Хүүхэд настай минь хамт “мөнхөрсөн” спортын одууд

1127

(Цуврал -№2)

Хүүхэд ахуй насныхаа гэгээн цайлган, цагаахан он жилүүдээ гэгэлзэн санах бүрийд л заавал ой тоонд орж, бодогдож байдаг спортын одуудын тухай дурсамжаа хоккейн "мөсөн талбайд” үргэлжлүүлье. 

Цас будран орсон өвлийн үдэш хөлөндөө норвеги, канад, "фигур”, бүүр эсгий гутланд бэхэлдэг энгийн тэшүүр "жийн” хацар, чихээ хайран байж, хөлний хуруугаа осгоон байж, сандлын махир аравчаар хийж, "Восток”-ын хугархай ишэнд залгасан цохиуртай, эсвэл "малыш” гээд хүүхдийн цохиур бариад  "нэгийн бөмбөг”, "молоко”-ны лаазыг шамгийлган байж урласан шайбаар хоккей тоглож үзээгүй хүүхэд бидний үеийнхэнд ховор.

Тиймдээ ч хоккейтой "танилцсан түүх” нилээд эртнийх байх. "Орбита”-аар  ЗХУ-ын хоккейн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж , Харламов-Михайлов-Петровын гурвал, алдарт хаалгач Третьяк , Александр Якушев гээд "эчнээ” танилуудтай болоод байсан нь 1970-аад оны үе байх. Канадын Бобби Халл, Бобби Орр , Горди Хоу гээд мундагууд байдаг гэж бүдэг бадаг л сонссоноос цаашгүй. Инээдтэй нь ижил нэртэй болохоор Халл, Орр хоёрыг "ах дүү” гээд нэг нь мэдэмхийрч, тэрэнд нь бас нэг хэсэгтээ л үнэмшиж явсан ч байх шиг. "Эр, эм хоёроо ч нэг юм ялгаад байгаа юм аа” гэдэг шиг харин Тони болон Фил Эспозитог бол ах дүү гээд мэддэг байж.

За тэгээд хүүхэд насаа ярихаар хөлбөмбөг, хоккей санаанд буудаг шиг хоккей ярихаар бас яалт ч үгүй л Шинэ жил бас бодогдох. Шинэ жилийн уур амьсгалыг хоккей л эхэлж оруулдаг . Хамгийн гоё, хамгийн дуртай баяр хоккейтэй яагаад холбогддог гэж үү?

Тэр үед жил  бүрийн 12 дугаар сарын дундуур Москва хотноо "Известия” сонины нэрэмжит олон улсын хоккейн тэмцээн  болдог, тэр нь ТВ-ээр бүх тоглолт нь гардаг, ЗХУ, Чехословак, Швед, Финланд, Герман,  хамгийн гол нь Канадын баг ирдэг, "Бага дэлхийн аварга” гэгддэг , маш гоё тэмцээн болдог байлаа. 

Энэ тэмцээнд зориулсан "Футбол и хоккей” сонины дугаар "өнгөтөөр” гарна. Цасан ширхэг, цасан хүн, сонины толгой зэрэг нь л цэнхэр  өнгөтэй, бусад нь бүгд л хар, цагаан байдаг ч бидэндээ л "өнгөт” байсан юм даг. "Приз Известий” эхэлнэ гэдэг Шинэ жил хаяанд ирснийг, "пионер, сурагчдын” өвлийн амралт ойртож буйг "зарладаг” байсан болохоор бүүр гоё оо.

Тэмцээний бэлгэдэл "Снеговик” буюу хоккейн дуулга өмсөж, цохиур мод барьсан цасан хүн бол миний л хувьд "Олимпийн Миша”-тай л эн зэрэгцэх , спортын түүхэн дэх хамгийн өхөөрдөм, хамгийн хөөрхөн бэлгэдэл сахиусын нэг мөнөөс мөн. Бас түрүүлсэн багт нь өгдөг томоо гэгч "Самовар” хамгийн өвөрмөц, онцгой содон, дахин давтагдашгүй цом байж дээ.

