Алдартнуудын ой тогтоолтын нууц юу байв?

1071

Бид бүхэн насан туршдаа л цээжилдэг. Заримдаа онцын шаардлагагүй зүйлээ төвөггүйхэн цээжилчихдэг хэр нь хамгийн чухалд тооцсон мэдээллийг хэчнээн оролдоод ч тогтоодоггүй. Зарим хүн сонсоод л тогтоох чадвартай байхад, өөр бусад нь сонсох байтугай хэдэн зуун удаа давтсан ч талаар болдог.

Тэгвэл бүх цагийн үед
ой тогтолтоороо бусдыг гайхшруулж байсан хүмүүсийн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Үнэмлэхүй ой тогтолтоороо бусдыгаа гайхшруулан алмайруулдаг хүмүүс цөөн байдаг ч бүхий л цаг үед байсаар иржээ. Тэдний амьдрал үеийн үед эрдэмтдийн сонирхлыг татсаар ирсэн юм. Шинжлэх ухааны хувьд тайлагдаагүй нууц хэвээр үлдсэн тэдгээр гайхалтай ой тогтоолттой хүмүүсийг танилцуулъя.

Никола Тесла (1856 – 1943)
Сербийн инженер, зохион бүтээгч, физикч Тесла "дэлхийн нүүрэн дээр гэрэл тусгасан” хүн юм. Тэрбээр XIX, XX зууны эхэн үед цахилгаан урсгал, соронзон судалгааны ажилд эргэлт хийжээ. Түүний онолын ажлууд өнөөгийн АС эрчим хүчний системийн суурийг тавьж, үйлдвэрлэлийн хоёрдогч хувьсгалыг эхлүүлсэн эрчим хүч хуваарилах олон фазын систем, АС хөдөлгүүр зэргийг бүтээжээ. Түүнийг XX зууныг нээсэн хүн гэх зэргээр тодорхойлдог.
Үүнээс гадна Тесла маш сайн санах ойтой хүн байсан гэдгээрээ алдартай юм. Түүний харааны санах ой маш сайн хөгжсөн бөгөөд тэрбээр ямар нэгэн зүйлийг тэмдэглэж авч байсан удаа ховор гэнэ. Тесла ном унших дуртай, уншсан номуудаа цээжээр мэддэг байжээ.
Никола Тесла залуу насандаа хүнд өвчнөөр өвдсөн нь гүйцэд эдгэлгүй, үе үе сэдэрдэг байв.
Эхлээд цацарч буй гэрэл харсны дараа толгой нь таллаж өвдөх болжээ. Толгой өвдөх болгонд хачин гэрэлт дүрс нүдэнд нь харагдах болсон байна. Энэ тухай тэрбээр дурсамж тэмдэглэлдээ "Хурц тод өнгөтэй гэрэл харагдаж буй бодит обьектыг бүрхэж мөрөөдөл, бодол маань нүдний өмнө өрнөдөг байсан. Ингэж миний аялал эхэлсэн. Шөнө бүр, заримдаа өдөр ганцаараа үлдэхдээ энэ аяллаар аялдаг байлаа. Очиж байгаагүй газар, хот, улсад хүрч амьдран, найз нөхдийн хүрээлэл үүсгэж, хүмүүстэй танилцаж байсан юм. Итгэмээргүй ч гэлээ тэд надад миний гэр бүл шиг л үнэтэй байсан. Мөн энэ өөр ертөнцүүд яг л бодит юм шиг идэвхтэй өрнөлтэй байдаг” гэж бичсэн байдаг байна. Ихэнх хүнд энэ чадвар байдаг ч их, бага гэдгээрээ л ялгаатай.

Теодор Рузвельт (1858 – 1919)
"Тедди” хочит АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт тэрбээр багадаа бие султай, нүдний хараа муутай жаал байсан ч өөртөө хатуу итгэл үнэмшил, зорилго тавин чийрэг эрүүл амьдралыг бүтээхийн тулд 12 настайгаасаа эхлэн шаргуу дасгал хийж, хөдөлмөрлөх болжээ. Рузвельт өдөрт хэд хэдэн ном уншиж, түүнийгээ эргэн санаж ой тогтоолтоо хөгжүүлдэг байжээ. Түүнчлэн хэд хэдэн зүйлийг нэгэн зэрэг хийх онцгой чадвартай байв. Рузвельт тэсвэр хатуужил, дасгал сургуулилтын ачаар хамгийн хүнд нөхцөлд ч төвлөрч чадах чадварт суралцжээ. Тэрбээр 1912 онд Чикаго хотод намын ажлаар ирж "Конгресс” зочид буудалд байрлажээ. Түүний цонхны доор бүлэг хүмүүс цуглаж, "Бид Теддитэй уулзмаар байна" гэж хашгирч, үүнтэй зэрэгцэн яаралтай хурал, цуглаан давхцахад Рузвельт юунд ч сатааралгүй номоо уншиж байжээ. Түүний нууц ямар ч тохиолдолд анхаарлаа сарниулахгүй байх ажээ.

