Зургаан настай хүүхдийнхээ найз нь байцгаая

1173

Зургаан настай хүүхдийнхээ найз нь байцгаая

 

Б.Энхмарт

Аав, ээж та нэгдүгээр ангид орж байгаа нялх үрийнхээ найз нь байж чадаж байна уу. Зургаан настай хүүхдэд эрдэм зааж байгаа багш таниас ч дээрх асуултыг асуумаар байна. Цэцэрлэгт тоглож наадаж байсан хүүхдийг сурагчийн ширээнд суулгахад эцэг, эхчүүд та бүхэн хэрхэн бэлдэж байна вэ. Багш та аав, ээжийн алдрай жаахан хүүхдэд хичээл заахад бэлэн байна уу.

Нэг талаас харахад жижиг сэдэв мэт боловч нөгөө талаас маш хариуцлагатай байх зүйл юм. Энгийн мөртлөө хүн бүрт хамаарах суралцахуйд суралцахын эхлэлийг бид хамтдаа зөв тавьж сурмаар байна. Өөрөөр хэлбэл, эцэг, эх, багш та зургаан настай хүүхдийнхээ найз нь байж, эрдэм сургах аргаа олоход нь туслах, дэмжих хэрэгтэй юм.

Хүүхдээ сургуульд ороход нь ингэдэг юм биш биз

Найз, нөхөд, ах, дүү хамаатан садан, ажлынхны зургаан настай олон хүүхэд сургуульд орж байгааг харсан, дуулсан. Заримынх нь хүүхдэдээ хэрхэн хичээл зааж байгаа талаарх хөгтэй, гунигтай цөөнгүй л түүх сонсож байлаа. Дийлэнх нь дандаа эрхлүүлж, тоглуулж байсан хүүхэдтэйгээ сургуулийн босго алхав уу, үгүй юү том хүүхэдтэй, бүр том хүнтэй харилцаж байгаа юм шиг харилцдаг нь ажиглагддаг. Олонх нь оюун ухаан нь цав цагаан цаас шиг бяцхан хүүхдээ сэтгэл зүйн дарамтад оруулж, наснаас нь хэтэрсэн ачаа үүрүүлж эхэлдэг. Тухайлбал, "Чи сургуульд сурах гэж байж өдөржин тоглоод байх юм. Зурлага зур. Үсэг цээжил. Муу сурвал ангийнхан чинь чамайг шоолно. Багшдаа загнуулна. Манайхан лав цөмөөрөө онц сурч байсан шүү. Онц сурахгүй л юм бол сургуульд сурч байснаас хөдөө мал малла” гэх зэргийг хүүхдэдээ өөрийн мэдэлгүй шахуу хэлдэг хүн цөөнгүй. Зургаан настай хүүхэд эндээс эхлээд л сэтгэл зүйн хувьд "Сургуульд орох аймаар юм байна. Би сургуульд орвол багш загнах юм байна. Би сурч чадахгүй бол яана аа” гэсэн далд айдаст автаж, түгшүүртэй болдог байна. Яг ийм бодол, айдас дээр эцэг, эхчүүд дур мэдэн хүүхдэдээ үсэг, тоо зэргийг өөрийнхөө арга барилаар заагаад эхэлдэг. Бичиж чадахгүй болохоор нь загнаж зандарч хүчээр бичүүлдэг. Бас үсэг, тоо цээжлүүлдэг. Энэ нь буруу гэдгийг эрдэмтэд баримт нотолгоотой, шинжлэх ухааны үндэстэйгээр тайлбарлан ярьдаг юм байна лээ. Ийм байдлаар сургуульд бэлтгэгдсэн хүүхэд анх сургуульд очихдоо л зүрхшээнгүй, айдас тээн очдог байна.