Энэхүү тэмцээнийг үзэж байж л өнөөх Германы "Өндөр Гонгор” Эрик Кюнхагль гэдэг хоккейчний "зүсийг” анх харж байж. 14 дугаартай , эв хавгүй ч гэмээр тахийсан өндөр нөхөр бас багтаа бол од нь л байлаа даа. 

Мэдээж хоккейн томчуудыг надаар хэлүүлэлтгүй хоккей сонирхогчид,  спортын хорхойтнууд тод санаж буй болохоор хүмүүсийн санаанд тэр болгон ордоггүй ч , эргээд дурсахад зураг шиг дүр нь буух тамирчдыг өгүүлж буйг дахин сануулах юун.

За Финланд, өөрсдийнх нь хэлээр бол Суоми. Эхлээд л хамгийн гоё, дэгжин хээнцэр, ганган өмсгөл, чамин хийцийн дуулга нь санаанд буух. Тоглогчдоос бол хаалгач Антеро Кивеля гээд нэг их гоё багтай , тэр үед багтай хаалгач бараг хардаггүй байсан болохоор их содон. Бас Юкка Порвари гээд ширвээ сахалтай ,25 дугаартай мундаг довтлогч,  хамгаалагч Рейхо Роутсалайнен нар одоо ч сэтгэлд минь тэр л үеийн дүр төрхөөрөө шууд л буух.

Шведийн баг бас л "гангаан”. Хувцасаараа ч, тоглолтоороо ч. Ах маань фэн нь байсан болохоор тэр үеийн "Тре крунур” , гурван титэмт, цагаан баавгайтнуудын багийн ахлагч Матс Валтин гээд бавайсан хууз сахалтай, баавартай нөхрийг хамгийн сайн "таньдаг” байлаа. Аль дээр НХЛ-д тоглох болсон Андерс Хедберг, Берьё Сальминг, Дан Лабраатен нарыг сайн мэдэх ч тоглолтыг нв бараг үзэж байсангүй. Харин цав цагаан багтай хаалгач Пелли Линдберг, жирвээ сахалт хаалгач Петер Линдмарк, шавилхан биетэй ч , уран гоё тоглолттой Матс Нэслунд, адтай, гоолын одтой Хокан Лооб, Эрикссон-"ууд”,  Бенгт Оке Густафссон  нарыг бол олимп, дэлхийн аварга, "Известия”-ийн "мөсөн” дээр мөн ч олон харсандаа.

Эднээс зориуд тодоор дурсах тоглогч бол хаалгач Пелли Линдберг. Үргэлж л цав цагаан багтай (маск)-тай хаалганд зогсох энэ залуу ид гялалзаж байсан, ид залуухан 26-хан настайдаа авто ослоор харамсалтайгаар хоккейг, хорвоог орхисон юм. НХЛ-д очоод хоёр дахь жилдээ л "Бүх  оддын” тоглолтод оролцож, 1985 онд хоёр дахиа оролцож, 1986 оны "Бүх оддын” тоглолтын санал хураалтыг тэргүүлж яваад хорвоогийн мөнх бусыг үзсэн цуутай хаалгачийг НХЛ-ын 1986 оны "Бүх оддын” тоглолтод нэхэн сонгосон нь  Хойд Америкийн спортын түүхэнд анхных болон мөнхөрсөн билээ.

Манай спорт, тэр тусмаа хоккейн хорхойтнууд бол ЗХУ, Чехсловакийн тоглогчдыг хамгийн сайн мэднэ. Олимп, дэлхийн аварга, бусад тэмцээнээр ихэнхдээ л энэ хоёр баг аваргын төлөө үлддэг байсан болохоор тэр. Глинка, Новы, Новак, Мартинец, ах дүү Штясны, Дворжак , Ружичка, Руснак, Поузар, Хрдина гээд л бараг л он, оны баг, багаар нь хэлэхээр. Дээхэн үеийн Холечек, Поспишил, сүүлд тодорсон Хашек нарыг бол бүгд л мэдэх байх.

