Ц.Дэлгэрсайхан: Миний хүү царай муутай, үрчгэр нүүртэй, жүжигчин болж чадахгүй гэж ээж маань хэлж байсан

4719
Ц.Дэлгэрсайхан: Миний хүү царай муутай, үрчгэр нүүртэй, жүжигчин болж чадахгүй гэж ээж маань хэлж байсанМонголын хошин урлагийн цөөхөн хэдэн  хамтлагуудын эхний хэдийн тоонд багтдаг  хамтлаг бол "Маск продакш” билээ. Өөрсдийн гэсэн байр суурийг хэдийнээ эзэлсэн тус хамтлагийн жүжигчин Д.Дэлгэрсайхантай уран бүтээл болон хувийн амьдрал, бага насных нь гэгээлэг  дурсамжынх нь талаар дэлгэрэнгүй ярилцсан сонирхолтой яриаг хүргэж байна.


-Та "Маск” продакшныг байгуулагдсан цагаас нь хамтлагийн гишүүн болж орж байсан . Анх ямар шалгуурыг давж байж  энэхүү хамтлагийн гишүүн болж байсан бэ?

-Тийм ээ. "Маск” продакшн анх байгуулагдсан цагаас нь эхлэн энэ хамтлагийн гишүүн байсан. Одоо долоон жил болж байна. Тухайн үед Баярмагнай, Эрдэнэзаан, Мөнхсайхан гэсэн гурван ах маань болон Жавхлан, Гэрэлцэцэг, Алдар бид бүхэн энэ хамтлагийн өрх гэр бүлд нэгдэж "Маск” продакшн  гэдэг айлын тулгыг тавьж өрхийг нь татаж байсан гэхэд болох байх. Би "Маск” продакшнд орохоосоо өмнө  "360 градуст” байсан. Тэр үед л намайг харж авах санаа төрсөн юм шиг байна лээ. Тэгээд надад ах нар маань  "Чи бид гуравтай хамтраад уран бүтээл хийх боломж байна уу” гэсэн санал тавьсан. Миний хувьд энэ саналыг  татгалзах юмгүй шууд хүлээж авсан.

-Дэлгэцийн уран бүтээлээс тайзны уран бүтээлд ороход тийм ч амар байгаагүй байх гэж бодож байна.

-Тэгэлгүй яахав. Би чинь тайзан дээр гарч үзээгүй болохоор тэвдэж сандарахаас эхлээд нэлээн будилдаг байсан шүү. Бид бүхний хамгийн анхны тоглолт бол  "Монголын нууц” гэдэг жүжиг  маань байдаг. Энэхүү жүжгэнд үнэхээр хаана яваагаа ч  мэдэхгүй их сандардаг  байсан. Зритель харагдахгүй хамаг анхаарлаа жүжгэндээ, хэлэх үгэндээ хандуулсаар байгаад хаана, хэн сууж байгааг ч олж харж чадахгүй өвдөг салгалаад, гар чичирдэг байсан. Одоо бол тэр эгнээний тэнд миний таньдаг хүн сууж байна гэж харахтайгаа болсон шүү. Манай хэд дараа нь намайг шоолоод л "Дээгий нэг болохоор л цамцтай зогсож байдаг. Эргээд харахад л костьюмтэй зогсож байдаг” гээд л шоолдог байлаа  шүү дээ. Тийм ч учраас надад тайзны уран бүтээлд тоглох боломжийг болон тайзны уран бүтээлд суралцах боломжийг Маск” продакшн л олгож өгсөн гэж боддог.
 

-Анхны тоглолтондоо сандарсанаасаа  болоод алдаа багагүй гаргадаг байсан байх. Тэр үеийн хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцаач.

