ХУРДАН ХЭЭРИЙН ДОМОГ

904

ХУРДАН ХЭЭРИЙН ДОМОГ

 

Тэр нэгэн жилд долоон хошуу даншигт Манжийн хаан морилон ирэх болж гэнэ.Хаад ноёд манжийн хаанд нүүр тал засах гэж даншиг наадамд Манжийн хааны морийг түрүүлүүлэх талаар Богдын лүндэнг яаран гаргуулжээ.Харин зэргэлдээ нутагтай сэцэн хаан "Эрийн гурван наадмын гол болсон морины түрүүг харийн хаанд хүчээр өгч байдаг нь юу билээ”гэж дургүйцээд "Хурдан морины шинжээч” гэж алдаршсан нэг түшмэлд гучин лан мөнгө өгч "Одоо болох гэж байгаа наадамд түрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир” хэмээн явуулжээ.Шинжээч түшмэлд хурдан морь олон тааралдсан боловч санаанд нь нэг л таарахгүй байж.Түшээт хааны нутгаар явж байтал хонь хариулсан нэгэн өвгөнтэй тааралдав. Өвгөний унасан хээр морь юунд ч гүйцэгдэшгүй хурдны шинж бүрдсэн морь байв.Өвгөнд өөрийн учрыг хэлж худалдахыг гуйхад:” Би баян айлын хонь хариулдаг ядуу хүн.энэ морь бол эзний өгсөн гурав дахь унаа.Урдахь хоёр нь дараалан зөнөж үхсэн.Би хөгшин болтлоо морины хурдыг шинжиж яваагүй.Худалдах эсэхийг мэдэхгүй,эзэн өөрөө мэдэх буй заа” гэжээ.Түшмэл морины эзнийд очиж худалдахыг гуйхад:”Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон ,хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн үнэмших вэ?Би үүнийг худалдах нь битгий хэл зүгээр өгөхөөсөө ичиж байна " гэв.Түшмэл мөнгөө ширээн дээр тавьж "Энэ мөнгө эзэн таны өлзий болог,хээр морь надад хурдан болог” гэж хэлээд хээр морио хөтлөн буцав.Гэтэл сэцэн хаан учиргүй их уурлаж,”Халх монголын адуун сүргийн хурд нь барагдаж” гэж бодоод "Энэ адуу нэртэй,алхан толгойтой юмыг авчирч миний толгойг эргүүлэх гэж бодоо юу?Үүнийгээ аваад зайл” гэж хөөжээ. Түшмэл морио хөтөлж Төр хурахын аманд ирж,бараан өнгийн даавуугаар битүү нэмнэвч халхавч хийж,ус идшийг нь тааруулан, болох гэж байгаа төрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв.Нэгэн өдөр уяж байгаа бүх морьдыг "Хүйн ногоон толгой” гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв.Шинжээч нарын дотроос бөгтөр нуруутай хөх өвгөн "Ээ хө,Таны морь ёстой хурдан морь юм.Гэвч энэ наадамд түрүү булааж чадахгүй нь ээ.Богдын ордны саравчинд алтан өнгөт нөмрөгтэй,Хүлж буйрын унага Манжийн хааны” Хурдан бор” гэдэг газар гишгэх улаан хөлт амьтныг урдаа оруулдаггүй хурдан морь бий.Түүний дараа л таны хээр морь ирнэ гэхэд, түшмэл "Үгүй ер,халх монголчууд мориныхоо түрүүг харь манжид алдах нь уу? "хэмээн бодоод "Өвгөн гуай ,миний хээр морь тэр бор морины өмнө нь орох арга байхгүй юу?” гэж асуухад өвгөн:”Манжийн хааны тэр моринд согогтой нэг юм ажиглагдсан.Нэг удаагийн нууц үсэргээнд олон хүн шуугиж, гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сүрдэж байсан. Бодвол " Үрээ даага байхдаа,худагт юм уу ,усанд унасан юм байна” гэж бодсон хэмээв.Ингээд наадам болж морьд гарах болоход түшмэл цовоо сэргэлэн хүү олж морио унуулаад "За хүү минь, Манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор! Морь барих хүмүүсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгиран гуугалаарай гэж захижээ.Манжийн хааны бор ,түшмэлийн Хээр хоёр тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хүү хэд чанга хашгиран давирахад Манжийн хааны хурдан борыг орхин "хонины хээр” гэдэг хочтой Хурдан хээр наадмын түрүүг булаасан юм гэдэг. Энэ үеэс "Даахин доор морь,дахан доор эр” гэдэг яриа үүсчээ.
Эх сурвалжийг "МОНГОЛ АРДЫН ДОМОГ” номноос

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>