220 мянган янданг ЭРҮҮЛЖҮҮЛЭХ шахмал түлшний ГЭРЭЭ хийгдээгүй байна

770

220 мянган янданг ЭРҮҮЛЖҮҮЛЭХ шахмал түлшний ГЭРЭЭ хийгдээгүй байна

 

Нүүрс манай улсын тухайд   төсвийн орлогыг бүрдүүлэгч гол ашигт малтмалаас гадна эрчим хүч, дулааны үндсэн түүхий эд. Мөн нийслэлийн агаарын бохирдлын  80 хувийг "үйлдвэрлэдэг” гол эх үүсвэр. Тиймээс ч нүүрсний салбарынхан болоод төрийн байгууллагын нөхдүүд цугласан "Coal Mongolia - 2018” чуулганаар "Нүүрсний боловсруулалтын технологи ба агаарын бохирдол” сэдвээр ярилцлаа.

Нийслэлийн гэр хороололд 10 дугаар сараас эхлээд урин дулаан цаг иртэл 220 мянган өрх буюу яндангаас утаа гардаг. Нийтдээ 3100 жижиг оврын уурын зуух  бий. Засгийн газрын тэргүүн 21 мянган айлыг нүүрс түлэхгүй,  эрчим хүчинд холбож, 131 уурын зуухыг татан буулгаж хотын утааг багасгана гэж хэлж байсан ч, ярьсны зоргоор маргааш гэхэд бүтэхгүй. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил. Тэрчлэн 2019 оны 5 дугаар сар гэхэд түүхий нүүрсний хэрэглээг нийслэлд хориглохоор болж,  сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжиж ажиллана гэж Засгийн газраас мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдрийн тухайд шахмал түлш худалдах, худалдан авах гэрээ Засгийн газар болон компаниудын хооронд хийгдээгүй байна. Шахмал түлш үйлдвэрлэгчид өмнө нь засагт хулхидуулж байсан гашуун туршлага бий тул, гэрээ хэлцэл хийгээгүй байхад яаран хөдлөхийг урьтал болгохгүй байна гэх байр суурь ч сонсогдож байлаа.

Улаанбаатар  хотын гэр  хорооллын оршин суугчид жилд 1.1 сая тонн нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоолол бий. Харин  "Монгол шахмал түлш нэгдэл”-д  гишүүнээр элссэн  12  аж ахуй нэгж жилдээ  300 мянган тонн  сайжруулсан түлш,  Дулааны II цахилгаан станцын дэргэдэх сайжруулсан шахмал түлшний үйлдвэр  200 мянган тонн, нийтдээ 500 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх урьдчилсан тооцооллын яригдаж байсан. Хэрэв энэ хүчин чадлаар шахмал түлш үйлдвэрлэгдвэл нийслэлчүүдийн хэрэглээг хангахад ойртоно. Учир нь нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглээг шахмал түлшээр орлуулж тооцвол 600-800 мянган тонн шахмал түлш шаардлагатай гэж байгаа юм.  

Шахмал түлш үйлдвэрлэгчид тонн түлшнийхээ үнийг 150-170 мянган төгрөг байна гэж буй. Тэгвэл Засгийн газраас тэдний үйлдвэрлэсэн түлшний тонн тутамд 50 мянган төгрөгийн татаас өгөхөөр яригдаж байгаа юм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн талууд албан ёсоор байгуулчихсан гэрээ одоогоор алга.

Тэгэхээр нүүрсний салбар олборлолтоос баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн технологийн сорилттой тулгарч буйтай зэрэгцэн дотоодод нүүрсээ хэрхэн яаж эрүүлээр ашиглах вэ гэдэг асуудал дутахгүй чухалд тооцогдож байна.

Тодотгоход, манай улс өнгөрсөн онд өмнөд хөршийн коксжих нүүрсний импортын 38 хувийг нийлүүлсэн нь дэлхийн нүүрсний зах зээлийн том тоглогч Австралитай зуузай холбох дөхсөн таатай үзүүлэлт юм. Тэгэхдээ дэд бүтцийн сул тал, тээвэрлэлтийн өндөр зардал, хилийн нэвтрүүлэх чадвар зэрэг нь амжилтыг ухраах эрсдэлтэй. Хятадын нүүрсний салбарынхан  бол коксжих нүүрсний эрэлтээ ойрын хэдэн жилдээ тогтвортой хадгалагдана гэсэн төлвийг дуулгаж буй.

 Гэхдээ зах зээлд эрсдэл үргэлж байдаг. Хятад улс агаарын бохирдлын асуудлыг эхэнд эрэмбэлэн, нүүрсний чанарыг чухалд тавьж буйтай зэрэгцэн манайх хүлээн зөвшөөрөгдсөн технологиор нүүрсээ боловсруулж, баяжуулах нь чухал байгаа юм. "Тавантолгой” ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулах үүргийг хүлээсэн "Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд  2018 оны эхний хагаст 953 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, жилийн төлөвлөгөөнийхөө 78 хувийг хагас жилд гүйцэтгэсэн амжилттай яваа. Цаашлаад компани ашигтай ажиллаад байвал, орлогоосоо дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэдгээ Б.Ганхуяг захирал хэлсэн. Тодруулбал, Гашуунсухайт, Тавантолгой Ханги-Мандалын төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг санхүүжүүлнэ гэж байна.

 

Э.Болорхажид 

 

WWW.ZINDAA.MN

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>