-Бид бүхэн Завхан аймагт "Нинжа” гэдэг жүжгээ тоглосон юм. Тэгээд Магнай ах Заанаа ах хоёр юм яриад л хагарсан түмпэнгээ скочоор ороогоод намайг гарч ирэхийг хүлээдэг байхгүй юу. Тэгсэн би гарахаа мартчихсан. Тэр хоёр юм яриад л скочоо ороогоод л байдаг. Бүр 30 минут тэгж ороосон нөгөө скоч нь  дуусах гээд байдаг. Тайзны хажуу тийшээ харахаар л би байхгүй байгаад байдаг. Тэгээд гэнэт санаад яана аа би гарах ёстой шүү дээ гээд л санд мэнд гарч байсан.

-Та аль сургуулийг төгссөн бэ? Анх яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

-Би КУДС-ийг 2003 онд төгссөн. Бага байхдаа уран уншлагын аварга байлаа. Тэгээд л багш нар маань энэ их сүрхий хүүхэд юм. Жүжигчин болвол яасан юм бэ гээд л их хэлдэг байсан. Тэгээд  нээрээ жүжигчин болчихдог ч юм уу гэсэн бодол тэр үед л төрж байсан. Би бага байхдаа Партизаны сангийн аж ахуйд өссөн л дөө. Тэр үед тэндэхийн хүмүүс намайг бас л их өхөөрддөг байсан юм. Авьяастай хүү жүжигчин болох байх гээд л .Энэ  л хөгшдийн маань урам зориг  жүжигчний ангид орох урам эхлэлийг  өгсөн дөө.

-Тэгвэл авьяастай хүү гэж их магтуулдаг байжээ. Таны бага нас аль нутагт өнгөрсөн бэ? Хүүхэд насныхаа нандин дурсамжыг бидэнтэй хуваалцаач.

-Би Говь-Алтай аймагт төрсөн. Тэнд зургаадугаар анги хүртлээ байсан. Харин тэрнээс хойш аравдугаар ангиа төгстөл Партизаны сангийн аж ахуйд өссөн. Одоо ч гэсэн үргэлж очиж Партизаныхантайгаа холбоотой байдаг юм. Ер нь өөрийгөө Партизаных гэж овоглох дуртай. (Инээв)

-Айлын хэд дэхь хүүхэд вэ?

-Би айлын отгон хүүхэд. Эрхлэх үедээ эрхлэж загнуулах үедээ загнуулж л өслөө. Ер нь уйлж байж хүн. Майлж байж мал болдог гэдэг шүү дээ. Миний хувьд ээжтэйгээ хоёулхнаа байдаг байлаа. Учир нь би ээжийгээ 40 настай байхад нь төрсөн юм. Тийм ч учраас ах, эгч хоёр маань тусдаа гарчихсан  байсан.

-Ээжтэйгээ хоёулхнаа өссөн эрэгтэй хүүхэд гэрийн ажилд эмэгтэй хүнээс дутахааргүй болчихдог. Таны хувьд ямархуу хүүхэд байв.


-Тийм шүү. Би гэрийн бүх ажлыг эмэгтэй хүнээс дутахааргүй хийж чадна. Хоол хийнэ, гэр цэвэрлэнэ, хувцас угаана гээд л эмэгтэй хүний хийж чадах бүх л ажлыг хийнэ. Мөн эрэгтэй хүний ажлыг ч бүгдийг нь хийдэг ээждээ их тустай  хүүхэд байсан.

-Жүжигчин Баатархүү ахыг архичин хүний дүрийг мундаг сайн бүтээдэг гэдэг. Тэгвэл таньд хамгийн зохидог дүр ямар дүр байдаг вэ?


-Би  бас архичны дүрийг  сайн гаргадаг гэж боддог. Бас эмээгийн дүр надад их зохидог юм. Нэг өдөр эмээ болсон номерыг маань манай ах, эгч хоёр үзсэн. Тэгсэн "Чи ээжтэй ямар адилхан юм бэ гараад л ирсэн чинь алхаа, гишгээнээс  эхлээд яг л ээж  харагдлаа гээд эгч минь уйлж байсан. Ер нь эмээгийн дүрийг авахад хамгийн ойр санагдаж байгаа хүн нь миний ээж болохоор  ээж шигээ л  эмээ болохыг л хичээдэг дээ.


