эхлэв. Тэрээр Америкт ирээд хагас жил л болж байна. Нөхөр нь дэд сайдын алба хашдаг, амьдрал боломжийн, бас хүүхдүүд томорч байгаа учраас "Хүүхдүүдээ сайн сургуульд сурга, өөрөө ч хэлний мэдлэгээ дээшлүүл” хэмээн Урнааг Америк явахыг зөвшөөрсөн хэрэг. Энд ирээд орон байраа янзлах, бас хүүхдүүдийнхээ сургууль соёлыг зохицуулах багагүй ажилтай зууралдсаар нэг л мэдэхэд хагас жилийн нүүр үзсэн байлаа. Харь газар хамт байгаа түүний түүний цорын ганц найз Туяа долоо хоногийн өмнө "Би чамайг чухал хүмүүстэй танилцуулна. Америк дахь ажил хэрэгч хүүхнүүд. Дандаа томчуудын эхнэрүүд. Жилд нэг л удаа уулздаг юм. Чи заавал очоорой” хэмээн урилга өгсөн билээ. Энэ өдрөөс хойш Урнаа ажил хэрэгч хүүхнүүдийн уулзалтад битүүхэн бэлтгэж, өмсөх зүүхээ янзалж, үс зүсээ тольдож, хөл газар хүрэхгүй догдолж эхэлсэн хэрэг. Үнэндээ өнгөрсөн зургаан сар түүний хувьд ааг амьсгаа муутайхан өнгөрч, хувийн ажлаа зохицуулах, хүний газар ээнэгшин дасах гэж хичээх үнэндээ хүнд байлаа. Эхний долоо хоног бол бүр ч хэцүү байв. Хэл мэдэхгүй, хүн танихгүй болохоор яг л бусдын эрхшээлд орсон юм шиг санагдаж байсан удаатай. Харин өнөөдөр бол том дарга нарын эхнэр хүүхнүүдтэй уулзахаасаа илүүтэй монголчууд, нутаг нэгтнүүдтэйгээ уулзана хэмээн хөөрч догдолж байлаа.

Тэрээр гаднаа гоё цэцэрлэгтэй, жижигхэн ч гэсэн тохилог байшингийн гадаа ирлээ. Амалсан ёсоороо Туяа үүдэн дээр нь хүлээж байв.Үргэлж инээмсэглэж байдаг Туяа залахсан янзтай, "Ямар уддаг юм бэ? Би бүр чилтлээ хүлээлээ. Уулзалт эхэлчихсэн шүү дээ” гэсээр түүнийг угтав. Байшинд ороод л Урнаа барьц алдав. Хачин тохилог, цэвэр цэмцгэр орчин, тансаг хоол унд, хамгийн гол нь дэгжин хүүхнүүд. Үнэтэй брэндийн дэгжин хувцас өмссөн ганган бүсгүйчүүд цаанаа л нэг ихэмсэг. Урнаа сэтгэл хөдлөж, яарч догдолж байсандаа сандран нүүрээ улалзуулан байж, зочидтой мэндэллээ. Нүүрэндээ хуурамч инээд тодруулан ёсорхуу нь аргагүй мэндэлцгээж, ширээ тойрон хоёр гурваараа бөөгнөрөн зогсож байгаа нь нэг л хөндий. Үнэндээ тэд бүгд танилууд. Энэ орой Урнааг л харах гэж ирсэн юм шиг санагдан, шивэр авир ярилцацгаах нь түүнд таалагдсангүй. Гэвч гараад явж чадсангүй. Тэгээд ч тэдний энэ хүйтэн хөндий ёсорхуу харьцаанаас илүү "Монгол хүн, нутаг нэгтнүүд” гэсэн хөөргөн бодол түүнийг аргамжиж байв. Туяа түүний бөөрөнд наалдсан юм шиг эргэлдэж, "Хардаа. Тэр том цагаан алтан гинж зүүсэн настай авгайг Цэцээ гэдэг юм. Хэзээ ч эгч гэж дуудаж болохгүй шүү. Энэ хүүхнүүдийн ахлагч нь. Эгч гэж дуудуулах дургүй. Энэ гэрийн эзэн нь. Ерөнхий сайдын анхны авгай. Харин түүний хажууд зогсож байгаа нарийхан хүүхэн бол Болормаа. Эрүүл мэндийн сайдын нууц амраг. Угсаа гарвал жаахан дорд. Архи дарс уухаараа ааш авир муутай. Эдэн дундаа нэр хүнд муутай. Гэхдээ танил тал олонтой сэргэлэн учраас юуг ч бүтээж чадна. Чи тэр ягаан даашинзтай хүүхнийг хар даа. Үнэхээр сайхан хүүхэн. Монголын хамгийн том баяны ганц охин. Гэм нь хар тамхинд орчихсон юм. Анхмаа гэдэг юм” гэх мэтээр танилцуулж байлаа. Үнэхээр л дандаа томчууд, бас дандаа баячуудын эхнэр хүүхдүүд бас нууц амраг гэж нэрлэгдсэн хориод хүүхэн энд цугларсан байв.
