Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн сэтгэлзүйг хэрхэн бэлтгэх вэ?

863
 
Нэгдүгээр ангид элсэх хүүхдийн сэтгэлзүйг хэрхэн бэлтгэх вэ?Нэгдүгээр ангид элсэн суралцах гэж буй хүүхдэд сургуулийн орчин, хамт олон, багшдаа дасан зохицох багагүй хугацаа шаардлагатай бөгөөд энэ бэрхшээлийг даван туулахад нь эцэг эх, багш, сургуулийн удирдлага, ажилчдын хамтын оролцоо юу юунаас чухал гэдэг нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, хэдхэн хоногийн өмнө магадгүй хэдхэн цагийн өмнө аав ээждээ эрхэлж, тоглож байсан хүүхэд гэнэт өөр орчинд, огт танихгүй хүмүүсийн дунд орох нь тэдний хувьд маш том айдас, маш их эрсдэл байдаг аж. Иймд хүүхдийг багаас нь сургууль болон бусад олон нийтийн орчинд дасах сэтгэлзүйн бэлтгэлтэй байхад суралцуулах нь эцэг, эхийн хамгийн чухал үүрэг хариуцлагын  нэг юм. Гадаад орнуудад, ялангуяа Япон Улсад хүүхдийг хэлд, хөлд орсон цагаас нь боловсрол эзэмших дадал, зан үйлд бага багаар дасган суралцуулсаар байдаг аж. Энэ арга барил нь тухайн хүүхдийг сургуульд элсэх үеийн айдас, бэрхшээлийг арилгах нэг арга төдийгүй суралцах, биеэ даах, өөртөө итгэлтэй, хамт олонч байх зэрэг сайн талыг агуулж байдаг. Ингээд зогсохгүй сургуульд орохоос нь өмнө элсэх сургуультай нь танилцах аялал зохион байгуулж, орчинд нь дасгах төрөл бүрийн үйл ажиллагааг идэвхтэй, тогтмол хийдэг аж.
Харин монгол эцэг, эхчүүдийн нийтлэг дүр төрх нь сургуулийн өмнөх боловсролд нь анхаарал сул тавьдаг, сургуульд орсны дараа багш нь сургаж, заах байх гэсэн найдлагатайгаар хичээлийн шинэ жил эхлэх үед л хүүхдээ дагуулсаар сургуульд очдог. Нэг үеэ бодоход эцэг эх бүр хүүхдээ цэцэрлэгт хамруулахыг хичээдэг болсон ч цэцэрлэгийн хүртээмж хүрэлцээ бага байгаа юм. тиймээс зарим эцэг эхчүүд, ялангуяа амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, харъяалалгүй, төв суурингаас алслагдсан эцэг эхчүүд, хүүхдээ сургуулийн өмнөх боловсролд хамруулалгүй шууд нэгдүгээр ангид элсүүлж буй. Цаашлаад суралцах явцад нь хичээлийг нь хамт давталгүй, "Багш чинь заасан биз дээ. Даалгавраа хурдан хий. Ямар муухай бичдэг юм” гэх мэт санамсаргүй бөгөөд хайхрамжгүй үгсийг унагах нь хүүхдийн сурах эрмэлзлэл, биеэ дайчлах чадварыг бууруулж, урмыг нь хугалж байдгийг судлаачид нотолж байна. Үүний дээр зарим багш нар гэрийн даалгавраа хийлгүй ирсэн сурагчийг учир шалтгааныг нь тодруулалгүйгээр олны өмнө буруутгах, загнах, зодож, шийтгэдэг нь зургаан настнуудад  сэтгэлзүйн асар их дарамт, айдас бий болгодог юм. Мөн суралцах орчин нөхцөл хүүхдэд ээлтэй биш байдаг нь хүүхдийн сурах идэвхийг бууруулдаг байна. Жишээлбэл,  эцэг эхчүүд хүүхдээ сургуульд нь оруулж өгөхөө урьтал болгохоос биш бие засах газар, цайны газар, эмч, номын санчийн өрөө, шаардлагатай тохиолдолд тусламж эрж болох багш нар, сургуулийн захирлын өрөөг зааж өгдөггүй, сургуулийн зүгээс ч зургаан настай хүүхдийн онцлог, сэтгэхүйд тохирсон таних тэмдэг, тэмдэглэгээ байр­шуулдаггүй. Өөрөөр хэлбэл, ихэнх зүйлийг ээжийнхээ, гэрийнх­нийхээ тусламжтайгаар хийж ирсэн зургаан настай хүүхдийг өмнө нь огт уулзаж байгаагүй хүмүүсийн дунд, юуг нь ч үл мэдэх барилга, анги танхимд гэнэт оруулаад орхичихдог гэсэн үг.