Шив шинэхэн орчин, огт таньж мэдэхгүй хүүхдүүд дунд таны хүүхэд ордог. Тэр үед багш хүүхүүдийн анхаарлыг өөртөө хэрхэн татаж, зурлага, сонирхолтойгоор хичээлээ заах эсэхээс хүүхэд сургуульдаа, хичээлдээ дуртай болох эсэх нь бараг шийдэгддэг гэж болно. Эцэг, эхийн хүүхдээ сургах гэсэн зарим буруу үлгэрлэл, алдааг сайн багшийн зөв арга, хандлага засаж, өөрчлөх тохиолдол цөөнгүй. Нөгөө талаар туршлага багатай, заах арга зүйгээ зөв эзэмшээгүй багшаас болж хүүхэд хичээлдээ сонирхолгүй, муу болох нь түгээмэл. Бүүр цаашлаад амьдрал дээр гараад ч өөртөө итгэлгүй, идэвхгүй нэгэн болж төлөвших нь бий. Заах аргын түгээмэл алдаа дутагдлын жишээ гэвэл багш самбар дээр үсэг, тоогоо бичээд ганцаараа яриад байдаг. Өөрөө бичиж дууссан л бол хүүхдүүдийг ойлгосон, мэдсэн гэж боддог гэмээр чанга дуугаар асууж, загнаад эхэлдэг. Хичээлдээ идэвхитэй сурч байгаа хүүхдүүдтэйгээ илүү харилцах маягаар хичээлээ заадаг. Эндээс эхлээд зарим хүүхэд хаягдаж эхэлдэг. Мөн сургуульд орохоосоо өмнө үсэг, тоо цээжилж, бичиж сурсан хүүхэд багшийг дахин зааж эхлэхэд хичээлдээ сонирхолгүй болох тохиолдол элбэг. Дээр нь аав, ээжийнхээ заасан мэргэжлийн бус арга барилаар бичээд сурчихсан зарим хүүхэд дахин суралцахаас залхаж, цэгцтэй, цэвэрхэн бичиж чаддаггүй. Энэ мэтээр эцэг эх, багшийн санамсаргүй бөгөөд анзаардаггүй олон хандлагаас шалтгаалж дөнгөж сургуульд орохдоо л хүүхэд суралцахуйн бэрхшээлтэй болж эхэлдэг байна.

Энэ тохиолдолд багш, эцэг эх яах ёстой вэ гэвэл сургуульд элсэх үеэс хүүхдийнхээ чадвар, онцлогийн талаар багшид нь хэлж, багш нь ангийнхаа хүүхэд бүрийн талаар мэдээлэл бүрдүүлж, тэр дагуу хүүхдийн онцлогт тохируулан хичээлээ заах нь үр дүнтэй байдаг. Багш зааж буй хичээлийг нь судалчихсан, цээжилчихсэн, бичиж чаддаг нэгнийг урамшуулах замаар дахин нүдлүүлж байхдаа огт мэдэхгүйд нь заах гэх мэтээр бүгдийг ижил тэнцүү хэмжээнд хүргэхийн тулд судалгаа, мэдээлэлдээ тулгуурлан ажиллах ёстой юм. Энэ тохиолдолд сурагч бүр хичээлд идэвхтэй оролцож, хоцрогдол бий болдоггүйг гаднын олон жишгээс харж болно. Үүнээс гадна багш сурагчаа илүү сайн судалж, мэдэж, онцлогт нь тохируулан хичээлээ заах нь зургаан настны ойр дотны найз нь болж, хамтдаа хөгжих, суралцах хамгийн том гарц, гүүр юм. Хүүхэд бүрийн сэтгэхүйн онцлогт тохируулж хичээл заадаг, хамтран суралцдаг систем дэлхий нийтийн сургалтын жишиг болоод удаж байна.