Оройн зоог өндөрлөх дөхөж, архи дарсанд халамцсан бүсгүйчүүдийн дуу чангарч, саяхан л Урнааг цоо ширтэн шивнэлдэж байсан хүүхнүүдийн харц түүнийг ороохоо болиход Урнаа ч тайвширч эхэллээ. Хүүхнүүд улс төр, Монголд болж байгаа хов жив, авгай хүүхнүүдийн явдал ярьцгааж эхлэв. Үнэндээ тэдний яриа Урнаад тийм ч сонин байсангүй. Тэднийг сайн танихгүй учраас ярианд нь оролцоод байх нь ч зохимжгүй санагдсан учраас чимээгүйхэн ажиглаж, хүн хүн рүү харж инээмсэглэхээс өөр ажилгүй зогсож байлаа. Туяа үнэн хэлсэн бололтой. Эрүүл мэндийн сайдын нууц амраг бүсгүй согтсон нь илт. Саяхан л ихэмсэг бардмаар толгой гэдийлгэн алсыг харж зогссон сайхан хүүхэн ариун цэврийн өрөө орох гэж ганцаараа будилж явааг хараад тэрээр туслахаар очлоо. Болормаа түүнийг харснаа "Өө. Шинэ танил. Надтай жаахан сууж, вино уу л даа” хэмээн хань татах нь тэр. Урнаа татгалзаж чадсангүй.
Ширээнд суусан хойноо Болормаа нүдээ дуниартуулан
-Чи ирээд удаагүй гэлүү гэвэл Урнаа
-Зургаан сар л болж байна гэлээ. Болормаа санаа алдснаа
-Би бол зургаан жил болж байна. Ингэхэд чи яах гэж ирсэн юм. Энд юугаа хийж байгаа юм хэмээн согтуу хүний солгой хоолойгоор зандрах нь халаг хэлэхэд Урнаа цочив.
-Хоёр хүүхдээ гайгүй сургуулд сургах, өөрөө ч бас жаахан хэл усаа сайжруулах санаатай л хэмээн ноомойхон дуугарвал Болормаагийн дуу өндөрсөж "Тэнэг хүүхэн” гэснээ дуугай болчихлоо. Тэгснээ
-Чи Америкад л сайн сургууль байдаг, тэр сургуульд л сурчихвал хүн насаараа сайн сайхан явна гэж бодож байна уу? Нөхөр чинь орон гэртээ орохоо болиод сүүлрээд байгаа юм уу? хэмээн чангаас чанга асуух нь тэр. Урнаа цочсондоо хий дэмий л
-"Үгүй, үгүй” гэвэл Болороо
-Тэгвэл одоохон буц. Чи тэр хэлийг хаана ч байсан сурна. Чиний хоёр хүүхэд усан толгойтой ч байсан хаана ч ялгаагүй сурах юмаа сурна. Энэ газар удвал чи хэзээ ч буцаж чадахгүй энд насаа элээнэ гэж л бод. Ялангуяа нөхөр чинь тушаал дэвших тоолонд чиний явах зам хаагдна гэснээ хачин муухай хоолойгоор тачигнатал инээлээ. Урнаа хариу хэлж чадсангүй. Архинд халамцсан хүүхний яриаг таслаад хажуунаас нь шууд босоод явж ч чадсангүй.