-Тэгвэл бүтээхэд маш хэцүү дүр нь ямар дүр байдаг вэ?

-Залуу эмэгтэй  эсвэл охины  дүрийг бүтээх л хэцүү байдаг даа. Биеийн харьцаанаас эхлээд л тоглож байгаа  надад эвгүй байдаг. Харин хамт тоглож байгаа хэд маань зүгээр л байна шүү дээ гэдэг. Ер нь ямар ч эрэгтэй жүжигчин эмэгтэй болоход хэцүү. Бас эмэгтэй жүжигчин ч ялгаа байхгүй эрэгтэй болоход хэцүү. Учир нь эрэгтэй хүн бол өвөөгийн дүрийг сайн гаргаж чаддаг. Бас эмэгтэй хүн ч эмээгийн дүрийг сайн гаргаж чаддаг.

-Ээж тань хүүгээрээ их бахархдаг байсан байх даа. Таны уран бүтээлийг үзэж байсан биз дээ.


-Ээж минь миний хамгийн анхны "Монголын нууц” жүжгийг минь үзээд үнэхээр их баярлаж байсан. Анх намайг жүжигчин болно гэж байхад "миний хүү хэрэггүй яах юм. Тэр хүмүүс чинь  өндөр нуруутай,царай зүс сайтай тийм л хүмүүс  жүжигчин болдог юм. Миний хүү ийм жижигхэн, үрчийчихээд  малаа л сайн хар” гэдэг байсан. Би тэгэхээр нь "та  хүүгээ ингэж хэлээд байхдаа яахав дээ.Би шарандаа жүжигчин болно доо” гэдэг жүжигчин болсон доо. Тухайн үед ээж маань настай байсан болохоор намайг гаргахгүй авахуулна гэж бодож байсан гэсэн. Би одоо 40 настай. Энэ хүүхдийн сайн сайхан явахыг би хэзээ харна гэж гаргах юм гэж боддог байсан гэтэл ийм мундаг хүүгийнхээ сайн сайхныг ээж нь харлаа гээд л баярлаад  уйлаад байсан.

-Баярмагнай, Эрдэнэзаан, Мөнхсайхан ах нарыг хараад байхад тоглолтон дээр ч гэсэн гаргаж байгаа дүрээ өөрсдийн хэв маягтаа оруулж чаддаг юм шиг санагддаг.

-Тийм шүү. Манай МС ах бол их сахилгагүй хүн шүү дээ. Энд ч очиж дэггүйтээд л тэнд ч очиж дэггүйтээд л ... Харин Баярмагнай ахын хувьд тоглолтыг илүү хошин, инээдтэй  тал руу нь эргүүлж чаддаг. Заанаа ах болохоор Магнай ах МС ах хоёр шиг биш. Яг тэр хоёрын дундах хүн гэж боддог. Намбайж сууж байгаад л юмыг их ухаж бодож байж ингэж хийвэл зүгээр юм байна гэдэг. Манай хамтлагийг тулга гэж бодвол гурван ах маань тулгын гурван чулуу  нь юм шиг санагддаг.

-Магнай ахыг гудамжаар явж байхыг нь харахад л инээд хүрээд байдаг гэж хүмүүс ярьдаг. Харин надад  их ууртай хүн  шиг санагдсан.

-Ууртай хүн биш. Гэхдээ хүн янз, янзын сэтгэл хөдлөлөөс болоод уурлаж бухимдах, баярлаж гомдох юм гаралгүй л яахав. Мэдээж хүн гэдэг амьтан чинь сэтгэл зүрхтэй л юм чинь хүнээс гардаг бүх л зан чанарыг гаргана шүү дээ. Магнай ахын хувьд ерөнхий хүн нь их тайван хүн. Гэхдээ жаахан эмзэг талдаа л даа. Тоглолтон дээр нэг юман дээр алдаа гаргачихвал тэр өдөртөө л шаналаад уруулаа унжуулаад суучихдаг юм.


