Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино бүтээнэ

1331

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Азийн хөгжлийн банкны Монгол Улсын хүртээмжтэй өсөлтийг дэмжих төслийн багийн ахлагч Мел Коузинс болон "Imagination” студийн төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзав.

"Imagination” студийнхэн Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан кино бүтээхээр ажиллаж байгаа юм. Тэд киногоо хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа хэл ярианы болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх аж. Тиймээс салбар хариуцсан Байнгын хорооны даргад хүсэлт гаргаж, кино бүтэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.

Байнгын хорооны дарга Д.Батцогт киног бүтээхэд хамтарч, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ. Мөн хандивын арга хэмжээ зохион байгуулах зэргээр мөнгө босгох ямар арга байгааг эрэлхийлэх хэрэгтэйг кино бүтээгчдэд захисан юм. Энэхүү төслөөр "Ганцхан зүрхний хайр” нэртэй бүтээл төрөх юм. Уг кинонд мэргэжлийн жүжигчидтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг залуус гол дүрүүдийг бүтээх ба тэд дохионы хэлээр харилцах аж. Энэхүү бүтээл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан анхны уран бүтээл болж байгаа бөгөөд энгийн иргэд subtitle-тайгаар үзэх боломжтой юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>