Тэмээний тавхайнаас сарьсан багваахай хүртэлх гэнэн тэнэглэлийн үлгэр

306
 

1990-ээд оны эхэн үе юм юм давхцсан он жилүүд байж билээ. Ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгэм, ганзагын наймаа, гадаад паспорт гээд урьд байгаагүй бүхэнтэй бишүүрхэнгүй танилцав.  Иван хойшоо нутаг буцаж, урдаас Ван орж ирж, Эрээн Монголын хоорондох жим зам болтлоо өргөжив. Нэгдэл нийгэм тарж мал хувьчлагдав. Монголчуудын 70 жил хэвшиж тогтсон нийгмийн харилцаа, хэв маягтайгаа агшин зуур цагийн салхинд бөмбөрч өнгө маягаа өөрчилсөн жилүүд байлаа.


Монголчууд Эрээн хэмээх Хятадын боомт хотруу  өнгөтэй өөдтэй бүхнээ ачиж будаа гурил, эрээн мяраан бүхнээр арилжиж байсан цаг.  Чихтэй толгой мөрөн дээр байсан цагт чивтэй чавганц хүртэл үзэх юм гэгчээр тэр жилүүдэд тэмээний тавхайн үнэ тэнгэрт хадахыг харж билээ. Хятадууд дөрвөн тавхайг нь бараг бүтэн тэмээний үнээр авна гэнээ. Монголд бол тэмээний тавхайг тоож харах хүн байтугай шиншлэх нохой ч бараг үгүй.  Бууцны хөл, гуу жалганд хаягддаг тэмээний тавхайг тэгж үнэд орно гэж хэн санах билээ.


Тэмээний тавхайн дотор өөх байдаг, тэр өөх нь их үнэтэй өндөр зэрэглэлийн хоолонд ордог гэх яриа говь талаар хээрийн түймэр шиг авалцаж, малчид тэмээ рүүгээ тохом бурантаг бус хутга дээс бариад дайрдаг тийм л аймаар үе ирсэн юм даг.

Махнаасаа үнэтэй дөрвөн тавхайнхаа төлөө тэмээ гэдэг тэнгэрийн амьтаны амь  урд газрын улаан мөнгөөр хэмжигдэж байв. Цаг хугацааны хувьд тэгж таарсан уу, тэр үед мал хувьчлал болж нэгдэл нийгмийн суурь тэмээг тарааж  малчнаас эхлээд сумын албан хаагчдад хүртэл 2-3 тэмээ оногдов. Тэмээ угаас урт хөлийн амьтан, салхи залгилж бараа сураггүй алдарч асгах нь их. Шинэ эзэд нь хувьчлалаар ирсэн хулгар чихтээ сураггүй алдаснаас байгаа дээр нь тогоо тослохыг илүүд үзсэн яг тэр үеэр тэгж тэмээний тавхай үнэд хүрсэн юм даг.  Харин хэн ч тэмээний тавхай арилжиж баяжиж хөлжиж чадаагүй. Энэ шуурганд угаас цөөхөн тэмээ ширвэгдэж арайтай л улаан номонд орчихоогүй аврагдаж үлдсэн билээ. Нэгэн цагт буюу 1950-иад оны сүүлчээр 800 мянгаар тоологдож байсан тэмээ шинэ зууны эхээр 200  мянга хүрэхгүй болж цөөрсөн ч одоо эргээд өсч байгаа сайн мэдээ бий. Азаар тэмээний тавхайн үнэ тэгсхийгээд мартагдсан.

Монгол тэмээний тавхай ингэж” үнэ хүрсэн” нь 1970-аад оны сүүлчээр Вьетнамын одос үхрийн шийр Хятадад үхрээсээ өндөр үнэ хүрсэн гашуун сургамжийг санагдуулдаг юм.

...1979 онд Хятад Вьетнамын дайн дууссанаас хойхно хятадууд Вьетнамаас одос үхрийн шийрийг худалдан авдаг болжээ. Дөрвөн шийрэнд нь бүтэн одос үхрийн үнэ өгнө. Дөрвөн шийрийг нь нэг үхрийн үнээр өгчихөөд үхрийн мах бүтнээрээ арьс ширтэйгээ эзнийхээ гар дээр үлдэнэ. Вьетнам даяар одос үхрийн нядалгаа явагдав. Таван сая одос үхэртэй байсныхаа далан хувийг нь төхөөрсөн байна. Хоёр жилийн дараа тутарга тариалах анжисанд  хөллөх одос үхэргүй болжээ. Тутарга тариалж чадаагүй учир Вьетнам улс өлсгөлөнд автав. Тиймээс хятадуудаас өндөр үнээр тутарга худалдан авах болжээ. Ийм амьдрал 10 шахам жил үргэлжилсэн гэдэг.


