Иргэний нисэхийн ерөнхий газарт эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна

1097

DSC_0013

"Алтанхуягийн толгойлсон шинэчлэлийн Засгийн газрын хамгийн том алдаа нь ИНЕГ хэмээх мэргэжлийн байгууллагыг УИХ-д бие даагч гишүүдийн эрх мэдэлд өгсөн явдал” гэж ИНЕГ-ынхан үзэж байна. Тодруулбал, УИХ-д бие дааж нэр дэвшиж гарч ирсэн Даваасүрэн, Болорчулуун нарт хариуцуулсан. Тэд С.Буяндалай гэх хүнийг ИНЕГ-ын даргаар томилж, улмаар тус салбарын мэргэжлийн боловсон хүчнүүдийг ажлаас нь хоморголон халснаар энэ салбарт эмх замбараагүй байдал үүсч өнөө хэр цэгцрэхгүй байгаа талаар ИНЕГ-ынхан МАН-ын гишүүдтэй уулзах үеэрээ дуулгасан юм.

Жил гаруйн хугацаанд 285 хүнийг ажлаас нь халжээ

ИНЕГ-т халаа сэлгээ, хууль бус томилгооны асуудал газар аваад нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл энэ байдал өнөө хэр цэгцрээгүй байна. Нөхцөл байдалтай танилцахаар УИХ-ын гишүүн С.Нямдорж, Су.Батболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга Д.Даваасүрэн нар Хан-Уул дүүрэгт ажиллах хүрээндээ ИНЕГ-ын албан хаагчидтай уулзан санал бодлыг нь сонслоо. Тэдний хэлж буйгаар С.Буяндалай гэгч нь ИНЕГ-ын даргаар томилогдоод жил гаруйн хугацаанд ИНЕГ болон түүний салбар албадуудаас нийт 285 хүний хөдөлмөрийн гэрээг цуцалан ажлаас нь чөлөөлж, зөрүүлээд 382 хүнийг ажлын байраар хангажээ. Энэ нь ИНЕГ-ын хүний нөөцийн бодлого төдийгүй нислэгийн аюулгүй байдал алдагдахад хүргэж байна гэж тэд үзэж буй юм. Түүнчлэн "энэ нь төсөв хэмнэсэн, орон тоо цомхотгосон хэрэг биш гэдгийг дээрх тоо батална. Ажилд авсан энэ хүмүүс бэлтгэгдээгүй, мэргэжлийн бус, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нарын сонгуульт ажлыг хийж байсан” гэдгийг ИНЕГ-ынхан хэлж байлаа. С.Буяндалай нь 2014 оны хоёрдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн. Одоо Т.Лхагвасүрэн гэгч хүн ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж буй. Т.Лхагвасүрэн нь ИНЕГ-ыг тэргүүний мэргэжилтнүүдийн нэг хэдий ч ИНЕГ-т болсон энэ эмх замбараагүй байдал, завхарлыг арилгахад туйлын хүнд байгаа талаар ИНЕГ-ын захиргаа, удирдлагын газрын дарга Т.Батжаргал ярьж байна.

Хилийн боомтын тухай хуульд өөрчлөлт оруулж өгөхийг хүслээ

Ажлаа өгөхийг шахаж, шаарддаг, хууль бусаар ажлаас нь халдаг, шүүхдээд эргээд ажилдаа орохоор дахиад халчихдаг байдал газар авсан. ИНЕГ гэдэг нарийн мэргэжлийн салбар. Хэн дуртай нь орж ирээд хийчихдэг ажил ч биш. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд халаа сэлгээ хийж, тоглоомын байгууллага болгосон нь энэ салбарыг уналтанд оруулсан талаар уулзалтанд ирсэн олон хүн хэлж байсан юм.

