Тавантолгойн төмөр замын 49 хувийг "Шинхуа"-д эзэмшүүлэх үү

873
Дэлхийн нүүрсний өрсөлдөөнд оройлогч Австрали бүрэн автомат ачааны галт тэрэг аялуулаад эхэлсэн.
 

Нөгөө талд нь хамгийн том хэрэглэгч болох БНХАУ 1,800 гаруй км хүнд даацын төмөр замын сүлжээг ирэх онд ашиглалтад оруулахаар байгуулж байна. Нүүрс тээвэрлэх зориулалтаар барьж буй уг төмөр зам ашиглалтад орсноор "баруунаас зүүн, хойноос урагш” хурдан хугацаанд нэвтрүүлэх өргөн сүлжээ бий болох бөгөөд жилийн нийт нэвтрүүлэх хүчин чадал 200 сая тонн байх гэнэ. Дэлхийн улс орнууд өөрийн орны байгалийн баялагтаа өрсөлдөх чадвар нэмж буйн ойрын жишээ энэ.
 
Монгол Улсын хувьд стратегийн гэж томъёолсон Тавантолгойн бүлэг ордоос өнөөг хүртэл 240 гаруй км шороон замаар нүүрсээ зөөж байгаа. Жилдээ 20 хүрэхгүй сая тонныг гадагш зарж, олон улсын зах зээл дээр нүүрсний ханш өсөхөд багахан ашиг олж, уруудахад нь дагаад алддаг явдал Тавантолгойгоос экспорт хийж эхэлсэн цагаас давтагдав. Уг нь авто тээврээс хоёр дахин бага өртөгтэй төмөр зам энэ тогтолцоог халж чадна гэдгийг 10-аад жилийн өмнөөс дээр дооргүй ярьцгааж байжээ. "Төмөр замтай болсноор нүүрс тээвэрлэлтийн өртөг хоёр дахин буурна, жилийн экспорт 30 сая тоннд хүрнэ” гэдгийг одоо ч төрд суугаа эрхмүүд аль 10 жилийн өмнөөс ярьсан байх юм.
Гэвч нүүрсний ордоо стратегийн гэж тодотгочихоод стратегийн ач холбогдолтой дэд бүтцээ барьж байгуулах асуудлаа хэдэнтээ гацаасан түүхтэй.
 
Гэтэл нүүрсээ 200 км төмөр замаар тээвэрлэж, дамжуулан 2,000 км замыг усаар зөөж борлуулдаг Австралийн ганц муж жилдээ 200 гаруй сая тонныг экспортолдог аж. Өөрөөр хэлбэл, австраличууд Монголоос 10 дахин их хэмжээтэй нүүрсийг, 10 дахин хол газар илүү ашигтайгаар хүргэж байна. Учир нь дэд бүтцээ шийдвэрлэж чаджээ.

Монголын нүүрсийг БНХАУ, цаашлаад дэлхийн зах зээлд гаргах хамгийн дөт, стратегийн ач холбогдолтой зам бол Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр зам. Энэ чиглэлийн төмөр замыг зөөх ачаа бэлэн, олох орлого нь тодорхой учраас мэргэжилтнүүдийн зүгээс стратегийн гэж тодотгож ирсэн. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын сонирхлыг давхар татаж ирсэн юм. Төслийн хэрэгжүүлэгчээр төрийн өмчит "Монголын төмөр зам” компани ажиллаж, солонгосчууд ажилласан гэдэг. Санхүүжилтгүйн улмаас суурь бүтцийн 60 хувийг нь бариад орхисон ч гэдэг. Тэгвэл Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ "60 гаруй хувийн гүйцэтгэлтэй даланг 200 гаруй сая ам.доллараар хийсэн. Дахин 400 сая ам.доллар шаардлагатай. Шаардлагатай байгаа 400 саяд суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүн багтана. Хөрөнгө оруулалтыг нүүрсний уурхайтайгаа уялдуулах хэрэгтэй” гэсэн. Мөн Тавантолгойн ажлын хэсгийг ахалж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Тавантолгойг эрчимжүүлэх ажлын томоохон үндэс суурь бол төмөр зам. Төмөр замын ажлыг энэ зун эхлүүлэхээр ярилцаж байна” гэжээ.

Хэдхэн хоногийн өмнө Засгийн газраас төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой "Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэсэн. "Монголын төмөр зам" компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг тус компанид шилжүүлж, "Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болж, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгосон байна. Шаардагдах санхүүжилтийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтжээ. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх "Тавантолгой төмөр зам" компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагч нараас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгажээ.
 
Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Ц.Дашдорж ахалж, энэ асуудал яригдаж байсан бөгөөд тухайн үед Хятадаас олгох хөнгөлөлттэй зээлийн 400 сая ам.долларыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулах шийдвэр гаргасан байдаг. Тухайн үеийн Ажлын хэсгийнхэн Хятадын "Шинхуа”, Японы "Сүмитома” тэргүүтэй хөрөнгө оруулагчидтай Тавантолгой-Гахуунсухайтын төмөр замын төслийн 49 хувийг "Шинхуа”, 51 хувийг "Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компани эзэмшихээр ярилцаж байсан юм. Одоо ч энэ чиглэлийн дагуу "Шинхуа”-тай хэлэлцээ хийж буй талаар "Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл ярьсан байна.
 