Ингээд зогсохгүй сургуулийн ажилтан, албан хаагч, багш нар ч зургаан настнуудтай том ангийн сурагчидтай харилцдаг шигээ харилцаж, загнаж, зандрах, шаардлага тавих нь тэдний бяцхан оюун ухааныг улам түгжигдмэл, айдастай байдалд оруулдаг байна. Энэ мэт хүүхдээс шалтгаалахгүй олон хүчин зүйл тэднийг сургуульд элсэх, суралцах явцад бэрхшээл болон хувирдаг юм. Энэ бол өнөөгийн нийгмийн тэр дундаа зургаан настнуудын нийтлэг дүр төрх билээ. Тэгвэл зургаан настнуудад түгээмэл тохиолддог эдгээр бэрхшээлийг арилгах, дээр дурьдсан эцэг эх, багш нар, сургуулийн ажилтнуудын хандлагыг өөрчлөх, зургаан настанд ээлтэй сурах орчин, нөхцлийг хангах үүднээс Хүүхдийг Ивээх сангаас 2015 онд "Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх”нь сэдэвт төслийг хэрэг­жүүлж эхэлжээ. Төс­лийн зохицуулагч Г.Цолмон"Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаас нийслэл рүү шилжин ирэгсдийн тоо ихэсч, тэр хэрээр хүн амын тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох байдал нэлээд асуудал дагуулсан.
Төсөл эхлүүлж байх үед Улаанбаатар хотод сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдийн эзлэх хувь 30 орчим байсан нь хүн ам цөөтэй манай улсын хувьд маш өндөр тоо юм. Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадалгүй сургуульд шууд элсэж байгаа хүүхдүүд олон байсан. Эдгээр хүүхдүүд сургуульд элсэхээс өмнө эзэмшсэн байх ёстой тодорхой чадваруудад суралцаагүйгээс сургуульд орсныхоо дараа цөөнгүй бэрхшээлтэй тулгардаг. Жишээ нь, хүнтэй харилцах, өөрийгөө илэрхийлэх, сэтгэлзүйн бэлтгэлгүйн улмаас айдастай байх  багш, сургууль, эцэг эх төдийгүй хүүхэд өөртөө сурах зан үйлийг хэвшүүлэхэд хугацааалддаг. Энэ бүхэн зургаан настнуудыг сургуульд элсэхэд нь, сурах үйл явцад нь дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байгааг харуулж байсан. Тиймээс бид энэ асуудал зонхилж байгаа нийслэлийн хамгийн олон хүн амтай, шилжин суурьшигчид хамгийн их төвлөрдөг Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 12 сургуулийг сонгон төслөө эхлүүлсэн” гэсэн юм. Гурван жилийн хугацаанд уг төсөл 24 сургуульд хэрэгжин хүрээгээ тэлээд зогсохгүй зорилтот үр дүндээ хүрч эхэлсэн юм. Энэ талаар тэрээр "Бид тодорхой хэмжээнд үр дүн тодорхойлохын тулд төслийнхөө хүрээнд зарим судалгаануудыг  хийсэн. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролд хоёроос дээш жил хамрагдсан, огт хамрагдаагүй болон манайхаас хэрэгжүүлсэн гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх зуны гурван сарын хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг харьцуулан судалсан.