-Өмнөх сонгуулиар танай хамтлаг Элбэгдоржийг дэмжиж байсан шиг санагдаж байна. Тухайн үед үнэхээр танай продакшны сонголт байсан уу? Аль эсвэл сонгуулийн сурталчилгаа байв уу?

-Яг албан ёсоор сонгуулийн сурталчилгаанд манай хамтлаг явж байгаагүй. Харин тухайн нэр дэвшигчийн  ямар нэгэн үйл ажиллагааг хөтөлж явуулах зүйл бол  байсан. Миний хувьд 10 жилд байхад ардчилал гэж гарч ирсэн. Тэр  үеэс л ардчилалыг дэмжиж ирсэн.

-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөр тийшээ хандуулъя гэж бодож байна. Дээгий ах гэр бүл болоод хэдэн жил болж байна вэ?

-Гэр бүл болоод 8 жил болж байна. Миний хань сэтгүүлч мэргэжилтэй эмэгтэй бий. Бид хоёр хоёр хөөрхөн охинтой.

-Анх хэрхэн танилцаж байсан бэ? Сэтгүүлч бүсгүй гэхээр ярилцлага авах гэж гэж байгаад ч юм уу найрагдчихжээ гэж бодогдож байна.

-Үгүй үгүй. Манай продакшны Жавхлангийн найз нь байгаа юм. Анх Жавхаагийн найзууд ирж байна гээд л байсан. Тэгсэн нэг тарган шар хүүхэн яваад л байдаг байлаа. Тэгээд л танилцаад л сүүлдээ ярьдаг болоод, уулздаг болоод ингээд л амьдралаа холбосон доо. Заяаны хань зам дээр гэдэг шиг л суух хүмүүс цаанаасаа их хурдан бие биенээ ойлгодог юм билээ.

-Тэгвэл Жавхаа эгч л найзыгаа найраад өгчихжээ?

-За бараг л тэгсэн дээ. (Инээв)

-Гэр бүлийн тань хүн одоогоор мэргэжлээрээ ажилдаг уу?

-Одоо мэргэжлээрээ ажиллахгүй байгаа. Амьдралын шаардлагаар өөр юм хийж байна.

-Хувийн бизнес үү?

-Тийм. Гэхдээ юу хийдгээ нууцалсан нь дээр байх тээ.

-Бололгүй яахав. Тэгвэл Дээгий ах жүжигчний мэргэжлээсээ гадна юу хийж байна

-Өө юм хийхгүй шүү дээ. Өглөө бэлтгэл өдөр бэлтгэл орой тоглолт. Харин завсар зайгаар нь ганц нэгэн радиод реклам уншина. Тэгээд л шөнө гэртээ харьдаг шүү дээ. Жилд 365 хоног байдаг бол бид бүхэн 360 хоногт нь ажил дээрээ 5 хоногт нь л гэртээ байдаг юм байна лээ. (Инээв)

-Тэгвэл ийм их ажлын хажуугаар охидууддаа зав гаргаж чадаж байна уу?

-Бараг л чадахгүй дээ. Миний бага охин бол аавын охин шүү дээ. Би аавтайгаа л унтана гээд аавыгаа иртэл  унтаагүй хүлээж байдаг юм. Ямар сайндаа ээж нь энэ хүүхдэд миний мээм л хэрэгтэй өөр юм хэрэггүй  гэж гомдоллодог  шүү. Миний хувьд охидууддаа цаг зав гаргаж чаддаггүй болохоор тийм сайн аав гэж хэлэхэд хэцүү л дээ.

-Таныг жүжигчин болоогүй байсан бол  жолооч болох байсан гэж сонсож байсан. Үнэн үү?


-Тийм ээ. Тухайн үед жолооч чинь одоогийнх шиг хэрэглээ болоогүй мэргэжил байлаа шүү дээ. Хэрвээ жүжигчин болоогүй бол Партизаныхаа сангийн аж ахуйд трактор бариад л хадлан хадаад л  хөдөөний залуу л байж байх байсан даа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>