Ч.Номин: “Авьяаслаг Монголчууд” шоуг зохион байгуулж байгаа хамгийн том шалтгаан бол эв нэгдэл Хүмүүс 13-09-2018, 09:59 672 Хуваалцах "Монгол” телевизийн гүйцэтгэх захирал, "Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн ерөнхий продюсер Ч. Номинтой ярилцлаа. -ШОУНЫ НЭЭЛТТЭЙ ШАЛГАРУУЛАЛТАД 3500 ХҮН ОРОЛЦСОН- -Дэлхийд алдартай шоуг гурав дахь жилдээ эх орондоо зохиол байгуулах гэж байна. Шоуны гол зорилгыг эргэн нэг сануулаад, яриагаа эхлэх үү? -"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн гол зорилго, хамгийн том шалтгаан бол эв нэгдэл юм. Гэр бүлээрээ, улс даяараа дэлгэцийнхээ өмнө нэг цагт нэгдэн сууж, нийгмийн бухимдал болоод өдөр тутамд тохиолдсон аливаа асуудлыг хэсэг хугацаанд ч гэсэн мартаж, баяр хөөр, аз жаргалтайгаар нэгэн үдшийг өнгөрүүлэхэд энэ нэвтрүүлгийн гол зорилго оршиж байгаа юм. -Энэ удаагийн шоу өмнөх шоунуудаас юугаараа ялгаатай вэ? -Энэ удаагийнх гэхээсээ илүү бид хийж буй шоу, нэвтрүүлэг тус бүрийг өөрийн гэсэн онцлог, мөн чанар, утга агуулгатай байлгахыг хүсдэг. "Авьяаслаг Монголчууд” шоу Монголын өнцөг булан бүрт суугаа бүхий л хүнийг хамарч чаддаг, ард түмэнд зориулагдсан учраас нэвтрүүлгийн улирал, дугаар бүр хоорондоо ялгаатай, өөрийн гэсэн өнгө аястай байдаг. Тус шоу нь өөрөө гэр бүлийн шоу нэвтрүүлэг учраас эндээс хүмүүс хайрыг, хүсэл тэмүүллийг, ухаарал, уучлал, баяр хөөр, аз жаргалыг мэдрээсэй гэж хүсч хийдэг. -Эхний шатны шалгаруулалтад хичнээн хүн оролцсон бэ? Энэ жил хэр өргөн цар хүрээ хамарч байна вэ? -Энэ жил нээлттэй шалгаруулалтад бүртгүүлж, оролцсон оролцогчдын тоо 3500 гаруй байсан. Өмнөх хоёр жилтэй харьцуулахад их тоо л доо. Магадгүй бид нэг жил өнжсөн болоод ч тэр үү, авьяастнуудын маань оролцохыг хүссэн хүлээлт "Авьяаслаг Монголчууд” шоуг зохион байгуулагдахыг хүссэн тэмүүлэл өндөр байсан байх гэж таамаглаж байна. -Есдүгээр сарын 16-нд эхлээд хэдий хугацаанд үргэлжлэх вэ. Энэ шатанд хичнээн хүн өрсөлдөх вэ? -"Авьяаслаг Монголчууд” шоу нийт дөрвөн шатаас бүрддэг гэдгийг үзэгчид сайн мэдэж байгаа байх. Шүүгчийн шатны шалгаруулалт, шүүгчийн сонгох шатны шалгаруулалт, хагас шигшээ, финал гэсэн дөрвөн үе шаттай. Монгол Улсын өнцөг булан бүрээс нийтдээ 3500 гаруй оролцогч нээлттэй шатанд бүртгүүлж оролцсоноос шүүгчийн шатанд бид 250 гаруй оролцогчийн үзүүлбэрийг тайзнаа гаргадаг. Харин одоо "Авьяаслаг Монголчууд” шоуны маань шүүгчийн шатны шалгаруулалт энэ сарын 16-аас эхлэн үзэгчдийн хүртээл болох гэж байна. Шоу нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа мэдээж өмнөх хоёр улиралтай адилхан энэ жилийг буюу 2018 оныг дуустал үзэгч олныг цэнхэр дэлгэцийнх нь өмнө халуун ам бүлээр нь цуглуулна даа. -ШҮҮГЧДЭЭ СОЛИХ НЬ ИЙМ ТӨРЛИЙН ШОУНД БАЙДАГ Л ЗҮЙЛ- -Шүүгчдийн ихэнх нь солигдсон байна. Шүүгчдээ хэрхэн сонгон шалгаруулсан бэ? -Бид шүүгчдээ сонгохдоо хийсэн бүтээсэн зүйлтэй, ид хөдөлмөрлөж яваа урлаг энтертайнментийн салбарын сайн, мууг мэддэг, олны танил хүмүүсийг сонгодог. Энэ удаад мөн л энэ шалгуурынхаа дагуу сонгосон. -Rokitbay шүүгчээс бусад шүүгчдийг яагаад солих болсон юм бэ? -Манай шоуны өмнөх шүүгчид маш сайн байсан, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн олны танил хүмүүс. Шүүгчдээ солих нь ийм