|
Видео

Шинэ мэдээ

23-06-2017, 09:14

Ажлын байртай болох чухал ч арын хаалга түүнээс ч чухал ..

     Манай улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй байгаа. Энэхүү эдийн засгийн тогтворгүй байдал нийгэмд замбараагүй байдал үүсгээд байгаа юм. Мөн өнөөдрийн байдлаар ажилгүйдлийн тоо өссөөр байгаа нь ядуурлын тоо нэмэгдэхэд нөлөөлж буй бөгөөд ихэнх хувь нь залуучууд байгаа нь харамсалтай. Ажилгүй залуусын тоо олширч байгаа нь улс орны хувьд тийм ч сайн хэрэг биш.

 

     Боловсролтой атал гэртээ зүгээр суух залуус олон бий бөгөөд ийн зүгээр суух болсон нь ганц ажлын байр хомс байгаатай холбоотой биш. Учир нь өнөө нийгэмд авлига хээл хахуулийн хэрэг ихээр гарах болсон нь нууц биш нүдний өмнө болж буй бодит байдал билээ. Ажлын байртай болохын тулд мэдлэг ур чадвар гэхээсээ илүүтэйгээр танил тал арын хаалгатай байх нь чухал болсон мэт. Арын хаалгатай байж ажлын байртай болно гэхэд хилсдэхгүй. Мэдлэг боловсрол муутай ч хэн нэгэн эрх мэдэлтэнтэй холбоотой бол аль хэдийн дээд албан тушаал дээр томилогдох тохиолдол мэр сэр байна.

 

     Энэ нь эрх тэгш шударга байдал алдагдаад буй бөгөөд нийгэмд болж байгаа үйл явдал хэт нэг тал руугаа туйлшираад байгаа мэт. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо аравдугаар сард 34 мянга 194 болж өмнөх сараас 0.9 хувиар өссөн байна. Хэдийгээр сарын дүнгээр бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо нэмэгдсэн ч 2013, 2012 оны мөн үетэй харьцуулахад буурч сүүлийн гурван жилийн доод түвшиндээ хүрээд байна.

 

    Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 40.6 хувь нь бүрэн дунд боловсролтой иргэд байгаа бол 0.7 хувь нь боловролгүй иргэд байгааг тайлангаас харж болохоор байгаа бөгөөд бүртгэлтэй ажилгүй иргэдийн дийлэнх нь 25-34 насны иргэд байжээ. Ажил хайж байгаа шалтгааныг авч үзвэл шилжин суурьшсан, их, дээд сургуулиа төгсөөд ажилгүй байгаа иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Харин үлдсэн 45 хувийг нь бусад 10 гаруй шалтгаан бүрдүүлжээ.

 

    Энэ оны эхний арван сарын хугацаанд Хөдөлмөрийн Төв биржийн мэдээллийн санд 17 мянга 750 ажил олгогч иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас 101.1 мянган ажлын байрны захиалга ирсэн байна. Ажлын байрны захиалгын дийлэнхийг барилга болон үйлчилгээний бусад үйл ажиллагааны салбарын захиалгууд бүрдүүлжээ. Хэдийгээр их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмшсэн боловч тухайн мэргэжлээрээ бус хар бор ажил хийх нэгэн олонтаа.

 

   Хий дэмий хэдэн жил мөнгө төлөн суралцсан мэт мэргэшсэн мэргэжлээрээ ажилалгүй тэс өөр зүйл хийж байгаа нь хачирхалтай. Өнөөх хээл хахууль авлигатай ч холбоотой байх нь бий. Манай улсын бүхий л салбар авлигад идэгдээд байгааг үүнээс харж болох юм. Улс орны хөгжлийг хурдасгахын тулд залуусын боловсролд анхаарал хандуулах хэрэгтэй. Мөн ажлын байрыг хангалттай бий болгох ба авлига хээл хахуулийн асуудлыг арилгаж мэргэжил эзэмшсэн ажилгүй байгаа залуусыг ажлын байраар хангахын зэрэгцээ тэдний боловсролыг улам гүнгийрүүлж өндөр чадалтай боловсон хүчинг бий болгох хэрэгтэй. Ингэж байж улсын хөгжил урагшлах болно.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.