Улстөрийн хор найруулна аа гэдэг

1115
Улстөрийн хор найруулна аа гэдэгӨчигдөр үдээс өмнө АН-ын бүлэг төрийн ордны "А” танхимд ид хуралдаж байхад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нэгэн нөхрийг хүзүүдчихсэн маш чухал, аминчхан яриа чихэнд нь шивнэж, гараас нь татаж чангаасаар ордны хонгилоор тун ноцтой явж харагдсан.

Түүний энэхүү хачир­халтай, тун сэжигтэй ажил хэрэгч, аминчхан яриа өрнүүлэн хэн нэгнийг их л шаргуу ятгаж явахыг харсан сурвалжлагчид "Мань эр хэнийг ингэтлээ лоббидож байгаа юм бол. Маш их сэтгэл гарган хүчин зүтгэж байгаа юм байна даа. Тэр хүн нь ч баараггүй Ерөнхий сайд болсоон” гэж нэгэндээ ярингаа аяархан инээлдэж байсан юм.

Төрийн ордны хонгилд АН-ын бүлгийн хурлын шийдвэрийг хүлээн зогссон сурвалжлагч охидын ихэнх нь хэдхэн сарын өмнө УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүхэд шанаадуулж, тун хөөрхийлөлтэй зогсож байсан Г.Баярсайхан ги­шүүнийг аанай л хэн нэгний тусын тулд улстөрийн "хор найруулж” явна гэж бодож л дээ.
Үнэндээ түүний энэхүү хачин жигтэй нууцлаг яриа, авир байдлыг харсан би ч гэсэн "За даа, Г.Баярсайхан ч арай ойроор нь МҮДН-ий нэр дэвшигч Р.Амаржаргал, аль эсвэл саяхнаас өөрийнх нь фракцид нэгдээд байгаа өнөөх Д.Ганбат хоёрын нэгийг л дэмжихээр хор найруулж яваагаас зайлахгүй” гэсэн шүү юм бодож зогссон билээ. Гэтэл, гэтэл... Бурхан минь тун удалгүй байдал тодорхой болж мань эр өөрөө "Шонхор” фракциас Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдыг тодруулах сунгаанд нэр дэвшсэн болж таардаг юм байна.

Монголчууд "Амьд явбал алтан аяганаас ус ууна” гэж ярьдаг. Бас "Амьд явбал улсын наадам үзнэ” ч гэлцдэг билээ. Харин "Амьд явбал захын бацаан Ерөнхий сайдад нэр дэвшихийг харж болно” гэдгийг одооноос эхлээд ярьж, ойлгож, мэдрэх цаг ирдэг л юм байна. Саяхан "Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёрын нэрийг буруу харж уйлж, зөв харж инээж байгаад дэвшүүлж болдог юм гэж бодъё. Үгүй тэр хэлтэй, амтай нь ч сайн мэдэгдэхгүй Д.Ганбат гээчийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг нь яаж байгаа лүднүүд вэ” гэлцэн гайхшаа барцгаасан өвгөд хөгшид, улс орныхоо эдийн засаг, ирээдүйд санаа нь зовсон ард иргэд одоо чухам юу гэцгээн толгойгоо цохиж суугаа бол. Ил цагаан үгтэй зарим нэг нь "Очиж очиж өнөө шанаадуулдаг Г.Баярсайхан уу. Энэ АН гээч чинь яацарсан, дүүрчихсэн нам бэ. Үгүй одоо яаж ч мэрийгээд тэр Г.Баярсайханаас өөр нэр дэвшчих олигтой аавын хүү, ээжийн охин байхгүй хэрэг үү. Нөгөөх нь энэ тэрүүгээр гүйж, хор хутгаж байгаад Ерөнхий сайдын сэнтийд заларчихвал бид хаашаа харж үхнэ дээ” гэцгээж байгаа байлгүй.

Мөн ч хачин жигтэй хор найруулалт үзэх учиртай өдөр байдаг л юм байна. Уг нь аливаа улсын Ерөнхий сайд нар ихэнх нь эдийн засагч, инженер, хуульчид байдаг юм билээ. Монгол Улс ардчиллын замд эргэлт буцалтгүй орсон 1990 оноос хойших Ерөнхий сайд нарыг аваад үзье.

Ардчилсан Монгол Улсын анхын Ерөнхий сайд Д.Бямбасүрэн эдийн засгийн ухааны доктор, насаараа эдийн засгийн салбаруудад ажиллаж байж. Түүний дараах Ерөнхий сайд П.Жасрай Москва хотын Эдийн засаг, статистикийн дээд сургууль төгссөн бас л эдийн засагч байв. Ардчилсан хүчний анхны Ерөнхий сайд М.Энхсайхан 1978 онд Киев хотын улсын их сургууль төгссөн. Олон улсын харилцааны эдийн засагч мэргэжилтэй байв. Тэгвэл Ц.Элбэгдорж Львовын Цэрэг Улс Төрийн Их сургуулийг сэт­гүүлчээр төгссөн. Мөн АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эдийн засгийн институти, Хар­вардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн төр засгийн дээд сургуулийг Тө­рийн удирдлагын мас­тер зэрэгтэйгээр 2002 онд төгссөн байдаг. Ж.Наран­­­цацралт 1976 онд Беларусийн Улсын их сур­гууль, 1981 онд Москва хотын Газар зохион байгуу­лалтын их сургууль төгссөн. Р.Амаржаргал 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн Дээд Сургуулийг Эдийн засагч мэргэжлээр, 1995 онд Брзд Форд Их Британийн их сургуульд шинжлэх ухааны мастераар тус тус төгссөн.

Харин Н.Энхбаяр нь Москва хотын Утга-зохиолын дээд сургуулийг дүүргэсэн. Их Британийн Лийдсийн их сургуульд суралцсан. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. М.Энхболд 1987 онд МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Тэгвэл Монгол Улсын 25 дахь ерөнхий сайд С. Баяр нь 1978 онд Москвагийн Улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгс­чээ. С.Батболд 1986 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сур­гуу­лийг бас л эдийн засагч мэргэжлээр төгсчээ. Саяхан огцорч өнөөдөр хэнд ч сураггүй байсан олон хүний аманд шар тос гулгиулаад байгаа Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг 1981 Монгол Улсын Их Сургууль төгссөн. Биофизикч, физикийн багш мэргэжилтэй байх жи­шээ­тэй. Тэдний хэн нь ч өнөөдөр дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч болж олон хүний нүдийг орой дээр нь гаргачихаад байгаа Г.Баярсайхан шиг "хүний их эмч” байсангүй.

Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдал өдрөөс өдөрт дордож байгаа чухам өнөөдөр бидэнд "хүний их эмч” бус эдийн засгийн их эмч, зоригтой өөрчлөн шинэчлэгч,тууштай реформ хийх чадварлаг стратегич хэрэгтэй.

Харин хөдөө орон нут­гийн гэлтгүй Сонгино­хайрхан, Баянзүрх гээд хотын захын дүүргүүдэд эрхэм гишүүн Г.Баярсайхан шиг цагаан халаадтай эмч нар ус агаар шиг л хэрэгтэй байна санж. Лав л одоохондоо эмч Ерөнхий сайд бидний сонголт биш. "Плийз, пожалуйста, гуйж байна” эмч л лав биш шүү.
Өглөөний сонин
Д.Түвшин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>