АТГ-ЫН ДАРГЫГ “АВЧ ХАЯХ” ЗОРИЛГОТОЙ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАХГҮЙ

635

АТГ-ЫН ДАРГЫГ “АВЧ ХАЯХ” ЗОРИЛГОТОЙ ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДАХГҮЙ

 

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд хэдхэн хонож байхад ээлжит бусаар дахин хуралдуулах хүсэлт гаргасан нь энэ зунжин "асуудал" болов.

Намаржин хаваржин хуралдсан гишүүд ч чимээ чагнаж, тэдгээрийн ажлын алба, УИХ-ын  Тамгын газар гээд бүгд л бэлэн байдалд байгаа сурагтай. Гэтэл энэ нь нэг талаас Хөдөлмөрийн хуулиар хүнд олгосон эрхийг зөрчиж буй явдал гээд хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.

Яагаад гэвэл  төр, хувийн хэвшилд ажил эрхэлж буй хэнбугай ч жилд нэг удаа ээлжийн амралт авах эрхтэй. Гэтэл чуулганыг ээлжит бусаар хуралдуулах эсэх тухай яриа гарснаас хойш  амралтаа авч чадалгүй чимээ чагнасан хүн олон байгаа гэнэ.

Харин тэднийг  хэн ингэж уях болов. Эхнийх нь аль хэдийн хууль шүүхийнхэн шийдвэр гаргасан асуудлыг дахин сөхөж, "60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулъя хэмээн  чанга дуугарсан эрхэм УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ.

Дараагийнх нь Монгол Улсын төрийн тэргүүн Х.Баттулга юм.  Тэдний хувьд эхэндээ өөр өөр байр суурьтай байсан ч замын  дунд зорилгоо нэгтгэж, УИХ-ын даргыг "бай”-гаа болгосон нь  аль хэдийнэ нууц сэдэв байхаа больсон.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хувьд эхэндээ зарчим ярьж, УИХ-ын даргатай нэр холбогдон яригддаг "60 тэрбум”-ын гэх асуудлыг нэг талд нь гаргаж, намынхаа нэрийн цэвэрлэхгүй бол энэ яриа биднээс салахгүй нь  хэмээж олны анхаарлыг татсан. Түүнийг ингэж ярьж эхлэхэд  залуу хүнийх нь хувьд  зарчмыг нь дэмжих хүн олон байгаа. 

Тэрбээр ганцаар гал болохгүйгээ мэдсэн учраас ангийнхаа нөхдөөс дэмжлэг хүссэнээр 18 нь түүнийг дэмжиж гарын үсэг зуруулсан байдаг. Мэдээж тэд "60 тэрбум”-ын гэх асуудлаар нээлттэй сонсгол зохион  байгуулж,  холбогдох хүмүүсийнх нь байр суурийг сонсч, нэг талд нь гаргаж эцэслэхээр гарын үсэг зурсан.

Гэвч тэдний энэ гарын үсгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн өөр зүйлд ашигласан буюу ийм тооны гишүүн чуулганыг ээлжит бусаар хуралдуулах хүсэлтэй байна хэмээгээд  нээлттэй сонсгол хүссэн албан бичиг илгээснээсээ яг долоо хоногийн дараа УИХ-ын ээлжит бус чуулган  зарлаж өгөхийг УИХ-ын дарга М.Энхболдоос хүссэн.

Ингэхдээ "АТГ-ын дарга нарыг авч хаямаар байна” гэсэн нь мэдээж өөр зорилгоор гарын  үсэг зурсан гишүүдийн дургүйг хүргэж, тэд эхнээсээ дуугарч эхэлсэн юм. Тодруулбал, "нээлттэй сонсгол  зохион байгуулахыг дэмжиж гарын үсэг  зурсан болохоос ээлжит бус чуулган хийх ямар ч шаардлагагүй” гэх байр суурийг илэрхийлсээр байна.

Ямартай ч ийнхүү долоодугаар саржин цөөнгүй хүнийг бэлэн байдалд байлгасан хүсэлтийг хангахад учир дутагдалтай байгааг УИХ-ын дарга албан бичгээр дамжуулан хариу тайлбараа хүргүүллээ.

Чуулганыг ээлжит бусаар хуралдуулахыг шаардаж буй Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоо хоногт багтааж ээлжит бус чуулганы товыг зарлахыг УИХ-ын даргаас шаардаж, албан тоот илгээсэн. Энэ нь нэг ёсондоо УИХ-ын гишүүдийг цуглуулахыг шаардаж байгаа юм.

Гэтэл УИХ-ын гишүүд яг үнэндээ энэ өдрүүдэд ээлжийн амралттай яваа нэгнээс өөрцгүй. Гэтэл ээлжийн амралт нь дуусаагүй байхад байгууллагын даргад нь шахалт үзүүлж, хүмүүсээ дуудаж цуглуулаад ажлыг нь хийлгэ гээд байгаагаас ялгаагүй зүйл болоод байгаа юм.

Ямартай ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулга нарын хүсэлтийн дагуу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн сарын 30-нд хуралджээ. Ингээд УИХ-ын дарга М.Энхболдын зүгээс "Чуулганыг ээлжит бусаар хуралдуулах талаар зарлахад татгалзах зүйлгүй” гэжээ.

Ингэснээр  УИХ-ын гишүүдийн ирц ээлжит бус чуулган хуралдахад хүрэлцэх эсэх мэдээг гаргуулсан байна. Ингэхэд гишүүдийн олонх нь   тойрогтоо ажиллаж байгаагаа мэдэгдсэн бол  зарим нь томилолтоор гадаад, дотоодод  ажиллаж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмонгийн хэлснээр  хуулийн дагуу амралтаа авсан гишүүн ч олон байгаа юм байна.
Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар даргын зөвлөлийн хуралдаанаар ярилцжээ.

Энэ талаар Ерөнхийлөгчид мэдэгдэх нь зүйтэй гэж үзээд  албан бичгээр хүргүүлсэн байна.  Ийнхүү ээлжит бус чуулган зарлан хуралдуулахад ирц хангалттай бус байгаа учраас чуулган хуралдахгүй байх нь тодорхой ажээ. Яагаад гэвэл амралттай, тойрогтоо ажиллаж байгаа, гадаадад томилолтоор яваа гишүүд ирэх боломж гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>