Монголын хөгжил, миний төсөөлөл
Өнөөдрийн Америкийн Нэгдсэн Улс бүх дэлхийн оюуны чадвартай хүмүүсийг эх орондоо суралцуулах, ажиллуулах замаар дэлхийн хамгийн хүчирхэг орон болж байгаа нь Чингис хааны бодлогыг хэрэгжүүлсэн гэж АНУ-гийн түүх судлаач Жак Ведерфорд "Чингис хаан ба өнөөгийн дэлхий” гэдэг номондоо бичсэн байдаг.
Дэлхийн шинжлэх ухааны төв анхны төрт улсыг үүсгэн байгуулсан
Шүмерээс Египетэд шилжиж, Египетээс эртний Грект шилжиж, түүнээс Ромын
эзэнт гүрэн, Ромын эзэнт гүрнээс Их Британи, Их Британиас Франц,
Францаас Герман, Германаас АНУ-т шилжжээ.
Дэлхийн нэртэй философич Хегел "Түүхийн Философи” нэртэй номондоо
"хөгжил гэвэл зөвхөн мэдлэгийн хөгжлийг хэлнэ” хэмээн нотолсон байдаг.
Үүнээс үзвэл, хүн төрөлхтний мэдлэгийн шинжлэх ухааны төв хаана байна
тэнд л хөгжил байна. Тиймээс Монгол улс түүхэндээ хүн төрөлхтний
мэдлэгийн төв байсан үедээ хүчирхэг байсан гэдэг нь Монголын Эзэнт
Гүрний түүхээс харагддаг. Монгол орны хөгжил зөвхөн хүн мэдлэгийн төв
байсан үед л Монголын ард түмний хүсэл эрмэлзэл биелэлээ олж, Монгол
орон дэлхийн хамгийн хүчирхэг орон болох нь тодорхой.
Монголын хөгжлийг төсөөлөхөд хялбар болгох үүднээс хэдэн жишээ татая:
1. Швейцарь улсын хөгжлийн загвар:
Далайд гарцгүй, байгалын баялаг байхгүй, хүчирхэг улс орны дунд
хавчигдсан Швейцарь орон яаж хөгжилд хүрсэн юм бол доо. Ард түмнээ
хөлсний цэрэгт явуулах замаар улс орноо удирдаж авч явж байсан Швейцарь
улс дэлхийн санхүүгийн төв болох замаар ард түмний амьдралыг өөд татах
бодлого хэрэгжүүлснээр дэхийн нийт мөнгөн баялагийн 22 хувийг менежмент
хийх чадалтай, 1600 хүн тутамд нэг банктай, дэлхийн улс төрийн
хэлэлцээрийн төв болж хөгжсөн түүхтэй.
Монгол улс 8 цагийн нислэгийн радиус дах зах зээлийг тооцоолбол дэлхийн
хамгийн хүчирхэг эдийн засагтай, хүн төрөлхтний мэдлэгийн төв,
санхүүгийн төв болж хөгжих бүрэн боломж бий.
2. Дубайн хөгжлийн загвар:
Нефть газ нь дууссан цорын ганц портоос өөр эдийн засгийн суурь байхгүй
болсон Дубайн Эмиратад байгалын баялаг байхгүй болсон бүс нутгийг яаж
хөгжүүлэх вэ гэсэн асуудал 1990-ээд оны эхээр тулгарчээ. Дубайн Эмиратын
Дубайг хөгжүүлэх цорын ганц гарц бол мэдлэгийн эдийн засгийг
хөгжүүлэхээс өөр замгүй гэж шийдэж, 18 хуудастай үндэсний хөгжлийн
стратегийг тунхалж, 30 гаруй мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрийн
кластеруудыг байгуулахаар шийдсэний үр дүнд хүн төрөлхтний түүхэнд
хөгжлийг түлхүүр нөхцөлөөр шийдэж болох загварыг гаргаж ирсэн түүхтэй.
Дубай 30 гаруй мэдлэгт тулгуурласан аж үйлдвэрийн кластеруудыг тунхаглаж
хөгжүүлснээр хүн төрөлхтний бүтээн байгуулалтын нийт краны 20 хувийг
төвлөрүүлж, 10 хүрэхгүй жилийн хугацаанд чөлөөт бүсийн загвараар дэлхийн
гайхамшгийг бүтээсэн түүхтэй. 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үед
дэлхий дахин Дубай дампуурлаа гэж зарлаж байхад Дубайн Эмират бид
дампуураагүй, бидэнд сорилт тулгарч байна, бид сорилтыг давах болно гэж
дэлхий дахинд зарлаж, хамгийн түрүүнд санхүүгийн хямралыг давж гарсан.
Дубайн хөгжил хүн төрөлхтний оюун болон капитал дээр тулгуурлаж хөгжсөн
түүх нь Монголын эзэнт гүрнийг байгуулсан түүхэн замналтай яг л ижил
байна.
