БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЦААЗЫН ЯЛ ОНООХ ТУХАЙ НЭМЭЛТИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛНА

808

БАГА НАСНЫ ХҮҮХЭД ХҮЧИРХИЙЛЭХ ГЭМТ ХЭРЭГТ ЦААЗЫН ЯЛ ОНООХ ТУХАЙ НЭМЭЛТИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ОРУУЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ САНААЧИЛНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүчирхийллийн эсрэг санаачилгатай ажиллаж, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар цаазын ялыг сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилж, Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын president.mn цахим хуудсаар иргэдийн саналыг сарын турш албан ёсоор авч, мөн уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирдэг олон тооны санал хүсэлт, шүүмжлэлийн тодорхой хувийг цаазын ялыг сэргээхтэй холбоотой иргэдийн санал хүсэлт, шүүмжлэл эзэлдэг учраас ийнхүү хуулийн төсөл санаачлахаар болсон юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр бага насны хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд цаазаар авах ял оноодог байхыг Төрийн тэргүүнээс биечлэн болон бичгээр шаардсан иргэд цөөнгүй байв.

2017 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр ХЗДХ-ийн сайдад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүргүүлсэн бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг цаазаар авах ялыг сэргээх тухай албан бичгийн агуулгыг товчлон хүргэвэл:

"Хүчирхийллийн гэмт хэрэг, тэр дундаа бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэж, тэднийг бэлгийн дур хүслээ хангах хэрэгсэл болгож байгаа нь нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болоод байна.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хүчирхийллийн улмаас амь насаа алдсан зэрэг олон нийтийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүд сүүлийн үед олноор гарах болсон нь нийгмийг цочроож, олон нийтийг айдаст автуулах боллоо.

Хүний эрхийн Үндэсний комиссоос гаргасан тайлан мэдээнд тусгагдсаныг судалж үзэхэд 1 нас 4 сартай хүүхдийг ч хүртэл хүчирхийлсэн байх ба судалгаагаар өнгөрсөн онд 2-7 насны 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Түүнчлэн 12-17 насны 1613 эх төрсөн, 20 хүртэлх насны 1668 эх үр хөндүүлсэн байгаагийн цаана хүсээгүй жирэмслэлт, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудал нуугдаж байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой юм.

Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах, жигшүүрт гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ялын дээд хэмжээ цаазаар авах ялын оногдуулж, хатуу цээрлүүлж байх саналыг олон нийтийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан олноор ирүүлж, цаазаар авах ялыг сэргээхийг шаардах боллоо.

Хэдийгээр цаазаар авах ял нь хүмүүнлэг бус гэгдэж байгаа ч хөл дээрээ ч бат зогсож амжаагүй, хөхнөөсөө ч гараагүй нялх хүүхдийг хүчирхийлж байгаа нь Монгол хүний зан заншил хийгээд соёлт хүн төрөлхтөний ёсонд харшлах ноцтой, харгис хэрцгий жигшүүрт үйлдэл юм.

Монгол Улсын иргэдийн ухамсар, ёс суртахуун, хүн хүнээ дээдлэх соёл, зан заншлыг үгүйсгэсэн жигшүүрт гэмт үйлдлүүд улам бүр нэмэгдэж байгаа нь манай улс цаазаар авах ялыг халах цаг хараахан болоогүй байсныг илтгэж байна…” гээд

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II Протоколоос гарах ажлыг хуулийн дагуу Засгийн газар эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хүргүүлсэн юм.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "…Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний ам нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан байдаг. Ингэснээр Үндсэн хуулиараа цаазын ялыг хэрэглэх бүрэн боломжтой боловч салбар хуулиараа хязгаарлаж хаасан нь учир дутагдалтай гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>