Яг л манай тэмээний тавхайг өндөр үнээр авсан шиг явдал тэнд болжээ. Тэмээний тавхайн араас хорхой өвс гэж хорхой хүргэсэн бизнес цэцэглэв. Хорхой өвс Монголын говь тал хээрийн бүсээр ургадаг. Хөгшин залуу, эр эмгүй хорхой өвсний эрэлд мордож, байгалиа цөлмөх их аяныг эхлүүлэв. Гэтэл хорхой өвсний бизнес цагаан гоёогоор солигдож,  өнгөө өөрчлөв.  Энэ бол эмийн чухал түүхий эд бөгөөд  эмт чанараараа  хүн орхоодойтой ойролцоо гэж ярилцдаг. Цагаан гоёоны үндэс нь газрын гүнд байдаг паразит ургамал. Түүнийг түүж олборлохын тулд газрыг гүн ухна. Цагаан гоёочдын ухсан нүхэнд мал унаж, шөнө үдэш явалтгүй болов. Энэ бизнес Монголын говьд экологийн сүйрэл авчраагүй юмаа гэхэд ихээхэн гай хөө болсон нь эргэлзээгүй.

Энэ мэтээр манай урд хөршийнхний сонирхдог бизнес, өндөр үнээр худалдан авдаг бараа түүхий эд богино богино давтамжтайгаар өөрчлөгдөж, согооны сүүл сав, бугын чив, хөлдөөсөн чоно, хагас үнэт  чулуу гэхчлэн үргэлжилдэг.  Согооны сав, бугын чив монгол нутгийн халиун бугын дансыг үндсэндээ дугуйлах шахсан. Улаанбаатарын гудамжаар бэлчдэг Богд уулын буга  дурсамж болон үлдсэн.  Үлдсэн цөөхөн халиун бугын орогнох сүүлчийн орон зай нь Хустайн нурууны тусгай хамгаалалттай газар нутаг болоод байна.


Сүүлийн үед Хятадууд сарьсан багваахайг 800 мянгаас 1 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа тухай  хачирхалтай мэдээ  дуулдаж байна. Хавдрыг анагаадаг учир гэсэн тодотгол араас нь дагалдаж явна гэнэ.  Харин эрдэмтэн судлаачид хавдрыг анагаах байтугай ханиадыг ч намдаах ид шид сарьсан багваахайд байхгүй хэмээн нотолж байна.  Бүр эсрэгээрээ халдвар, тахал тараах аюултай гэв.

Хөдөөд сарьсан багваахайгаар баяжих  хий төөрөгдөл шуурч, хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж байгаа юм байх. Орон нутгаас танил маань ярьж байна.  Манай үүгээр хотоос ирсэн машинтай залуучууд уул хад, агуй самнаж,  хоёр хоноод буцлаа. Нутгийн залуучууд энэ дүйвээнээр  хэд хэдээрээ яваад ирээгүй л байна. Юу гэж тэдний санасан зоргоор олдохов дээ гэж байна.


Ийм хоосон төөрөгдлийн араас байдгаа барж дараа нь их мөнгөн дээр бууна гэсэн гэнэн тэнэглэл хэрээс хэтэрч байгаа бололтой. Сарьсан багваахай худалдаад 800 сая төгрөг байтугай мянган төгрөг гар дээрээ тавьсан хүн байгаа  үгүй нь тодорхойгүй.

Иймэрхүү хийрхэл тараах нь хэнд ашигтай ямар зорилготойг  хэлж мэдэхгүй. Зүгээр нэг томоогүйтэл лав биш байж таарна. Гэхдээ ийм юманд итгэж гэнэддэг бид хөөрхий. Гэнэдэж дуусдаггүй, ухаажиж хандаггүй монголчууд минь. Бид чинь шинжлэх ухаан, технологийн дэвшлийн XXI  зууны иргэд шүү дээ.


П.Булган

ZALUU.com


Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.