Сергей Рахманинов (1873 – 1943).

Тэрбээр ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч, удирдаач, бүх цаг үеийн хамгийн агуу төгөлдөр хуурчдын нэг юм. Түүний харааны санах ой маш сайн хөгжсөн бөгөөд тэрбээр хөгжмийн нотуудыг төвөггүй цээжилдэг байжээ.


Ким Пик (1951 – 2009).

Ер бусын онцгой санах ойгоороо шагшигдсан Ким хуанлийн он сараас эхлээд энгийн хүний тэр бүр цээжилж чадахгүй маш урт тоон цувааг тогтоож чаддаг, уншсан мэдээллийнхээ 98 хувийг хадгалж авах чадвартай байжээ. Ким 9000 гаруй номыг цээжээр мэддэг байсан бөгөөд хоёр хуудсыг нь нэгэн зэрэг унших чадвартай байжээ. Тэрбээр гавлын яс ба тархи хоорондын холбогч эсүүдийн гэмтэл авсан бөгөөд түүний энэхүү эмгэгийг эрдэмтэд маш ховор тохиолдол хэмээн үзжээ.


Ромын пап II Иоанн Павел (1920 – 2005).

II Иоанн Павел нь 1978 оны аравдугаар сарын 16-наас эхлэн 2005 оны дөрөвдүгээр сарын 2-ныг хүртэл католик шашны тэргүүн байсан юм. II Иоанн Павел мөн адил ер бусын санах ойгоороо алдартай юм. Тэрбээр 21 хэл, 100 гаруй нутгийн аялгаар чөлөөтэй ярьдаг байжээ.

 

Боб Петрелла.

Лос Анжеласын уугуул Боб Петрелла утасны дугаарыг, АТМ-ийн кодыг, спортын үйл явдлуудыг санах чадах чадвартай ажээ. Түүнд өөрийнх нь үзсэн тогтоолтуудын тухай асуухад дан ганц тоглолтын өдрийг хэлээд зогсохгүй хэдэн оноогоор хожсон тухай хэлж чаддаг байна. Петреллагийн хэлснээр тэрбээр таван нас хүрснээс хойш өөрийнхөө хоёр төрсөн өдрөөс бусад бүх үйл явдлыг санадаг гэжээ. Тэр хаана байснаа ахлах сургуульд найзуудтайгаа юу хийж байснаа хэлж чаддаг. Түүнчлэн ATM-ийнхээ бүх код, хүмүүсийн бүх дугаарыг санах чадвартай аж.


Жилл Прайс (1965).

Жилл Прайс өөрийнхөө энэ чадварыг "зогсдоггүй, хянаж болдоггүй авьяас” гэж тодорхойлжээ. Тэрбээр энэ чадварынхаа талаар анх мэдээд "Мартаж чаддаггүй эмэгтэй" гэсэн дурдатгалаа нийтлүүлсэн байна. Прайс 14 настайгаасаа хойших амьдралынхаа бүх л өдрүүдийг нэг бүрчлэн санадаг бөгөөд өөрийнхөө ер бусын ой тогтоолтоо камерт бичлэг хийж дасгалжуулдаг байна. Хэрэв "Би нэг өдрийг мартлаа гэхэд бичлэгээ гаргаж ирээд л тэр өдрийн тухай үздэг" гэж хэлжээ. Ер бусын ой тогтоолттой байна гэдэг хүн бүхний хүсээд байх зүйл биш бололтой. Учир нь Жилл зовлонтой үеүдээ мартаж чадахгүй маш ихээр зовдог байна. Түүнд Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ч тус болж чадаагүй гэнэ.


Наполеон Бонапарт (1769-1821).

Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, Францын цэргийн удирдагч, хожим Францын Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон тэрбээр мөн адил ер бусын санах ойтой байсан юм. Бонапарт цэргүүдийнхээ нэр, тоо, цэргүүд нь байрласан газар зүйн байршил зэргийг бүгдийг нь санадаг байжээ. Түүний энэхүү авьяас дайсныхаа арга замыг мэдэх, дайны стратеги боловсруулахад нь тусалдаг байжээ.

 

"Дээжис" дижитал сэтгүүл

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>