Үүнээс харахад сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй хүүхдүүдэд сургуульд дасан зохицох чадвар, бие бялдрын хөгжил, бие даах чадвар маш дутмаг байдаг ч энэхүү ялгаа тодорхой хугацааны дараа багасч, хүүхдүүд харьцангуй жигд түвшинд хүрч хөгждөг. Дээрх ялгаа зөрүүг багшийн арга зүй, эцэг эхийн оролцоо, сургуулийн дэмжлэгийн хүчээр богино хугацаанд арилгаж, хүүхдийг орчиндоо хурдан дасах нөхцөл бололцоо бий болгох бүрэн боломжтой.Хүүхдийг Ивээх Сангийн энэхүү төсөлд хамрагдсан сур­гуулиудын багш нар заах арга зүйгээ шинэчилж, эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ ажиллах арга барил, түүнд зориулах цаг нэмэгдэхийн хэрээр хүүхдүүдийн суралцах чадварт ахиц гарч байгааг дээр дурдсан.
Жишээ нь, багш нарын дунд сурагчдыг эгнээгээр суулгадаг нийтлэг аргыг өөрчлөн бүлгээр ажиллуулах гэх мэтээр өөр хувилбараар хичээлээ зохион байгуулан сурагчдын сурах сонирхлыг төрүүлэх, илүү бүтээлч байх хандлагыг дэмжин, хамт олонч болох, бусдынхаа тусламжтайгаар хичээлээсээ хоцрохгүй ижил түвшинд явах зэрэг хүүхдэд сайнаар нөлөөлдөг энгийн бөгөөд үр дүнтэй олон арга барилыг манай сургуулиуд хэрэгжүүлдэг болсон ” гэсэн юм. Түүнчлэн тэрбээр "Төсөл хэрэгжсэний үр дүнд сургуулиуд маань нэгдүгээр ангид элссэн сурагчдад зориулж анги танхим, номын сан, бие засах газар зэрэг газрууддаа тэдний ойлгох хэлээр буюу зурган таних тэмдэг  байрлуулж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлсэн. Сургуулиуд намар сургуульд элсэх хүүхэдтэй эцэг, эхчүүдийг хавар сургалтад хамруулах, хүүхдүүдэд зориулсан сургуультай танилцах өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах замаар сэтгэлзүйг нь бэлддэг болсон” гэсэн юм. Уг төслийн үр дүнгээс онцлууштай нэг зүйл нь Хүүхдийг ивээх сан БСШУСЯ-тай хамтран сургуульд элсэх хүүхдэд зориулсан "Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байна. Тус хөтөлбөр болон дасгал ажлын дэвтэр нь 2017-2018 оны хичээлийн жилд  улсын төсвийн хөрөнгөөр хэвлүүлэх "Сурах бичгийн нэгдсэн жагсаалт”-д орж батлагдсан бөгөөд цаашид нэгдүгээр ангид элсэгчдийн байнгын сурах бичиг болох юм.
Гурван жилийн хугацаатай энэхүү төсөл энэ сард үр дүнгээ нэгтгэн дуусаж байгаа ч төслийн хугацаанд бий болсон сургалтын арга барил, зөвлөмжүүд, сургалтад хамрагдсан багш, эцэг, эх, удирдах албан тушаалтнуудын мэдлэг, сурагчдын хэвшүүлэхийг хичээсэн зан үйл цаашид үргэлжлэн түгэн дэлгэрсээр байх биз. Өөрөөр хэлбэл, Монголын боловсролын салбарт нэн чухал зүйлийн нэг болох зургаан настнуудад тавих анхаарал халамж, тэдэнтэй хамтран суралцах ур чадвар, дадлыг бий болгох үйл явцын үрийг Хүүхдийг ивээх сангийнхан хөрсөнд нь суулгаж өгчээ.
 
Т.Сайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>