төрлийн шоунд байдаг л зүйл. Олон улсад ч мөн түгээмэл. Шалтгаан нь гэвэл үзэгчдийн хүлээлт хэвшмэл болсон байдаг. Үүнийг эвдэх нь шинэ хүлээлт үүсгэдэг, улмаар нэвтрүүлгийг тойрсон үзэгчдийн сэтгэгдэл улам баяждаг. Үзэгчид оролцогчийн авьяасыг дүгнэхээс гадна шинэ шүүгчдийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх нь нэвтрүүлгийн бас нэгэн элемент юм. -Шоуны зохион байгуулалтын үеэр явцын дунд зохион байгуулагчдыг сандаргасан хүнд хэцүү бэрхшээл тулгарч байв уу? -Жижиг сажиг бэрхшээл бол байдаг. Гэхдээ энэ нэвтрүүлэг ард түмний хайртай нэвтрүүлэг болсон тул уулзаж учирсан хүн бүхэн аль болох тусалж дэмжихийг хичээдэг. Энэ нь ч бидэнд их урам зориг өгч, улам хичээх хэрэгтэйг сануулж байдаг. -Энэ удаагийн шагналын сан өмнөх дугаартай адилхан байх уу? -Шагналын сан буураагүй. Өмнөх дугааруудынхтай ижил байх буюу 100 сая төгрөгийн эзэн, мөн ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний хэмжээний уран бүтээлч болно. Өөрөөр хэлбэл тэр хүний амьдрал эрс өөрчлөгдөх алтан боломж байх юм. -КОНТЕНТЫН САЛБАР СӨХӨРЧ, ҮЗЭГЧИД ХОХИРЧ БАЙНА- -Ялагчдаа мөнгөн шагналаас гадна өөр ямар боломж олгож, цаашид хэрхэн дэмжих вэ? -Мөнгөн шагнал болон үндэсний хэмжээний нэр хүнд гэдэг бол хүссэн хүн бүрт олддог зүйл биш юм. Ухаантай хүн бол энэ боломжоо ашиглан, улам ихийг хийж бүтээх боломж бүрэн нээлттэй байна. -Завгүй амьдралын хэмнэлд байдаг хүмүүст зориулаад "Univision” сувгаар ухрааж үзэх боломжийг бүрдүүлсэн үү? -"Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг болон манай телевизийн бусад кино нэвтрүүлгүүд кабелийн үйлчилгээгээр ухрахгүй ч Ori.mn вебсайт болон ухаалаг утасны аппликэйшнээр ухрааж, нөхөж үзэх боломжуудыг бүрэн нээж өгсөн. -Тайзны ард хичнээн хүний баг бүрэлдэхүүнтэ баг ажиллаж байна вэ? -Тайзны ард буюу нэвтрүүлгийн арын албанд 200-250 хүн ажиллахаар төлөвлөж байна. -Монголд дэлхийн хэмжээний шоу тоглолт зохион байгуулж чаддагаа харуулсан. Энэ жил техник технологийн ямар шийдэл ашиглаж шоугаа хүргэх вэ? -Техник технологи гэхээс илүү телевизийн уран бүтээлчдийн ур чадвар улам өссөөр байна. Энэ нь манай телевизэд төдийгүй Монголын телевизийн салбарт оруулж буй томоохон хувь нэмэр гэж итгэж байна. -Томоохон хэмжээний шоу зохион байгуулахад тулгардаг гол бэрхшээл юу байдаг вэ. Ялангуяа оролцогч болон техник технологи талаас хүндрэлтэй зүйл тулгардаг уу? -Хамгийн гол асуудал бол уран бүтээлийн үнэлэмж. Кабелийн компаниуд үзэгчээс авч байгаа төлбөрөө контент бүтээгчидтэй шударгаар хуваахгүй, замаас нь бүгдийг нь шүүрээд байвал Монголын контентын салбар сөхрөх болно. Эхнээсээ сөхөрч ч байна. Үүний улмаас бүх талууд хохирно. Хамгийн их хохирох нь үзэгчид. Иймээс үүнийг өөрчлөх ёстой. П.УРНАА 672 Хуваалцах Facebook Twitter Санал болгох 16-07-2018, 06:55 "Авьяаслаг Монголчууд 2016" шоуны ялагч О.Энх-Эрдэнэ Америкт суралцана… 15-12-2017, 02:59 Б.Шижирбат дөрөвдүгээр байрт шалгарчээ… 19-07-2017, 19:29 Б.Шижирбатын хоёрдугаар шатны үзүүлбэр шүүгч нарт таалагдсангүй… 9-08-2016, 09:48 "Авьяаслаг Монголчууд" шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?… 24-12-2014, 10:43 МҮОНРТ-ийн удирдлагуудыг томиллоо… Сэтгэгдэл АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.