-Урнаа минь дээ. Чи эднийг хар даа. Дандаа сайхан хүүхнүүд... Бүгд л баячуудын эхнэр хүүхдүүд, нууц амрагууд... Чи эднийг энд жаргаж сууна гэж бодож байна уу? Энэ үнэтэй хувцас, бардам царайны цаана чи юу нуугдаж байгааг чи мэдэх үү? Мөнгө, эрх мэдэлд улаарсан нөхөртөө хаягдсан хүүхнүүд. Буцаад очихоор нөхөр нь өөр нэг сэгсгэр юмтай болчихсон байгаа. Салж ч, нийлж ч чадахгүй сөнөсөн гэр бүлийн эрх мэдлээ алдсан эхнэрүүд гэснээ дахиад л тачигнатал инээв. Гайхаж мэгдсэн Урнаа
-Үгүй байлгүй дээ гэвэл Болороогийн дуу улам чангарч
-Сайн хар. Энэ Ерөнхий сайдын анхны эхнэр. Нөхрийнхөө барааг хараагүй арваад жил болж байна. Таван хүүхэдтэй. Анх хүүхдүүдээ сургуульд сургана гэж ирсэн. Одоо ганцаараа хөгширч байна. Тэр Ерөнхий сайд нь аль эрт залуу авгай авсан. Тэр Батаа сайдын эхнэрийг бас хар. Цагаан сар, Улсын баяраар очиж, нөхрийгөө төрийн золгуут, наадмын нээлтэнд очиход нь дагаж очих л үүрэгтэй хүүхэн энд байж л байна. Өрөвдмөөр хүүхнүүд олон байнаа. Бас над шиг нууц амрагууд...Мөнгөөр дутахгүй, гэхдээ эрх чөлөөгөөр л дутдаг юм даа. Энэ эхнэрүүд ажил хийж болохгүй, өгсөн мөнгийг нь идээд ховоо яриад л сууж байх үүрэгтэй. Тэгэхгүй бол нөхрийнх нь нэр хүнд унана. Бас хүнтэй явалдаж ч чадахгүй, уулзаж ч болохгүй. Заваан эрчүүд өөрсдөө хүүхнүүдтэй өдөр шөнөгүй орооцолдож байдаг. Гэтэл тэдний бүрэн бүтэн гэр бүлийн нэр хүндийг нь эд нар хамгаалж, энд суудаг юм. Олны газраар ч явахгүй. Аль эрт салж, сарнисан ч гэрлэлтээ цуцлуулах ч эрхгүй улс даа хөөрхий гэснээ санаа алдав. Тэгснээ
-Чам шиг хүүхдээ сургана гэж ирсэн хүмүүс олон. Тэгээд яахав, эзгүй хойгуур чинь нөхөр чинь нэг юмтай зууралдна. Тэгээд л чи энд үлдэнэ гэснээ дуугай боллоо. Саяхан л Урнаагийн цээжинд амтагдаж байсан баяр хөөр ор мөргүй хийсч одох нь тэр. Урнаа зориг гарган
-Чи тэгээд энд юугаа хийж суугаад байгаа юм хэмээн асуувал Болороо санаа алдснаа
-Яахав. Хөгшин сайдын өвөр дулаацуулж байсныхаа шанд Америкийн виз, бас сургалтын төлбөр гэж хэдэн цаас авсан юм хэмээн эрээ цээргүй хэлснээ "Тэгээд л эхнэрт нь маажуулчихгүй сууж л байна. Хааяа ирэхээр нь уулзах үүрэгтэй. Бас амаа хамхиж явах даалгавартай байж л байна. Тэгж байгаад буцна даа ” гэснээ чимээгүй болов.
Энэ өдрөөс хойш яг долоо хоногийн дараа Урнаа нутаг буцахаар онгоцонд сууж байлаа. Сэтгэл нь гэрлүүгээ, нутагруугаа жолоо алдан догдолж байгааг мэдрэх тусам, ганган хээнцэр хэрнээ нүд дүүрэн гунигтай хоцорсон хүүхнүүдийн гашуун тавилан сэтгэлд нь буугаад салдаггүй.
Сэмэрхий цагаан үүл зүсэн онгоц урагшлах тусам тэр эхнэрүүдийн цөллөгөөс зугаатааж байх шиг санагдаж байлаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>