За ЗХУ-ын тухай бол манайхан бүүр уншина. Ялангуяа үе үеийн "первая тройка”, "пятёрка”-г. Гэхдээ л тэдний сүүдэрт дарагдаагүй , сэтгэлд тодхон олон хоккейчин бий. "Динамо” Рига гээд багаас цор ганцаараа л шигшээд ирэх ширвээ сахалт Хельмут Балдерис  баруун захаар бол баараггүй л ороод ирдэгсэн. Домогт Третьякийн хаалганд нэг тоглолтод дөрвөн шайб оруулсан цорын ганц хоккейчин гэдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй л болов уу. Бас Чапаев шиг сахалтай, трактор шиг биетэй Виктор Жлуктов байна. 

 Третьяк гэснээс энэ агуу хаалгачийн сэлгээнд  Владимир Мышкин мөн ч  олон жил суусан даа.  Яагаав 1980 оны Лэйк Плэсидийн олимпод АНУ-д хожигдоход  Третьякийг сэлгэн сүүлийн хоёр үед хаалгаа манаад балраагүй юу. Ингэхэд Ирек Гимаев харваас хав хар үстэй, "хар хархан харцтай” манай "талын” л хүн байлаа, тэр үеийн "Улаан машинууд” дунд. Башкир ч билүү, бага ч билүү гаралтай гэлцдэг, сайн ярьвал "садан” болж мэдэхээр ганц хоккейч байж.  Бас Геннадий Цыганков гээд цыган ч ют уу эсвэл зүгээр л тийм нэртэй ч юм уу нэг нөхрийг санаж байна. 

АНУ-ын багийг дэлхийн аваргаар, олимпоор хардаг ч "танил тал” муу байлаа. Харин 1980 оны Олимпоор "Мөсөн дээрх гайхамшиг”-ийг бүтээснээр Жим Крэйг, Майк Эризон, Марк Жонсон нарыг шүтэн биширдэг тоглогчдынхоо тоонд баттай оруулсан юм. Мөн энэ багийн дасгалжуулагч Херб Брукстай хожим 2002 оны Солт Лэйкийн олимпийн тосгонд таарч, хэдэн хором ярилцаж, хамтддаа "патиараа” татуулж  байсныг энэ мөчид дурсахгүй байж чадахгүй нь.

Эцэст нь Канадын тухай. Өрөөлийн багийг эхэлж ярьж байгаад "өөрийн” багаа эцэст өгүүлэх нь ёс зүйд нийцэх болов уу. Хүүхэд наснаасаа балиашигласан болохоор Канадын хоккейн тухай хичнээн ч ихийг өгүүлж болох. Шүтээн болсон Уэйн Гретцкиг анх гарч ирэхтэй л "Агч навч”-нйхантай орооцолдсон. "Аугаа нэг”-ийг, "Мөнхийн 99”-ийг мэдэхгүй хүн өдрийн од шиг тул дурьдаад л орхиё.  Дэлхийн аваргаар НХЛ-ийн плэй-офф давхацдаг болохоор шилдэг багийн шилдэг тоглогчид Канадын шигшээп ирэхгүй. Голдуу л Марсель Дионн, Ги Лефлер нарын дундаж одууд ирнэ. Өнөөх Майк Босси, Дэнис Потвин, Лэрри Робинсон , Рэй Бурк, Пол Коффи нарыг хааяа нэг харна, "Канадын цом”-оор бол бүгдийг нь нэг доор хардаг байж.  

Ийм л олон сайхан хоккейчид, хүүхэд настай минь, Шинэ жилтэй , шинэхэн цастай , мөстэйгээ, цан хүүрэгтэй  цуг үлдэж дээ.

"Таван цагариг” сонины АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
>
>