Дубайн хөгжлийн жишгийг дэлхий дахины үндэстэн болгон туршлага сургамж
болгон хэрэглэж, хүн төрөлхтний гайхамшгийг бүтээж байхад Монгол хүн
яагаад түүхийн санамжаа алдав аа.
Өнөөдрийн Монгол хүн хүн төрөлхтний Монгол хүнтэй харьцуулахын аргагүй
мэдлэггүй байна.Монгол хүн мэдлэгтэй болсон цагт дахин сэргэн мандах нь
тодорхой. Монгол оронд мэдлэгтэй хүмүүс Монголын шинэ түүхийг бүтээхийн
тулд ирж яваа, ирэх ч болно.
3. Финландын хөгжлийн загвар:
20-р зууны эхнээр Оросоос тусгаар тогтносон Финданд улс хахир хүйтэн
хойд туйлын хавьд оршдог. Хүн ам нь Монгол улсаас нээх их олон биш
бөгөөд Финланд үндэстний оршин тогтнох эсэх асуудал нь Орос оронтой энх
тайвангаар зэрэгцэн оршиход байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд
Оросын эсрэг үзэл бодлын шинжтэй 1000 гаруй номыг хэвлэх эрхийг хаасан
ардчилсан орон юм. Яагаад гэвэл хөрш зэргэлдээ орны төр болон ард түмний
эсрэг дайсагнах, үзэн ядах, гомдох нь Финланд улсын гарц биш гэж үзсэн.
Финланд улсыг баруун Европчууд улс төрийн зальжин, янхан орон гэж
нэрлэж ч байсан. Финланд орноор дамжиж Орос улс барууны орнуудтай
холбогдож байсан учир эдийн засаг, аюулгүй байдлын баталгаатай болсон
түүхийг хүн төрөлхтний түүх баталсан. Гэтэл Монгол орон урт талдаа 1.3
тэр бум хүнтэй, хойд талдаа 140 сая хүн амтай энэ 2 орноор дамжиж
дэлхийд гарах бололцоо байхгүй ард түмэн мөртлөө Хятадыг үзэн яаддаг,
Оросыг үзэн яддаг хийрхэл Монгол үндэстний хөгжилд саад болж байгааг
хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Финланд улс өнөөдөр дэлхийд өрсөлдөх
чадвараараа толгой цохиж явж буйг Монгол хүн ойлгох хэрэгтэй. Үндэсний
чадал гэдэг хүн амын тооноос хамаарахгүй, харин мэдлэгийн чадвараас л
хамаардаг болохыг ойлгох цаг болсон шүү.
4. Израел улсын загвар:
Израел улсыг дайсагнасан 160 сая Арабчууд дотор 3-хан сая еврей аюулгүй
оршин тогтнож байна. 2000 жилийн өмнө эх орноосоо хөөгдөж, газар нутаг
байхгүй болсон Еврейчүүд 1948 онд төртэй болсон түүхтэй. Төртэй байхаас
нь өмнө Еврейчүүд төргүйгээр хөгжиж хүн төрөлхтний хөгжилд хувь нэмэр
оруулсан гэдгийг мартаж болохгүй шүү. Өөрийгөө Еврей гэж зарлаж буй хүн
төрөлхтнийг хар, шар, цагаан арьстнаар нь үл ялгаварлан Еврей үндэстэн
гэж хүлээн зөвшөөрч, Еврей үндэстэн оршин тогтнохыг баталгаажуулсан
түүхтэй.
Монгол ардын "Монгол олон уу, мод нь олон уу” гэж үг байдаг. Монгол
үндэстэн дэлхийн түүхийг бүтээсэн үндэстэн учраас түүхийн явцад нүүр
царай, хэл, шашин, газар зүйн байршлын хувьд олон хувилбартай болсон нь
тодорхой. Монголын төр байгуулагдсаныг Нэгдсэн Үндэсний Байгууллага
баталгаажуулсан асуудал бол хүн төрөлхтнөөс Монгол үндэстэнд үзүүлсэн
хүндэтгэл бөгөөд хүлээн зөвшөөрөлт шүү.
Дэлхий дахинаа өөрийгөө Монгол гэж нэрлэж байгаа хүн төрөлхтнийг
арьстан, үүсэл гарал, хэл шашнаас үл хамааран хүлээн авах нь агуу
Монголыг босгох агуу Монголын ухамсар байх ёстой.
Дэлхийд Монгол олон уу, мод нь олон уу гэдгээр Монголын хөгжлийн гарцыг
тодорхойлъё. Мухар сүсэг Монголыг сөнөөнө шүү. Явцуу хүсэл эрмэлзэл
Монголыг бас сөнөөнө. Хүн төрөлхтний агуу түүхийг бүтээгч 21-р зууны
Монгол дэлхийн хүсэлтэй, дэлхийн тэмүүлэлтэй, дэлхийн төсөөлөлтэй байх
ёстой.
Хотгойд Доржпаламын Батчулуун