Аюул үзэгдэл ослын 101 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Нийслэлийн удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож ойрын өдрүүдийн цаг агаарын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод өдөртөө +15, +17 хэм, шөнөдөө +3, +6 хэм дулаан, бага зэргийн бороотой, салхины хурд 5-10 м/с байх төлөвтэй байна. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 101 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 82, эрэн хайх, аврах ажиллагааны 19 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймэр, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагаанаас нийт 103 иргэн, 220 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан.
Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай "Газрын тос олборлодог, хадгалдаг, борлуулдаг байгууллага”-уудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгууллаа.
Шалгалтаар есөн дүүргийн нийт 106 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартыг зөрчсөн 708 зөрчлийг илрүүлж, 140 зөрчлийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 89, мэдэгдэл 9-ийг тус тус хүргүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна” хэмээлээ.