М.НИНА: ЧИХЭВЧТЭЙ ХӨГЖИМ СОНСОЖ, СОНСГОЛГҮЙ БОЛСОН БОЛ БУЦАЖ...

1045

М.НИНА: ЧИХЭВЧТЭЙ ХӨГЖИМ СОНСОЖ, СОНСГОЛГҮЙ БОЛСОН БОЛ БУЦАЖ...

 

Жил бүрийн 3-р сарын 3-ны өдөр "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр" болдог. Энэ өдөртэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн салбар Амбулатори №1-ийн Чих, хамар хоолойн их эмч М.Нинатай ярилцлаа.

-Сайн байна уу? Жил бүрийн 3-р сарын 3-ны өдөр "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр" болдог. Энэ өдрийн тухай мэдээллийг өгнө үү? 

Баярлалаа. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас жил бүрийн 03 дугаар сарын 03–ны өдрийг "Сонсгол хамгаалах дэлхийн өдөр” болгон зарласан байдаг. Жил бүр тухайн өдөртэй холбогдуулан уриа гаргадаг. Харин 2018 оны уриа бол "Ирээдүйг сонсохын тулд одооноос эхлэж, сонсголоо хамгаалья!"

-Дэлхий дээр хичнээн сонсголын бууралттай, эмгэгтэй хүмүүс байдаг вэ? Тоон судалгаа байдаг уу?

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагийн мэдээллээр дахинд 1.1 тэрбум орчим залуучууд сонсох буруу дадлын улмаас чимээ шуугианаас үүдэлтэй сонсголоо алдах, дүлийрэх эрсдэлтэй тулгарч байгаа юм. Өнөөдрийн хувьд дэлхий дээр 360 000 000 хүн сонсгол бууралттай болсон байна. Эдгээрийн 32 000 000 нь хүүхэд. Зарим халдварт өвчин, Чихний өвчин, Чихэнд хортой эмийн нөлөө, Удамшил, Хэт их дуу чимээ, Ажлын байрны онцлог, Буруу дадал хэвшил, насжилт зэрэг нь сонсгол буурах шалтгаан болдог.

-Сүүлийн үед залуучууд маань чихэвчтэй хөгжим байнга сонсох болсон. Энэ нь тодорхой хэмжээнд сөрөг нөлөө байдаг гэдэг, та мэргэжлийн эмчийн хувьд энэ тал дээр мэдээлэл өгөөч?

Чихэвчээ зүүгээд орчлонгоос тасрахын сайхныг дуу хөгжимд дуртай охид, залуус сайн мэднэ. Гэхдээ сайхан юм болгон золиос шаарддаг гэдгийг бид мартаж болохгүй. Хэрвээ чи гэртээ, ажил, хичээл дээрээ, алхахдаа, автобусанд гээд хаа сайгүй чихэвчтэй хөгжим зүүдэг бол үүнийг заавал анхаарч уншаарай. Чихэвчтэй хөгжим байнга сонссоноор сонсгол муудах, насан туршдаа сонсголгүй болох олон сөрөг талтай.

-Яагаад чихэвчний хөгжим сонсголд муугаар нөлөөлдөг вэ?

Залуусын сонсгол муудах нь ихэвчлэн чихний дотор талд байрлах жижиг мэдрэлийн эсүүд, хэт чанга дуу чимээнээс болж гэмтсэнээс үүдэлтэй байдаг. Төрөлхийн сонсголын бэрхшээлээс ялгаатай нь ийм шалтгаанаар нэгэнт сонсголгүй болсон бол буцаж сэргэх боломжгүй.

-Тэгвэл чихэвчний хөгжимнөөс гадна өөр ямар чимээнүүд хүний чихэнд сөрөг нөлөө үзүүлдэг юм бол оо? 

Хэдэн жилийн өмнө сонсгол муудах магадлалтай хүмүүсийн тоонд зөвхөн үйлдвэрт болон зам засварын ажил хийдэг хүмүүс л хамаардаг байсан. Харин одоо үед байнга чихэвчтэй хөгжим бас шөнийн клубын спикерний хажууд удаан зогсдог хүний ч сонсгол аажмаар муудаж байгаа. Мөн гэнэтийн чанга дуу чимээ буюу салют, буудлагын чимээ зэрэгтэй хэт ойр байснаас чихний эсүүд гэмтдэг.

-Өөрийгөө эрсдэлд оруулж байгаагаа яаж мэдэх вэ?

Чихэвчтэй хөгжим чангаар удаан сонссоны дараа хэдэн секундын турш чих дүнгэнэх эсвэл дүлийрэх шинж тэмдэгүүд илэрдэг дээ? Энэ бол чихнийхээ мэдрэлийн эсүүдийг тодорхой хэмжээгээр гэмтээж цочроосны шинж тэмдэг. Гэхдээ ийм шинж илрэхгүй ч гэсэн аажмаар чих муутай болж, хүний хэлснийг сонсдоггүй, зурагтаа хүртэл заавал чангаар үзэх гээд байдаг туу малтай болдог. Энэ нь ямарваа нэг дуу чимээг хэр чанга эсэхийг мэдэхийн тулд хоёр метрийн цаана байгаа хүний яриа сонсогдож байгаа эсэхийг шалгаарай. Хэрвээ хашгирахаас нааш сонсогдохгүй байвал дуу чимээ хэт чанга төрөлд орно гэсэн үг.

Иймэрхүү энгийн анализийг хийснээр өөрийгөө эрсдэлд оруулж байгаа эсэхээ дүгнэж дуугаа тэр даруй сулруулж хэвших хэрэгтэй.

-Сонсголоо хамгаалахын тулд яах ёстой вэ? Бодит амьдралд ойрхон ямар аргууд хэрэглэж болох вэ?

Чихэвчний хөгжим сонсох 60:60-ын дүрэм гэж байдаг л даа. Хөгжмийнхөө чангыг 60 хувь дээр нь тохируулах эсвэл өдөрт 60-аас илүү минут сонсохгүй байхын аль нэгийг сонгох. Ухаалаг утасныхаа хөгжмийг чангалах гэхээр "Үүнээс илүү чангалвал сонсголд чинь муугаар нөлөөлөх магадлалтай гэдэг бичиг гарч ирдэг тээ? Учиртай болоод л тийм бичиг гарч ирж байгаа шүү.

Мөн толгойдоо зүүдэг чихэвч сонгох нь чухал. Ядаж ажил, гэр хоёртоо чихэндээ хийдэг биш, толгойдоо зүүдэг хавтгай чихэвч хэрэглээрэй. Энэ нь гадны дуу чимээг илүү сайн тусгаарладаг учраас тултал нь чангалах шаардлага гарахгүй.

 -Манай уншигчдад ялангуяа чихэвч байнга хэрэглэдэг залуучуудад хандан та юу гэж хэлэх вэ? 

Чихэвчний хөгжмийг удаан хугацаанд зүүснээр чихэн дэх нянгийн тоо өсдөг. Тиймээс чихэвчээ ариутгаж хэрэглэж байгаарай. Мөн чихэвчээ аль болох дамжуулж хэрэглэхгүй байхыг зөвлөе.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!                                                            

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>