DSC_0009

Түүнчлэн Хилийн боомтын тухай хууль гарсан нь энэ салбарт үл ойлголцол бий болгосон талаар тус газрынхан дуулгалаа. Тодруулбал, Хилийн боомтын тухай хууль батлагдан гарснаар ИНЕГ-ын харьяа Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын дэргэд Боомтын захиргаа бий болсон. Ингэснээр хууль эрх зүй хувьд ч захирах захирагдах ёсны тухайд ч үл ойлголцол бий болж ажил явуулахад хүндрэлтэй болжээ. Тухайлбал, боомтын аюулгүй байдлыг хангах тусгай анги нь цэрэг хүчний байдалтай байдаг нь зорчигчдын тав тухыг алдагдуулдаг. Мөн боомтын захиргааныхан Чингис хаан олон улсын нисэх буудлын улсад төвлөрүүлж өгөх орлогын нэг эх үүсвэр болох гадаадын зорчигчдоос авах татварын мөнгийг бид авч зарцуулах үүрэгтэй гэх мэтээр аж ахуйн ажилд нь хутгалдах болжээ. Энэ мэтчилэн олон улсын нисэх хүчний байгууллагуудын холбоогоор бий болгосон дүрэм зааврын дагуу явдаг байгууллагын асуудлыг хэн нэг хүний хүсэл сонирхлоороо шийдэж байгаа нь ИНЕГ-ыг эрсдэлд оруулж байна гэдгийг ч тэд хэлсэн. Тиймээс энэ мэт асуудлыг анхааралдаа авч, Хилийн боомтын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүдийг хийж өгөх хүсэлт тавьж байлаа.

Үнэгүйдүүлэх бодлого явуулж, улсын хөгжлийг гацааж байна

ИНЕГ-ынхны зүгээс хэлж буй, анхааралдаа авахыг хүссэн дараагийн асуудал Жаргалант амралт, сувилалын цогцолбор байсан юм. ИНЕГ-ын харьяа тус цогцолбор нь анх 2005 онд иргэний нисэхийн инженер техникийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, нислэг хойшлох үед гадаадын зорчигчдыг байлгах зорилгоор байгуулагдсан. Тухайн үеийн удирдлагууд чанар стандартад нийцүүлэхийн тулд нэлээдгүй хөрөнгө мөнгө зарцуулсан, барагцаагаар таван тэрбум орчим төгрөгийн үнэ бүхий цогцолбор ажээ. Гэтэл "удаа дараагийн дуудлага худалдаагаар хүн авахгүй байна” гэх нэрийдлээр тэрбум гаруй төгрөг болгож үнийг нь буулгаад хувьчлах гэж байгаа талаар Жаргалант цогцолборын дарга асан Б.Оюунгэрэл ярьж байсан юм. Түүнчлэн ИНЕГ-т ажилчдаа амраач, эмчлүүлж байх сувилал хэрэгтэй. Магадгүй энэ Засгийн газрын үеп үүнийг алдлаа гэхэд нэгэн цагт дахиад ийм газар байгуулах шаардлага гарч ирнэ. Тэр үед өмнөхөөсөө ч асар их хөрөнгө мөнгө зарцуулна, өнөөдрийнх шиг таван тэрбумаар асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Нэг Засгийн газар гарч ирээд нэгэнт байгуулаад бий болгочихсон зүйлийг үгүй хийж, өмнөх амжилтаасаа ухардаг, ингээд дараагийн Загсийн газар нь түүнийг нөхөх гэж явсаар байтал улс орны хөгжил алдагдаж байна гэдгийг ИНЕГ-ын ажилчид хэлж байлаа.

Салбарын сайдгүй, мэргэжлийн хүмүүс нь ажлаас халагдаж оронд нь ямар ч мэдлэг ур чадваргүй хүмүүс орж ирснээс ажлаа явуулахад хүндхэн болсон цаг үед МАН-ын гишүүд УИХ-д цөөнх ч гэсэн санал хүсэлтийг нь сонсч, нөхцөл байдалтай танилцахаар ирж буйд тэд талархаж байлаа. Харин МАН-ын гишүүдийн зүгээс дээрх асуудлыг анхааралдаа авч, шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана гэдгээ хэллээ.

DSC_0016

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>