Гэрийн даалгаврыг нь хамт хийцгээе

Багш яагаад гэрийн даалгавар өгдөг вэ. Хүүхэд 24 цагийн арав гаруй цагт нь унтдаг. Ерөнхий боловсролын ихэнх сургууль дээр зургаан настай сурагч дөрвөн цаг л байдаг. Ингэхээр хүүхэд гэртээ арав орчим цаг байдаг гэсэн үг. 40 сурагчтай ангийн багш хичээлийн нэг цаг дээр шинэ үсэг заалаа гэж бодоход таны хүүхдэд ердөө нэг минут хүрэхгүй хугацааг зарцуулах боломжтой. Ихэнх тохиолдолд хүүхэд нэг бүртэй харилцаж амжилгүй хичээлийн цаг дуусдаг. Тэгэхээр хүүхдийг тухайн хичээлийг гэр бүлийн ойр дотныхонтойгоо судалж, давтан илүү сайн ойлгуулах үүднээс багш гэрийн даалгавар өгдөг. Гэтэл аав, ээж зургаан настай хүүхдэдээ дөнгөж таньж мэдэж буй үсэг, тоо, цаашлаад бусад хичээлийнх нь талаар хэрхэн зааж, зөвлөж, даалгаврыг нь хамтран хийдэг вэ.

Зарим эцэг, эх багш нь заах ёстой гээд хүүхдэдээ даалгаврыг нь даатгаад орхичихдог. Орой болтол ажилтай яваад хүүхдэдээ цаг зав гаргаж чаддаггүй хэсэг ч бий. Ойлгоогүй зүйлийг нь ойлгуулж, зөвлөөд заагаад өгдөг сайн эцэг, эх ч бий. Гэхдээ олонх нь "Багш чинь өнөөдөр ямар даалгавар өгсөн. Дэвтэр, ном, үзэг харандаагаа гаргаад тэнд очоод суу” гээд л зандраад эхэлдэг. Даалгаврыг нь хийлгэх гэхээсээ илүүтэй залхаан цээрлүүлэлт, эсвэл өөрт нь түвэг удаж буй мэтээр хүүхдэд ойлголт төрүүлэхээр зан байдал гаргадаг нь ч бий. Зарим айлын хувьд гэрийн даалгавар хийх нь гэр бүлийн хүрээнд томоохон асуудал, хэрүүл маргаан болдог гэх яриа цөөнгүй. Эцэг эхчүүд загнах, зодохоос эхлээд бичсэн дэвтрийн хуудсыг урж, шинээр бичүүлэх зэргээр янз бүрийн ааш авир гаргадаг. Энэ болгонд таны хүүхдийн сэтгэл мохож, сурна гэдэг маш хэцүү зүйл мэтээр ойлгож авдаг. Эсвэл зодуулж, загнуулж байж л даалгавараа хийдэг бүтээлч бус, зодуулахгүйн тулд л хичээл хийдэг нэгэн болж хувирах магадлалтай. Өөрөөр хэлбэл, эцэг эхчүүдийн "Манай хүүхэд хажууд нь байхаар овоо цэвэрхэн бичиж байснаа босоод явчихаар муухай бичээд байх юм” гэдэг яриа өөрсдийнх нь хүүхдэдээ хандаж байгаа хандлагаас үүдэлтэйг огт анзаардаггүй.

