С.Баяр нарын бие муудаж, хорих ангиас гарах бэлтгэлээ базааж эхлэв үү?

120

С.Баяр нарын бие муудаж, хорих ангиас гарах бэлтгэлээ базааж эхлэв үү?

Оюутолгойн гэрээг байгуулсан, бас өөрчилсөн гэх нэр зүүдэг Монгол Улсын 2 ч ерөнхий сайд асан баривчлагдаад байгаа билээ. Тэднийг Авлигатай тэмцэх газраас баривчлах хүсэлтийг гаргаж, шүүх хүсэлтийг нь хүлээн авч 30 хоног саатуулах шийдвэрийг гаргаад хэд хонож байна.

2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах ажлыг эхлүүлсэн. Тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр, мөн уг гэрээг боловсруулах, батлуулах ажлыг хийсэн гэх тухайн үеийн сангийн сайд С.Баярцогт нарыг саатуулаад байгаа.

Дашрамд сануулахад 2009 онд Оюутолгойн гэрээг байгуулах ажлыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр чиглүүлж, Сангийн сайд С.Баярцогт, Байгаль орчны сайд Л.Гансүх, Уул уурхайн сайд Д.Зоригт нар голлон ажиллаж байсан билээ. Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Авлигатай тэмцэх газраас баривчлаад байна. Энэ хоёр эрхмийг баривчлах болсон гол шалтгаан нь оффшор бүсийн данс, түүгээр орж гарсан мөнгөн урсгал, мөн гадаадад авсан гэх байр, орон сууцтай холбоотой хэмээх явган яриа явж байна. Харин Авлигатай тэмцэх газраас өгч байгаа мэдээллээр бол С.Баяр, С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг байгуулахдаа албан тушаалаа ашиглаж, давуу эрх олгосон гэх үндэслэлтэй гэхээс өөр тайлбар өгөөгүй байна.

2014-2016 онд Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг мөн л Оюутолгойн гэрээтэй холбоотой гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас баривчлаад байгаа билээ. Түүнтэй хамтран тухайн үеийн Эрдэнэс Монгол” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Татварын Ерөнхий газрын дарга Б.Ариунсан нарыг бас баривчлаад байна. Энэ гурван эрхмийн хувьд Дубайн гэрээтэй холбоотой. 2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Дубайд очиж, Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулсан байдаг. Энэхүү өөрчлөлт нь Монгол улсад ашиггүй, Оюутолгойн гадаадын хөрөнгө оруулагч нарт хэт давуу байдал өгсөн хэмээх шүүмжлэл гарах болсон билээ. Үүнтэй холбогдуулан уг баривчилгаа хийгдсэн гэх хардалт зарим улс төрчдөд байна.

Ийнхүү нэг гэрээ, 2 өөр цаг хугацаатай холбоотой баривчлагдсан дээрх эрхмүүдийн заримынх нь бие муудаж эхэлсэн мэдээлэл байна. Одоогийн байдлаар Ерөнхий сайд асан С.Баярын хувьд харшил нь хөдөлж, багтраа өвчин нь сэдэрсэн тул эмнэлэгт хэвтсэн гэх мэдээлэл байна. ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржийн хэлж байгаагаар бол С.Баярын бие эрс муудаж, цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Хэрэв тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд бие нь дээрдэхгүй бол өөр эмнэлэгт шилжүүлэн эмчлэхийг үгүйсгэх аргагүй талаар ярьсан хэмээн эх сурвалж өгүүллээ.

Мөн Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсангийн хувьд чихрийн шижин өвчин нь сэдэрч бас л цагдан хорих 461-р ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж эхэлжээ. Чихрийн шижин өвчин нь нэлээд хүндэрсэн тул нарийн эмчилгээ хийлгэх шаардлагатай талаар Б.Ариунсангийн ар гэр болон өмгөөлөгч нар нь ярьж байгаа тухай дуулдав. Хэрэв тийм бол түүнийг цагдан хорих 461-р ангийн эмнэлгээс шилжүүлж өгөх хүсэлтийг гаргаж болзошгүй.:

С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нарын биеийн байдал одоогоор хэвийн гэсэн мэдээлэл дуулдаж байна. Ер нь бол албан тушаалаа урвуулсан, авлига авсан гэх хэргээр цагдан хоригдсон эрхмүүдийн бие муудаж, эмнэлэгт хэвтдэг. Дараа нь батлан даалтаар суллагдаж, гадуур шалгагддаг нь бичигдээгүй дүрэм гэхэд нэг их дэгстүүлсэн болохгүй л болов уу? Ийм л сценарийн жүжиг дээрх эрхмүүдийн хэрэг дээр үргэлжлээд эхлэв бололтой.

Эх сурвалж: Asuudal.mn

http://asuudal.mn/more/1812

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.