Өмнө нь манай улс санхүүжилтгүйн улмаас Тавантолгойн төмөр замыг хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулах шийдвэр хэд хэдэн удаа гаргасан ч Үндэсний аюулгүй байдалд харшилна хэмээн үзэж тогтоолуудаа няцаасаар 10 жилийг алдсан. Анх Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Энержи ресурс” компанид 2008 онд олгосон байдаг аж. Гэвч Засгийн газар 2010 онд 283-р тогтоол гаргаж, "Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшеөрлийг "Монголын төмөр зам”-д шилжүүлсэн. Уг тогтоолоор төмөр зам барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” компанид өгчээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг "Энержи ресурс” болон "Энержи ресурс райл" компанитай байгуулах зөвшөөрөл олгожээ. 
Ингэснээр "Энержи ресурс” компани дөрвөн жилийн дараа дахин төмөр зам байгуулах эрхтэй болсон түүхтэй. "Энержи ресурс” компани 2015 онд ашиглалтад оруулан, 19 жилийн дараа Засгийн газарт хүлээлгэн өгөхөөр гэрээлж байсан аж.
 
Мөн ондоо Засгийн газар 121 дүгээр тогтоолыг гаргаж, "Энержи ресурс" болон "Энержи ресурс райл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм. Энэ даруй төслийн хөрөнгө оруулалтыг дүгнэх Ажлын хэсэг байгуулагдаж "Энержи ресурс” компани "Ухаанхудаг-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замд 2008-2012 онд 93.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх дүгнэлт гаргажээ. Улмаар Тавантолгойн төмөр замын ажлыг "Монголын төмөр зам” компани цааш үргэлжлүүлсэн нь өнгөрсөн дөрвөн жил "овоолсон шороо” хэмээн нэрлэгдээд буй.
 
Улмаар Засгийн газраас 2014 онд 268-р тогтоол гаргахад, Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж, тэдний хөрөнгөөр Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бариулахаар тогтсон. Хөрөнгө оруулагчаар Монголын "Энержи ресурс”, Хятадын "Шинхуа энержи”, Японы "Сүмитомо” корпорци тодорч, төмөр зам барих хэлэлцээ явагдаж байгаа юм.
 
268-р тогтоолд хөрөнгө оруулагчид "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барьж, 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрд шилжүүлэх ёстой байв. Тухайн үеийн Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан "Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг барихад 1.2 орчим тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний 51 хувийг төр өмчилбөл, 600 орчим сая ам.доллар гаргах хэрэгтэй болох нь. Энэ мөнгийг гаргах бололцоо манай улсад байхгүй учраас хуулийн бусад заалтыг ашиглаж, төмөр замаа хувийн хэвшлийн хөрөнгөөр бариулж, тодорхой хугацааны дараа 51 хувийг нь төр авах нь оновчтой гэж мэдэгдсэн.
 
Энэ мэтээр Тавантолгойг хөндөх бүрт давхар сөхөгддөг төмөр замын асуудлаар судлаачдын зүгээс олон талын байр суурийг илэрхийлсээр ирсэн. Тухайлбал, "Тавантолгой анхдагч уу, төмөр зам анхдагч уу” номыг бичсэн төмөр замын инженер О.Сүрэн "Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл барьж байгаа замын суурь бүтцийн ажил зогсоод үндсэндээ дөрвөн жил боллоо. Яагаад ингээд гацаагаад байгааг би ойлгодоггүй юм. Уг нь энэ замын суурь ажлыг хийчихсэн, хийх ажил нь тодорхой зам. Гацаасан дөрвөн жилийн хугацаа нь энэ замыг ашиглалтад оруулчих хангалттай хугацаа. Хийе гэвэл энэ замыг тавьчих мэргэжилтний нөөц манайд хангалттай бий. Монгол Улсад бэлтгэгдсэн төмөр замчдын хүчээр жил гаруйн дотор хийгээд дуусахаар тийм л ажил үлдсэн байхгүй юу. Ийм тодорхой байтал энэ замыг барьж дуусгах талаар дөрвөн жил огт ярьсангүй. Хятадын "Шинхуа” гэдэг компанид суурь бүтцийнхээ хагасыг эзэмшүүлэх, санхүүжилт авах, гаднынхнаар бариулах гэсэн юмаар л баахан хэрэлдлээ. Бэлэн боловсон хүчин, мэргэжилтнүүд байсаар атал тэднээр бариулъя гэж нэг ч улстөрч ярихгүй байгааг би маш их гайхаж байгаа. Хэрвээ бид Тавантолгойн нүүрсийг ашиглаж, зарах гэж байгаа бол нэгдүгээрт төмөр замаа л ярих ёстой юм. Төмөр замтай бопж байж л дэлхийн зах зээлд Тавантолгойн баялгийг хүргэнэ. Монголын хөгжлийн гарц юу гэхлээр маш зөв тогтолцоотой, баялгаа далайд гаргаж чадах төмөр замыг бий болгох.
 
Далайд гарцгүй орны дамжин өнгөрөх худалдааны конвенцоор бүх гарцыг нь тодорхой заачихсан байдаг. Далайд гарцгүй орнуудын хоёрхон жишээ дурдъя. Швейцарь яагаад ийм өндөр хөгжилтэй болсон юм бол, Уганда яагаад ийм хөгжил муутай байгаа вэ. Хоёулаа манайх шиг далайд гарцгүй. Бидний явж байгаа зам энэ хоёрын хаашаа хөтлөх гээд байна гээд харахаар Угандагийнх шиг харагдаад байна. Уганда бол далайд гарах төмөр замтай. Харамсалтай нь улс төрийн тогтолцоо яг манайхтай адилхан. Хулгай ихтэй, иргэний дайнаас болоод далайдаа хүргэж чаддаггүй. Тэгтэл Швейцарь бол Герман, Итали гээд хиллэж байгаа улсууд нь тэрнийг далайд гаргах бизнес болгоод ашиг болгоод өгсөн ийм тогтолцоо” хэмээн ярьсан байдаг.
Д.МЯГМАРДОРЖ
ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>