Харин энэ тохиолдолд зургаан настай хүүхэд юу боддог бол. Чадахгүй зүйлийг нь заагаад өгөхийн оронд загнаж, зандчаад суугаа аав, ээжийнхээ талаар ямар бодол тээж суудаг бол. Энэ талаар эцэг, эхчүүд тэр бүр эргэцүүлэн боддоггүй. Хүүхэд үзгээ хэрхэн барьдаг, яаж суувал илүү эвтэйхэн байдаг, аль хичээлээс нь эхэлбэл урамтайгаар даалгавраа хийдгийг нь ч мэдэхгүй, анзаардаггүй мөртлөө "Муухай бичээд байна. Цэвэрхэн бич” гэх нь олонтаа. Тооны хичээлийн даалгавар хийлгэлээ гэхэд шууд л 5-3=хэд вэ гээд байдаг. Үүнийхээ оронд гэртээ байгаа ямар нэг эд зүйлээр төлөөлүүлэн тоглоомын аргаар тайван ойлгуулж, хасуулж, нэмүүлж яагаад болохгүй гэж. Жишээ нь, хүүхэд бүрт будгийн харандаа бий. Таван харандааг нь гаргаж тавиад түүнээс гурвыг нь салгаад хэд үлдсэн бэ гэх маягаар хамтран бодож, заримыг нь өөрөөр нь бодуулах маягаар даалгаврыг нь дуусгаж яагаад болохгүй гэж. Энэ тохиолдолд загнуулж, зандчуулснаас хэд дахин илүү тогтоож, хичээлдээ дур сонирхолтой болдог, бүр даалгавраа хамтран хийх гэж хүлээдэг болдог туршлага олон. Саяхан нэг найз маань "20 жилийн өмнө аавынхаа хөгжилтэй дүрсээр У үсгийг зааж өгснийг хэзээ ч мартахгүй санаж явдаг. Тэр аргаар охиндоо үсэг нүдлүүлсэн нь их үр дүнтэй байгаа” гэж ярьсан. Энэ бол эцэг, эх нь хүүхдийнхээ даалгаврыг маш хөнгөн төдийгүй хэзээ ч мартагдамгүй аргаар ойлгуулж чаддагийн нэг л жишээ.

Эцэг, эхчүүд өөрсдөө ч бас суралцъя

Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульд орохоос нь өмнө өөрийгөө танилцуулдаг, өөрийнхөө бодож байгаа зүйлийг зөв илэрхийлэхэд сургах ёстой. Үүний дараа хүүхдээ хичээл хийхэд тохиромжтой орчин бүрдүүлж өгөх хэрэгтэй. Ядахдаа л хүүхдийнхээ нуруунд таарсан ширээ сандалд суулгаж, хэвшүүлж байх нь их ач тустай. Өөрөөр хэлбэл, ухаан суусан цагаас нь хойш сургуульд орох, суралцахад нь бага багаар дасган суралцуулж байх нь тухайн хүүхэд төдийгүй эцэг, эхчүүдэд ч хэрэгтэй талаар судлаач, ажиглагчид зөвлөдөг. Үүний дараагийн алхам бол хүүхдийн сэтгэл зүйг сургуульд элсэхэд бэлтгэх. Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол олгох сургалт, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдийн сэтгэл зүйг суралцахуйд бэлтгэх нь олон бэрхшээлийг түвэггүй давах арга юм. Үүний тулд сургуульд элсэх ямар байдаг, ангийнхантайгаа хэрхэн харилцах, биеэ хэрхэн авч явах тухай эелдэгээр ярьж ойлгуулахаас гадна сурах сургуультай нь танилцуулж яагаад болохгүй гэж. Харин сургуульд элссэнийх нь дараа эцэг, эхчүүд хүүхдийнхээ ангийн багш хичээлээ хэрхэн зааж байгаа арга барилыг бага ч гэсэн эзэмшихийг хичээх нь маш чухал юм. Багшийн арга барилыг ойлгож, өөртөө тусгаснаар хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэх нь үр дүнтэй төдийгүй багш, эцэг, эхийн хамтын ажиллагаа хүүхдэд маш сайнаар нөлөөлдөг байна. Мөн дээр дурдсан хөгжөөнт тоглоомын болоод бусад сонирхолтой аргаар хүүхдэдээ даалгавар хийх нь ачаалал, хэцүү зүйл бишээр хэвшүүлэх нь хүүхдэд чинь маш том өв хөрөнгө болон үлдэх юм. Өөрөөр хэлбэл, аав, ээж та хүүхэдтэйгээ хэдий чинээ хөгжилтэй ойр дотны найз байж чадна төдий чинээ хүүхэд чинь хичээлдээ сайн сурна гэсэн үг.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>